ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АНУ-ын тусламж болох 2.3 тэрбумыг 2700 малчин айлд өгнө

O.Admin
2024-03-05

АНУ-ын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдэж, 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган мэдээллээ.

АНУ-аас олгож буй энэ тусламжийг Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүргэх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзах үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан бөгөөд улмаар стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа талууд илэрхийлжээ.

Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтсон хэмээн ГХЯ-наас мэдээллээ.