ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Одонтуяа: Хэлмэгдэгсдийг цагаатгах эрх хуулиар хугацаагүй боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-11

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр нийгмийн хэрэгцээ шаардлага, Үндсэн хуульд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өргөдөл гомдол гаргах эрхийг хамгаалах хүрээнд хуулийг нээлттэй, хугацаагүй болгон баталж байгаа юм. УИХ-ын Дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Дөнгөж сая УИХ-ын чуулганаар улс төрийн хилс хэрэгт холбогдогчдыг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ хуулийг миний бие болон Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтарч өргөн барьсан.

Монгол Улсын Үндсэн хуульд ямар нэг байдлаар алагчлахгүйгээр хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхээ хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” өмнөх хуульд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэж заасан байсан. Харин өнөөдрийн нэмэлт өөрчлөлтөөр хугацаагүй болголоо.

Нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт маш олон жилийн дараа илэрдэг. Тийм учраас хэлмэгдэгсдийн ар гэр хэзээ ч нотлох баримтаа гаргаж ирээд өвөг дээдсийнхээ нэр төрийг сэргээх, цагаатгах боломжтой боллоо. Өнөөдөр энэ баярт мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна” гэлээ.