ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Итгэлээ бэхэлж, эвээ зангидан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэцгээе

O.Admin
2024-07-02

126 гишүүнтэй УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдэд хандаж үг хэллээ. 

Тэрбээр "Энэ зуун бол монголчууд бидний хувьд ардчилсан төр улсаа улам хөгжүүлж, их бүтээн байгуулалт, эдийн засгийн аюулгүй байдлаа ханган бэхжүүлэх учиртай. 

Улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн үндэс болсон байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордуудад онцгой анхаарч, хүнс, эрчим хүч, нефть шатахуунаар дотоодын хэрэгцээг хангах, аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

Ялангуяа хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийн цогцолборуудыг ашиглалтад оруулах, дэд бүтэц төмөр зам, транзит тээвэр, хил боомтоо хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслийг шуурхайлан ажиллах хэрэгтэй. 

Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг шинэ УИХ, Засгийн газар бодит ажил хэрэг болгох шаардлагатай. Төрийн тэргүүн ард түмний нэрийн өмнөөс та бүхний үйл ажиллагаанд хяналт тавьж, шахаж шаардаж, бодит үр дүн нэхэж ажиллах болно гэдгээ сануулан хэлмээр байна. 

Нийгэмд шударга ёсыг тогтоох нь УИХ, Засгийн газрын үндсэн чиглэл, ард иргэдийн итгэл найдвар, та бүхний хүлээх үүрэг даалгавар байх учиртай. Төрд зүтгэж буй хэн боловч төгс мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой.  Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой. Ард иргэдийнхээ халуун итгэл, хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал иргэдээс уучлалт гуйж нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой. 

Төрийн сүлд, ард түмэнд өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү.

Иймд энэ удаагийн УИХ ёс зүй сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж сонгогч олныхоо итгэл найдварыг дааж нэр төртэй ажиллахыг төрийн тэргүүн онцгойлон сануулж байна. 

Хууль хяналтын байгууллагын удирдлага ч гэсэн хуульд захирагдан бурууд нүд хурц байж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмтэй нэгэнд ял завшиж болохгүй гэдгийг дахин анхааруулж хэлье. 

Сонгуулийн үе шиг намчирхан талцаж, хий хоосон улс төржихгүйгээр эвийг эрхэмлэн, зөвийг дэмжин эвлэн нийлж, эх орон ард түмнийхээ төлөө итгэл дааж, сэтгэл гаргаж, хичээн зүтгэвэл зохилтой. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улс төржүүлж болохгүй. Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас УИХ-ын гишүүний бие даасан байдал гэж огт байхгүй гэдгийг сайн бодож байх хэрэгтэй. 

Бид нэг Монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хамтдаа зүтгэцгээе.

Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэв.