ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайлах үүрэг хүлээв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
7 цагийн өмнө

Өдгөөгөөс өртөөчлөн тоолбол, нэг мянга есөн зуун жаран таван онд “Октябрийн район” нэртэйгээр байгуулагдаж байсан Баянгол дүүрэг өнөө жил түүхт 60 жилийн ойгоо хийхээр бэлтгэл ажилдаа гараад буй. Улаанбаатар хотын хамгийн том районы нэг байсан ч 1990 оны эхээр ажлын ачааллыг жигдлэх үүднээс тус районыг хоёр хувааж Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон салгасан түүхтэй.

Тус дүүрэгт 63 мянга орчим өрх айл, 230 мянган хүн ам оршин суудаг. Гандантэгчэнлин хийд, Өргөө кино театр, “Төмөр зам” гэх их айл, МҮОНРТ, Улаанбаатар палас гээд олон онцлох бүтээн байгуулалтаараа “гайхуулсан”, худалдаа үйлчилгээ, Их дээд сургууль гэх мэтээр хүн зон холхисон тус дүүрэг 60 жилийн ойгоо угтаж олон ажил эхлүүлжээ.

Тэгвэл түүхэндээ хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн гэх тодотголтой өнгөрөгч дөрвөн жилийнхээ ололтыг нь үргэлжлүүлж, алдаа мадгийг нь хэлэлцэж, “ухаалаг” хэмээн тодотгосон 2025 ондоо баталсан төсвөөрөө юу хийх вэ гэдгээ өнөөдөр “Ган зам” паласын концертын их танхимд удирдах ажилтнууд нь цугларан өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцэв.
 

Тодотговол, 2024 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2025 онд хийх ажлаа 205-уулаа цуглаж ярилцсан нь тэр юм. Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, газар хэлтсийн дарга нар хуран чуулсан учраас шат, шатандаа төрийн бодлого нэг цонхоор, нэг мессежээр явах боломж бүрдсэн гэсэн үг. Энэ тухай Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар онцлохдоо “Хот нийтийн аж ахуйн ажил буюу Баянгол дүүргийнхээ зам харгуй, дэд бүтэц, дахин төлөвлөлт, гэрэлтүүлэг, камержуулалтыг анхаарах нь бидний нэн тэргүүний ажил байх болно.

Тиймдээ ч бүх тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Айх аюулгүй, цэвэр цэмцгэр дүүрэг байх болно. Бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Дулаан алдагдлаа багасгаж, орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, аюулгүй байдал, сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийг ойгоо угтаад эрчимжүүлэх юм. Өнөө жил сургууль цэцэрлэгийн 14 төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Олон жил яригдсан “Эрин” хорооллын сургууль, Алтай хотхоны 960 хүүхдийн сургууль гэх мэтээр бүтээн байгуулалтууд олныг нэрлэж болно. Ер нь 230 мянган иргэнийхээ саналыг сонсож хийх ажлаа төлөвлөдөг” хэмээлээ.

Өмнө хэлсэнчлэн, баянголчууд 2025 онд “Ухаалаг дүүрэг” болох зорилго тавьжээ. Засгийн газраас дэвшүүлсэн “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ч хийх ажлаа тэд харилцан уялдуулна.  Улаанбаатар хотоос хотыг хөгжүүлэх нэгдсэн бодлогоор Их багтаамжийн трамбайн зам, Туулын хурдны зам, Хэрмэс төв, Таваншарын нүхэн гарц, 20 минутын хот концепцийн хүрээнд Нарны хорооллын оршин суугчид төмөр зам руу шууд давах, Энхтайвны өргөн чөлөө буюу X хорооллын иргэд шууд зорчих гүүрэн гарцуудыг энэ жил барьж эхлэх бөгөөд тэр бүхэнд дүүргийн иргэдийн оролцоо, ойлголцол, тэднийг удирдаж буй баг хамт олны манлайлал туйлаас чухал юм.

2025 онд автозамын найман том төсөл хэрэгжих бөгөөд нэг, хоёрдугаар зэргийн автозам буюу Саппорогоос Баруун дөрвөн зам хүртэлх автозамын шинэчлэлийг онцолж болно. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжсан болон энэ онд шинээр хэрэгжих 59 төсөл арга хэмжээнд 44  тэрбумыг төсөвлөжээ.

Боловсрол, эрүүл мэндийн нэн чухал гэж хэлж болох 28 дугаар хорооны цэцэрлэгийн барилга, 22 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 24, 25 дугаар хороондоо цэцэрлэгийн барилга худалдаж авах бол Хүүхдийн эмнэлгийн барилгын зураг төсвийн санхүүг баталснаар 2026, 2027 онд энэхүү түүхэн ажлаа эхлүүлэхээр болжээ. Нэг том ажлыг эхлүүлэх гэхээр улдан чангаадаг, урагшаа явуулахгүй гацаадаг, шүүмжлэл, талцал өрнөөд ажил хийлгэдэггүй зэрэг хүнд суртал хаа сайгүй бий. Харин тэд 2025 онд энэ бүхнийг үл ажран зөвхөн бүтээлч хийгээд зоримог ажилласнаар дахин төлөвлөлтөө үргэлжлүүлж, гэр хорооллын дэд бүтцээ шинэчилж, аюулгүй амгалан тайван орчныг бий болгож чадсан амжилтаараа түүхэн ойгоо угтахаар төлөвлөж буйгаа дуулгана билээ.

“Ухаалаг Баянгол” болоход камержуулалт нэн чухал

Өнгөрөгч аравдугаар сарын сонгуулиар шинэчлэн бүрдсэн дүүргийн ИТХ-аар төсвөө батлуулахдаа өнгөрөгч оноос нэг дахин их орлого төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Тухайлбал, 2022 онд 134.155 сая төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол 2025 онд 352.531 сая болж, 1.6 дахин нэмэгдсэн талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батцэцэг мэдээлэв.

Харин зарцуулах төсвөө тэд 360 тэрбумаар баталжээ. Дүүргийн ажлын гүйцэтгэлийг гаргахдаа ч санхүүгийн сахилга баттай байж, хариуцлагаа сайжруулах ёстойг удирдах ажилтнуудад Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран хэлжм байлаа. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн урсгал засвар, хотын данхагар бүтцийг тэлж, зарим том зардлуудыг хотоос дүүрэг рүү шилжүүлснээр эдийн засаг, төсөв нэмэгдсэн ч гэлээ нийслэл рүү татаас өгөх учраас хариуцлагатай байх, төсвөө маш сайн бүрдүүлэх, татвар төлөгчдөө дэмжих, татвар төлдөггүй аж ахуйн нэгжүүдээ төлөгч болгох нэн чухал ажлууд хүлээгдэж буйг онцлов.

Тэгвэл 2025 онд нэн тэргүүнд хийх ажлаа эрэмблэхдээ “Ухаалаг Баянгол” буюу камержуулалтыг нэгдүгээрт эрэмбэлжээ. Тус дүүрэг 17 хүний бүрэлдэхүүнтэй “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд бүрэн бүтэн ажиллаж буй 715 камераас 400-г нь тус төвөөс нэгдсэн удирдлагаар хянаж буй юм. Тэгвэл энэ ажлыг үргэлжлүүлэхээр 5.6 тэрбумыг төсөвлөж, өнөө жил 31 хорооны 1776 цэгт 4936 камер суурилуулахаар болжээ. Харин хот нийтийн аж ахуйн буюу тохижилт үйлчилгээний ажлаа дөрвөн үндсэн чиглэлд хуваасан гэв.

Тухайлбал, Автозам, замын байгууламжийн ажлыг хоёр аж ахуйн нэгжид хуваарилан өгснөөр бүтэн жилийн хугацаанд тэдгээр компаниуд арчлал, тохижилт, засварыг хариуцна гэсэн үг. Өнгөрсөн жил 24 мянган м/кв талбайд автозамын хагархайг нөхөх, засварлах ажлыг хийсэн бол өнөө жил 100 мянган м/кв талбай болгож өргөтгөжээ.

Нийтдээ 55 км замыг тэдгээр аж ахуйн нэгж хариуцна. Дүүргийн хэмжээнд 19 сургууль, 39 улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл энэ жил таван сургууль, 10 цэцэрлэгийн бүсэд хамаарах зам, гарцыг стандартад нийцүүлэн өөрчлөх, орон сууцны хороолол дундах тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг ч хувийн хэвшлүүдэд даалгажээ. Гэр хороололд “Хашаандаа амь нэмье” аянаа үргэлжлүүлэхээс гадна 60 жилийн ойгоо угтаж зургаан хорооны гэр хорооллын айл өрхүүд дунд 38 мянган гоёлын мод тариалахаар төлөвлөж, “Тэрбум мод” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ төсвөө зуржээ.

Баянгол дүүргийн хог хаягдлын менежмент бусад дүүргүүдэд жишиг болохуйц хөгжиж ирсэн гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, III, IV хороолол орчимд бүсийн цагийн хуваарь буюу өглөө 04, 08, 11 цагуудад хог хаягдлыг ачдаг байлаа. Тэгвэл үүнийг дан ганц худалдааны бүсэд бус гэр хороолол, орон сууц, үйлдвэрлэлийн бүсэд хэрэгжүүлэх аж. Мөн эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг 2024 онд хэрэгжүүлснээр 108 мянган тонн хог хаягдлаас 70 мянгыг нь эргээд эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Энэ ажлаа 2025 онд эрчимтэй үргэлжлүүлж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй “CU” сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран 22.00 цагаас хойш хог хаягдлын эх үүсвэр дээр нь ангилах, 500 аж ахуйн нэгж, 100 гаруй сууц өмчлөгчдийн холбоотой хамтран хуванцар хог хаягдлын ангилан ялгаж, тээвэрлэлтийг нь хувийн хэвшилд даалгажээ. Мөн хоолны хог хаягдал буюу өөхийг ашиглан саван үйлдвэрлэх, хоол үйлдвэрлэл, ресторануудын шингэн хог хаягдлыг цуглуулж бордоо болгон ашиглах зэргээр хогоо мөнгө болгох шинэ ажлууд төлөвлөөд буйг баянголчууд та бүхэнд дуулгахад таатай байна.

Дугуй засвар, автомашин засварын нэгдсэн төвтэй болно

Жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажилд дүүргийн удирдлагууд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ. 2025 оны тухайд “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа”, “Өвлийн идэш”, “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн”, “Олон улсын хүүхдийн баярын үйл ажиллагаа”, “Алтан намар”, “Намрын ногоон өдрүүд” зэрэг нэгдсэн арга хэмжээнээс гадна 60 жилийн ойгоо угтаж хэд, хэдэн бүтээлч ажлууд хийхээр болсноо Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн ярилаа.

Тэрбээр, “Манай дүүрэгт 10 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Эндээс 3154 аж ахуйн нэгжтэй чиг үүргийн хүрээнд байнгын харилцаатай байгаа. 2024 онд Улаанбаатар хотын захиргаанаас зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлсний дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дүүрэг олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зөвшөөрөл олгох ажлыг хариуцаж байна.

Дүүрэгт маань хоол үйлдвэрлэл, үйлчилгээний олон байгууллага бий. 500 гаруй гэсэн тоон мэдээлэл байна. Энэ бүхэнд хяналт тавих ажлыг хариуцаж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоод явж байгаа. 2025 онд 60 жилээ тэмдэглэх ажилд аж ахуйн нэгжүүдээ хамтарч ажиллахыг уриалъя. Ядахдаа л гадна орчноо цэвэрлэх, ногоон байгууламжтай болох гэх мэт уриалгыг гаргасан. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид маань нэгдэж нийлээд холбоо байгуулсан. Тэднийхээ ажлыг дэмжих үүднээс үсчин, гоо сайхан, халуун ус, бариа засал гэх мэт үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “Ахуй үйлчилгээний төв”-ийг дөрвөн газар байгуулахаар төлөвлөж, эхнийхийг нь өнөө жил ашиглалтад оруулна” гэв.

Тодруулбал, 60 жилийн түүхт ойгоо угтаад,

-Худалдаа үйлчилгээний байгууллагын гадна 10 хувьтай тэнцэх ногоон байгууламж үүсгэх

-Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв байгуулах

-Автозасвар үйлчилгээний төрөлжсөн төвийг нэгдсэн байдлаар байгуулах

-Гандантэгчэнлин хийд орчимд “Өглөөний жишиг гудамж”-тай болох

-Гурав, дөрөвдүгээр хороолол, Вокзалын арын замд “Гэрэлт гудамж” байгуулахаар төлөвлөжээ.

Харин ЖДҮ эрхлэгчид “Баянголд үйлдвэрлэв” худалдааны төвд нэгдсэн байдлаар бараа бүтээгдэхүүнээ түрээсийн зардалгүй худалдан борлуулахаас гадна  ирэх хоёрдугаар сард 50 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцохоор бэлтгэж ажлаа хангаж эхлээд байгаагаа энэ өдөр дуулгав.

Тогтвортой ажилласан төрийн албан хаагчдаа орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Төрийн бүх үйлчилгээг иргэнд хүргэж, дунд, доод шатанд иргэн, төр хоёрын холбогч болж байдаг төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа олон жил яригдаж буй. Тэр тусмаа цалингаас өөр орлогогүй алба хаагчдын амьдрах орчин, цалин хангамжийн нэмэгдэл нэн чухал. Тэгвэл энэ хүрээнд баянголчууд өнөө жил олон шинэчлэл өөрчлөлт хийхээр төлөвлөжээ.

Тухайлбал, дүүргийн ЗДТГ-т ажиллаж буй ажилтан албан хаагчид буюу зургаагаас дээш жил ажилласан алба хаагчдаа орон сууцны дэмжлэг үзүүлэх, зэрэг дэвийг нь ахиулахаас гадна “Удирдлагын академи”-тай хамтран алба хаагчдаа мэргэшүүлэх, мэргэжлээрээ ахиж дэвших боломж бололцоог бүрдүүлэх, ажлын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж эхэлжээ. Харин нийгмийн чиглэл буюу хүүхэд, залуус, ахмад настнуудад чиглэсэн олон ажлын төсвийг баталж, багш нараа гадаадад сургахад анхаарч буйгаа Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар хэлж байлаа.  

Түүхт 60 жилийн ойгоороо тэд хамгийн чухал нь шинэчилсэн хөтөлбөр боловсруулж, шинэ Засгийн газрын төлөвлөсөн “20 минутын хот” концепцын хүрээнд “Баянгол хот” болох бөгөөд Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар статусаа өөрчлөөд өнгөрөх бус хот шиг хот болж, хүн зон нь эрүүл аюулгүй, хүүхэд багачууд нь эрсдэлгүй хийгээд эрүүл амьдрах орчныг бий болгохын төлөө ирэх дөрвөн жилд багаараа хүчин зүтгэх амлалт өгснөөр энэ өдрийн өргөтгөсөн хуралдаанаа өндөрлөж, үр дүнгийн болон хариуцлагын гэрээг Засаг даргатайгаа байгуулав. Дүүргийнхээ иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах эс бөгөөс ажлаа чаддагт нь өгнө өө гэсэн амлалтдаа тэд хүрч чадах эсэхэд одоо баянголчууд та бүхэн хяналт тавих нь ээ.