ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Төрийн эрх мэдэл ард түмний гарт бий, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

O.Admin
2024-06-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Б.Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн байранд дөнгөж сая очиж саналаа өглөө. 

Энэ үеэр тэрбээр  "1992 оноос хойш УИХ-ын сонгууль явагдсан бөгөөд энэ жил ард иргэд маань ес дэх удаагийн сонгуульдаа оролцож байна. Энэ жил мөн анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойгоор УИХ-ын ээлжит сонгууль давхцаж буй онцлогтой жил боллоо. 

Энэ удаагийн сонгууль хэд, хэдэн зүйлээр онцлог. Хуучин бид 76 гишүүн сонгодог байсан бол энэ жил 126 гишүүн сонгож байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсээрээ нэр дэвшиж, сонгогдох боломжийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэлэхийг хүсэж байна. 

Мөн энэ удаагийн сонгууль хамгийн олон нам, эвсэл, бие даагч оролцож буй сонгууль болж байгаа юм. УИХ-аа эмхлэн байгуулах, төр улсаа төвхнөн засах их үйл хэрэгт Монголын ард түмэн бүгдээрээ оролцож, саналаа өгөх ёстой. Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж байна гэсэн үг юм. 

Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тийм учраас ард түмэн өөрсдийн сонгох эрхийг энэ удаа хэрэгжүүлж, төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд нийт ард түмэндээ уриалж байна" гэлээ.