ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталжээ

O.Admin
2024-07-24

Улсын Их Хурлын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Мөн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав. 

Товч мэдээ

-       Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.    

-       Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Элсэлтийн шалгалтыг энэ оны долоодугаар сарын 04-07-ны өдрүүдэд 10 хичээлээр 46 шалгалтын төвд зохион байгуулсан байна. Шалгалтад нийт 33,414 шалгуулагч давхардсан тоогоор 99,294 шалгалт өгч, 93.4 хувийн ирцтэй оролцжээ.