Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт зочилж, хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгөв.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрыг 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар айлчлахад даага бэлэглэж байсан бөгөөд “Туурайн төвөргөөн” нэртэй хээр азарга одоо Дорнод аймгийн Булган суманд, ижил сүрэгтээ байдаг юм.