ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргалаа

O.Admin
2024-07-19

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүж, улмаас 4 жил 9 сарын хорих ялыг шүүхээс ногдуулсантай холбогдуулан Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргалаа. 

МЭДЭГДЭЛД:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт 4 жил 9 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бид сэтгэл эмзэглэн хүлээж авлаа.

Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж ирсэн улс төрийн хүчин мөн. Хараат бус хэвлэл мэдээлэл ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана учраас сэтгүүлчийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, түгээх, чөлөөт үйл ажиллагаа явуулах, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахын төлөөх үйл хэргийг цаашид ч бид тууштай дэмжин ажиллахаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2023.11.24-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө хууль сахиулах байгууллагуудын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтэд өртсөн асуудлаар мэдэгдэл гарган ажиллаж байсан билээ.

Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг шүүсэн сүүлийн хоёр хоногийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй, хаалттайгаар явуулсан нь ард түмний шүүхэд итгэх итгэлд ихээхэн эргэлзээ төрүүлсэн үйл явдал боллоо гэж бид үзэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно. Түүнчлэн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулдаг, шүүхийн үйл ажиллагааг нийгэмд нээлттэй, ил тод болгох, сэтгүүлчийн чөлөөт үйл ажиллагааг хамгаалсан хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барьж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.

Эрх чөлөөт, арлчилсан Монгол мөнх оршиг!

УИХ дахь Ардчилсан намын бүлэг

2024.07.19