ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Монголын ард түмэн баялгаас хувь хүртэх ажлыг бодитоор мэдрэх нь маш чухал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

“TIME” сэтгүүл “Zoom”-ээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Орано”-гийн хэлэлцээр, Орос, Хятадаас гадуурх гуравдагч хөршийн харилцаа, Трампын үед яригдсан хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд ярилцжээ. Тус ярилцлагаас тоймлон хүргэж байна.

-Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болгох таны зорилгод хэр ойртож очиж байна вэ?

-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай учраас “Орано”-гийн гэрээ маш чухал юм. Францын Засгийн газартай хэлэлцээр хийх үйл явц 10 гаруй жил үргэлжилсэн. Байгаль орчны асуудал, олон улсын стандартыг хангахтай холбоотой бэрхшээлүүд байсан ч Монгол Улс уран үйлдвэрлэгчдийн нэг боллоо. Гуравдагч хөршөөс Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр дахь том амжилт.

-Чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд, ялангуяа гуравдагч хөршид Монгол Улсын байр суурийг өөрөөр яаж бэхжүүлэх вэ?

-Монгол Улсын хувьд ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь маш чухал. Бид ураны төслөөс гадна Герман, Өмнөд Солонгосын Засгийн газартай эдийн засагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын хайгуулын төслүүдэд хамтран ажиллаж байгаа. Цаашид гуравдагч хөрштэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа учраас Монголын ордуудын талаарх мэдээллийг хуваалцахад нээлттэй. Ирэх гуравдугаар сард Канадын “Торонто” хотноо болох Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын бага хуралд манай улсын Засгийн газар оролцохоор төлөвлөж байна. Тэр үед ч хөрөнгө оруулагчидтай ярилцаж, Монголын газрын зураглал, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудын талаар мэдээлэл солилцоно.

-Монгол Улс далайд гарцгүй бөгөөд ураны экспорт нь зөвхөн танай Засгийн газар Орос, Хятад хоёр хөрштэй сайн харилцаатай байхаас гадна Франц улстай сайн харилцаатай байхад тулгуурлана. Геополитикийн барьцаанд орж магадгүй гэдэгт та санаа зовж байна уу?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэхүү гэрээг байгуулахад зарим нэг бэрхшээл тулгарсан. Таны хэлсэнчлэн, геополитикийн хурцадмал байдал, тээврийн асуудал энэхүү удаашралын гол шалтгаан болсон. Харин одоо Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай тохиролцсон учраас бидэнд тээвэрлэлт, ложистикийн асуудал гарахгүй гэж тооцоолж байна. Мөн Францын Засгийн газрыг энэ асуудлыг шийдэж өгснийг сайшаая.

-Олон улсын шүүхээс В.Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах шийдвэр гаргасан. Гэтэл В.Путин есдүгээр сард Монголд айлчиллаа. Гуравдагч хөршүүд энд ямар мессежийг хүлээн авах ёстой вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий маш хурдан өөрчлөгдсөн. Гэхдээ Монгол Улс цаг ямагт энхийг эрхэмлэгч орон, дайныг биш энх тайвны төлөө тууштай байр суурьтай байгаа. Бүх зөрчилдөөн, маргаан, хурцадмал байдлыг дипломат яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой. Ялангуяа COVID-19 тахлын үед, Орос-Украины дайны үед ч энэхүү байр суурин дээрээ хатуу байсан.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар 1921 оноос хойш найрсаг харилцаатай, түүхэн харилцаатай бөгөөд таван жил тутамд ОХУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчилж, Халхын голын байлдааны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс энэ ойг угтаж түншүүд, гуравдагч хөршүүдэдээ тулгарч буй бэрхшээл, эдийн засгийн хараат байдлын талаар тайлбарлаж байсан.

влигатай тэмцэх талаар бид өмнө нь ярилцаж байсан. Арванхоёрдугаар сард Орано Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хээл хахуулийн хэргийг шийдвэрлэхийн тулд 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болсон. Энэ нь санаа зовоосон асуудал биш гэж үү?

-Хэргийн талаар мэдэж байгаа. Засгийн газар аль болох ил тод, нээлттэй байхыг хүсч байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярьж, прокурорын байгууллагатай ч нээлттэй ярилцсан. Гэхдээ энэхүү гэрээ нь Монгол, Францын Засгийн газарт ашигтай учраас цаг алдах хэрэггүй юм. Шүүхийн үйл ажиллагаанд итгэж байгаа.

Шүүхийн процесс тусдаа явагдах боловч хөрөнгө оруулалтын хэлэлцээр тохиролцсоны дагуу хэрэгжинэ. Мөн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Саудын Арабт болсон дээд хэмжээний уулзалтад оролцохдоо би Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, энэ асуудлаар ярилцаж, хоёр тал хэрхэн нягт хамтран ажиллах талаар ярилцсан. Авлигын хэрэг хууль дүрмийн дагуу шийдэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ ч жигд явна гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улс саяхан баялгийн сан байгуулжээ. Хөрөнгө оруулалтыг олон улсын  стандартад нийцүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ?

-Монгол Улс хадгаламжийн сан, ирээдүйн өв сан, хөгжлийн сан гэсэн гурван сантай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжих тусам энэхүү орлого нэмэгдэх юм. Цахим платформ ашиглан иргэн бүрт хуримтлалын данс нээсэн. Орано зэрэг томхон төсөл хэрэгжиж, орлого орж эхлэхэд иргэдийн дансанд мөнгө орж ирнэ. Түүнийг бэлэн мөнгөөр бус  эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэх мэт чухал салбарт зарцуулах юм. Монголын ард түмэн баялгаас хувь хүртэх ажлыг бодитоор мэдрэх нь маш чухал.

-АНУ олон улс оронд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх, тэр дундаа Хятадын экспортод 60 хувийн татвар ногдуулах тухай кампанит ажил хийсэн шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Монголын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай. Д.Трампын энэхүү шийдвэр болон Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовж байна уу?

-Монгол-АНУ-ын харилцаа маш бат бөх байдаг. Ерөнхийлөгч Д.Трамп Монголын талаар өргөн мэдлэгтэй учраас харилцаа улам өргөжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. 2019 онд Ерөнхийлөгч Трампын анхны засаглалын үед Монгол-АНУ-ын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Ерөнхийлөгч Трамп манай Ерөнхийлөгчийг айлчлахаар хүлээн авсан АНУ-ын цөөхөн Ерөнхийлөгч нарын нэг.

Мөн Ерөнхийлөгч Трампын гэр бүл манай нүүдэлчин ахуй амьдрал, үзэсгэлэнт газар нутагтай танилцах зорилгоор Монголд хэд хэдэн удаа айлчилсан. Тиймээс түүний засаг захиргаа нь Монгол Улсын нөхцөл байдал, сорилт бэрхшээлийг ойлгож, парламентын ардчиллыг дэмжин ажилласнаар хоёр дахь удаагаа ажиллах хугацаанд бидний харилцаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид коксжих нүүрсээ БНХАУ-д экспортолдог. Цахилгаан автомашины татвараас болоод үнэ буурч магадгүй гэсэн асуудал бий. Гэхдээ Хятадын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа экспортын чиглэлээр нягт хамтран ажиллана. Хятад улс руу коксжих нүүрсээ түлхүү экспортлохын тулд “China Energy Group”-тэй төмөр зам холбох гэрээ байгуулахаар ажиллаж байна. Нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлснээр эдийн засгийн орлогоо алдах сул тал гарахгүй. Саяхан Абу Дабид айлчлах үеэрээ Эрик Трамптай уулзаж, цахилгаан автомашины татвараас Монголын коксжих нүүрсний экспортод үзүүлэх нөлөөллийн талаар ярилцсан.

-Өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулийн дараа танай нам УИХ-д олонхи болсон ч Ардчилсан нам, ХҮН намтай “их эвсэл”-д орсон. Яагаад ингэж шийдсэн юм бэ, та үр дүндээ сэтгэл хангалуун байна уу?

-Монголын түүхэнд 10 гаруй мега төсөл яригдаж байсан ч бодитоор хэрэгжээгүй. Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслийг оруулж ирлээ. Мөн УИХ-аас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлж, олон намын төлөөллийг багтаах төслийг баталлаа. Энэ бүхэн хамтарсан Засгийн газрыг байгуулахад түлхэц болсон. Монгол Улс хэтэрхий олон жил улстөржсөн. Жаахан хүүхэд байхдаа улс орныхоо хөгжлийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Гэтэл тухайн үед төр барьж байсан улстөрчдийн ярилцаж байсан төслүүд улс төрийн хуваагдлаас болж ахиц дэвшил гараагүй.

Бидний мэдэж байгаагаар дэлхий ертөнц, ялангуяа эдгээр дайн тулааны улмаас маш их туйлширч байна. Нөхцөл байдлыг урьдчилан таамаглах аргагүй. Тиймээс бид энэ бүхэнд бэлэн байж, эдийн засгийн тогтвортой байдал, уян хатан байдалд үнэт зүйлсийнхээ төлөө зогсохыг хүсч байна. Шинэ Засгийн газар Монголын улс төрд эрс өөрчлөлт гаргасныг онцлон хэлье. Учир нь одоо бид таван намын төлөөлөлтэй, 70 хувь нь цоо шинэ УИХ-ын гишүүд, 25 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Эмэгтэй улстөрчдийн тоогоор Азидаа тэргүүлэгч болсон. Эцсийн дүндээ энэхүү парламент, Засгийн газар, Монгол Улсад зөвшилцөл л маш чухал.

-Сүүлийн хэдэн долоо хоногт Улаанбаатарт Засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан өрнөж байна. Танай Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?

-Эсэргүүцлийн гол шалтгаануудын нэг нь Засгийн газраас саяхан баталсан эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай асуудал. Энэ нь иргэдийн хувьд хүнд шийдвэр байсан ч бодитоор эрчим хүч зарж байгаа үнэд зардал тусгаагүй учраас маш чухал шийдвэр болсон. Эрчим хүчний төслүүдээ урагшлуулахын тулд энэ салбарт шинэчлэл хийх нь чухал.

Гэхдээ олон төсөл, ялангуяа мега төслүүд хэрэгжиж эхэллээ. Тэр дундаа “Орано”-гийн төсөл. Хүн бүр болж буй бүх зүйлд сэтгэл хангалуун байж чаддаггүй. Хоёр жилийн өмнө болсон нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банктай холбоотой зарим асуудал өдийг хүртэл үргэлжилсээр байгаа учраас шүүх эрх мэдлийн тогтолцооны талаар иргэдийн дунд шүүмжлэл, дургүйцэл явж байна. Жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, шаардлагыг нь сонссон. Энэ бол ардчиллын үйл явцын нэг хэсэг бөгөөд ард иргэдийнхээ хэрэгцээг ойлгож, мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох нь маш чухал юм.