ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг дагалдах 11 журмыг батлууллаа

O.Admin
2023-12-27

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу тал бий болно. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор түншлэлийнгэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчингтодорхой болгох зохицуулалтыг хуульд тусгажээ.

Ингэснээр Монгол Улсын үнэлгээ олон улсад нэмэгдэж, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин сайжирч, ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэнэ. Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн чадамжийг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэх олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан уг шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулахдаа "Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж байна. Тэр хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аас батлуулсан. Шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулж 11 журам батлуулах ёстой. Есөн журмыг нь батлуулсан, сая хоёр журмыг нь батлууллаа. Ингэснээр хувийн хэвшилд маш том боломж, зах зээл гарч ирж байгаа юм" гэлээ.