МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр гурван намын дарга нар дараах байр суурийг илэрхийлэв.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Парламентад үе солигдож чаддаггүй гэдэг шүүмжлэл байсан. Уг нь парламент бол ард түмний төлөөлөл. Энэ агуулгаараа парламентад суудалтай улс төрийн намууд болох АН, ХҮН намтай хамтарч эрх хүйн реформын шинэчлэл хийсэн. Тухайн үед энэ эргэлзээтэй, галтай сэдэв байсан. Одоо иргэд ойлгож байна. Тийм ч учраас 76 гишүүнтэй байсныг 126 болгож хувь тэнцүүлсэн тогтолцоо руу орох өдрөө Монгол Улс эвслийн засгийн газраар цаашаа явах тогтолцоог авсан гэсэн үг. Хувь тэнцүүлж байгаа тохиолдолд санал гээгдэхгүй. Санал гээгдэхгүй байна гэдэг нь нийгэм илүү оролцогч байх боломжийг бүрдүүлж байгаа тогтолцооны реформ руу бид нар хамтдаа орж байна. Үүүнийг судлаачид бүгд мэдэж байгаа.
Нөгөө талаас эрх мэдэл бүхэн бие биенээ хяналттайгаар баланслах ёстой. Жишээлбэл, Германд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нэг намаас байж болдоггүй. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй асуудлууд дээр намууд бие биедээ хяналт тавьж байдаг. Тийм ч учраас энэ бүх зүйлийг сонгодог парламентын дагуу хийхийн тулд энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна. Санамж бичгийн нэр бол "Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хурдтай байцгаая" гэдэг агуулгатай.
Хурдан байна гэдэг нь өнөөдөөр санамж бичигт гарын үсэг зураад, Засгийн газар байгуулагдаад хуулийн дагуу 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. Мөрийн хөтөлбөрийг өмнө нь нэг нам дангаараа оруулж ирдэг байсан бол одоо бүх намуудаас санал авна. Ингэж боловсруулсныхаа дараа хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ дунджаар 250-300 орчим хуудастай байна. Мөн нийгмийн сигмент бүрийн дуу хоолой илүү идэвхжих бодлогыг хэрэгжүүлэхийн тулд энэ алхмыг хийж байгаа. Богино хуганцаанд хийж, хэрэгжүүлж чадна гэж итгэж байна. Юуг хийх үү гэдгээ бид сайн мэдэж байна. Гагцхүү яаж хийх хүү гэдэг аргачлал дээр улс төр тогтож өгдөггүй байсан. Парламентын ардчиллын түүхэнд шинэ гучин жил эхэлж байна. Мөн шинэ хөгжлийн хуудаст шинэ гучин жил эхэлж байна
АН-ын дарга Л.Гантөмөр:
- Манай нам Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө, мөн АН-ын үнэт зүйл, үзэл суртлыг улсынхаа нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн төлөө, монголын төрд ягштал биелүүлэхийн төлөө МАН болон ХҮН-тай хамтарсан засгийн газар байгуулах, санамж бичгийг байгуулж байна. АН бүх шатны байгууллагаараа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг гаргасан. Ийнхүү манай нам дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрийн хүрээнд татварын дарамтыг бууруулах асуудалд гурван нам маань нэгдэн нийллээ. Жижиг бизнесүүдийг дэмжиж, улс төрийн оролцоогүй болгохын тулд ажиллах болно.
Мөн ерөнхий сайдын хэлсэнчлэн томоохон төслүүд амь орох ёстой. Томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын тулд хамгийн түрүүнд сэргээгдэх эрчим хүчнээс эхэлж ажиллана. Бидний хэлж ярьдгаар Эгийн голын усан цахилгаан станц, бүтээн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эхлүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Бас нэгэн маргаан дагуулдаг асуудал бол түүхийн эдийн боловсруулах үйлдвэрийн асуудал. Ялангуяа голчлог зэсийг богино хугацаанд эргэлтэд оруулж, үйлдвэр барих хэрэгтэй. Ингэснээр манай улсын эдийн засаг солонгорно. Ийнхүү улс орондоо хэрэгтэй, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх төсөлт хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаар гурван нам хамтарч байна.
ХҮН-ын дарга Т.Доржханд:
- Яг өнөөдрөөс эхлээд цоо шинэ хандлага, цоо шинэ бүтэц, соёл Монголын улс төрд ялангуяа Засгийн газрын түвшинд орж ирж байна гэж дүгнэж байна. 30 жилийн хугацаанд бид хуваагдсан, талцсан. Хоёр намын системтэй байсан. Нэг нэгэндээ дэгээ тавьдаг байсан. Сайн зүйлийг ч гэсэн харлуулдаг ийм хандлагаар явж ирсэн. Үр дүнд нь бид хөгжлийнхөө бодлогыг алдсан. Мөн дунд урт хугацааны төлөвлөлт хийх боломж байхгүй, богино хугацаандаа төөрсөн ийм улс байсан.
Тэгвэл энэ удаа бид өөрсдийгөө биш, намаа биш Монгол Улсаа нэгт тавьсан шийдвэр гаргаж байгаа. Маш олон иргэд асууж байгаа. АН, ХҮН нам сөрөг хүчнээ хийгээд явбал зүгээр биш үү гэж. Ингэж болно. Гэхдээ цаашид улс маань өмнөх 30 жил шигээ байх юм уу. Аль эсвэл хамтраад улсаа хөгжүүлсэн шинэ 30 жилийг угтах уу гэдэг сонголт дээр байна. ХҮН нам бол Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт гэж үзээд шийдвэрээ гаргаж байгаа. Үр дүнд нь олон жил саатаад байгаа реформуудыг гал барих шаардлагатай бол ХҮН нам гал барья, дэмжлэг үзүүлье гэж байгаа.