Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тус улсын Батлан хамгаалахын сайд Яшир Гүлэртэй уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх өргөн сэдвээр санал солилцлоо.
БНТУ-ын дэмжлэгтэйгээр Монгол улс Сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад Яшир Гүлэр сайд онцгой анхаарч, өөрийн биеэр манай улсад уг үйлдвэрийн нээлтэнд оролцохоор боллоо.
Мөн БНТУ-ын Батлан хамгаалахын яамтай хамтран Монгол Улсад Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г боловсруулахад хамтран ажиллахаар ярилцлаа. БНТУ бол Дэлхийн нийт дрон үйлдвэрлэлийн 60 хувийг хангадаг төдийгүй том дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм.
Түүнээс гадна БНТУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчинд үзүүлдэг “Санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” 2016 онд зогссон. Уг хөтөлбөрийг эргэн сэргээхэд анхаарч, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, тус улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах цэргийн сургуулийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр боллоо.