ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төв аймгийн хууль бусаар бүрэлдсэн ИТХ-ыг хүчингүй болгох нь зөв гэв

O.Admin
2024-11-01

Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024.10.29-ны өдөр болсон ч хууль бус хуралдаан хийсэн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар С.Баярмаа “Анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзэж байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийт сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь оролцсон хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн байгаа. Гэтэл Төв аймгийн АН-ын 21 төлөөлөгчийн гурав нь аймгийн ИТХ-д оролцох эрхгүй хүмүүс байгаа.

Учир нь эдгээр хүмүүс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2-т зааснаар өөр шатны ИТХ-д давхар суухыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа. Тодруулбал, Эрдэнэсант сумын ИТХ болон аймгийн ИТХ-д нэр дэвшиж, сонгогдсон Ө.Машбаяр, О.Мягмарсүрэн нарыг 2024.10.22-нд сумын ИТХ-аар сумын төлөөлөгчийн бүрэн эрхийг нь баталгаажуулсан. Мөн 2024.10.25-нд Батсүмбэр сумын ИТХ-аар А.Эрдэнэбат төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан байгаа.

Тиймээс хуульд нийцүүлж эдгээр хүмүүсийг аймгийн ИТХ-аас хасах ёстой гэдэг шаардлагыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учир МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хууль бус анхдугаар хуралдааныг орхин гарсан.

Мөн энэхүү хууль бус хуралдаанаар 41 төлөөлөгчийг батламжлах байтал Баянхангай сумаас сонгогдсон С.Баярмаа миний биеийг хасаад баталчихсан байсан. Төв аймгийн АН энэ мэт хууль зөрчсөн, улс төржсөн үйл ажиллагааг явуулсаар байна. Тиймээс эдгээр хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэх дараагийн шатны эсэргүүцлийн арга хэмжээ болох жагсаал цуглааныг зохион байгуулах бэлтгэж байгаа” хэмээлээ. Мөн Ерөнхий сайд хууль бус хурлаас томилогдсон Төв аймгийн Засаг даргыг батламжлахгүй байх нь зөв гэдгийг хэлж байлаа.