ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулахыг үүрэг болгожээ

O.Admin
2024-07-17

Шинэ бүрдсэн хамтарсан Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийлээ.  Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж, гэрээн дээр үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-аар батлуулж тогтоол гаргуулснаар цаашид сайн жишиг Монгол Улсад үлдэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах вэ, мөн энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар шаардлагатай тодотгол хийх вэ гэдэг чиглэлээр УИХ-д төсвийн тодотголыг өргөн барихаар ажиллаж байна.

Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг халж, сэлгэх бус тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор хангуулахад илүү анхаарах ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн.

Хэдийгээр яамдуудын бүтэц, нэр өөрчлөгдсөн ч төрд тангараг өргөсөн алба хаагчид тогтвортой ажлаа хийх бололцоо байгаа. Тиймээс үүнд ямар нэгэн улс төржилт байхгүйгээр ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн бид Засгийн газрын эхний 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Тэгэхээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цомхон чадварлаг, ухаалаг төрийг бий болгох, аливаа шийдвэр их өгөгдөлд суурилах, хүнээс хамааралгүй шийдлээр асуудлуудыг шийдвэрлэх, төр иргэндээ очиж үйлчлэх, цаасгүй шилэн ил тод, нээлттэй төрийг бий болгох чиглэлээр зорилтууд тусгагдсантай холбоотой хот төлөвлөлт хийх, эрчим хүчний либерчлал, хүлээгдэж байгаа олон үйл ажиллагааг түргэсгэх чиглэлээр ирэх долоо хоногт яамдуудын бүтэц орж ирнэ.

Өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны төв байгууллагууд, бусад төрийн өмчийн компаниудыг ч гэсэн нэгдсэн веб порталтай болгож, төр иргэнтэйгээ нэг л сувгаар харилцдаг байдлыг бий болгоно.

Засгийн газрын ажлын эхний 100 хоногт тус нэгдсэн порталыг хийнэ.