ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг Х.Булгантуяа даргална

O.Admin
2024-07-26

УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн.

Мөн “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай  хамтран байгаль орчны салбарын хуулиудын төслүүдэд дүн шинжилгээ хийх, тусгай хамгаалалтай газар нутаг болон түүний эргэн тойрны газрыг хамгаалах, биологийн төрөл зүйлийн ач холбогдолтой газруудын засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөртэй хамтран ажиллах зэргээр ажиллаж байгаа юм.

Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон байна. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллана.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар тогтлоо.