ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ

O.Admin
2024-11-05

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв.

“Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамт “Шанхайн экспо”-д өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ази, европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломж нээсээр ирсэн. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн.

Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж байна. Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг томоохон компанитай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.


 Мөн Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна.

Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн Шанхайн экспод дэлхийд танигдсан ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг өргөнөөр танилцуулж буй нь цаашид байгалийн баялгийн бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэлд суурилсан ханган нийлүүлэгчийн байр сууринд хүрэх зорилготой. Манай өвөг дээдсийн сургаалд “Монголын За бол Андгай” хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байна гэлээ.

Ерөнхий сайд дараа нь “Шанхайн экспо”-д оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочилж, амжилт хүслээ. Өнгөрсөн жилүүдэд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгчид тус экспод оролцсон бол энэ жил 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн “Эрдэнэс Монгол нэгдэл”, түүний гишүүн  “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компани ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох “Mining week-MinePro 2025” арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулах юм.


 2018 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь даян дэлхийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэх үндсэн зорилготой. Энэхүү экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдаж байна.

Зургаан удаагийн экспо зохион байгуулахад 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологийг танилцуулжээ.