ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрчээ

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн болон хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр багцад зургаан төрлөөр, насанд хүрэгчдэд дөрвөн багцад 21 төрлөөр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээр хийж буйг танилцуулсан юм.

Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 2942 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургагч багшаар, давхардсан тоогоор 39661 хүнд цахимаар сургалт явуулж, цогц үзлэг хийх “Эрүүл мэндийг дэмжих төв” 28-ыг байгуулсны зэрэгцээ орон нутагт автомашинд суурилсан “Нүүдлийн амбулатори” ажиллуулахад нийт 42.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Үндэсний Дата төвтэй хамтран серверийн өгөгдөл хадгалах хэмжээг 35 террабайтаар, шуурхай санах ойн (RAM) хэмжээг 1024 гегабайтаар өргөтгөн, эрт илрүүлгийн системийг ХУР системтэй холбожээ. Одоо Е-Mongolia системээс эрүүл мэндийн лавлагаа, мэдээлэлтэй холбоотой 20 гаруй үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.

Байнгын хорооны хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Уг мэдээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. 

Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. 

Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. 

Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ.

Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг  Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ.

Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.

ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.