-Монголын төр хэзээ саарал ордондоо орж ирэх вэ-
Монгол Улс уг нь Улаанбаатар хотынхоо төв хэсэгт 1951 онд ашиглалтад орсон төр улсын үйл хэргийг удирдан явуулах төрийн гурван өндөрлөг хийгээд хууль тогтоох байгууллагын 76 /126/ гишүүнээ суулгах Төрийн ордонтой. Дөрвөн давхар өнөө маргаашгүй нурж унах шахсан тэр саарал ордонд сүүлийн 20 жилд лавтай төр маань байгаагүй болж таарч байна.
Ер нь социализмын үед ч тэнд төр байгаагүй юм билээ. Монголын үйл хэрэг, улстөрчдийн хувь заяаг Москвад очиж хэлэлцэж ирсэн, бид. Харин ардчилсан хувьсгал ялснаас хойш ард түмэн хийгээд улс орны хувь заяаг намын байранд, дарга нарын арын жижиг өрөөнд шийддэг байлаа.
Ямартай л “хөшигний арын улстөрч” гэдэг нэр томъёо хүртэл гарах билээ. Тэгвэл шинэ тутам хөгжиж буй улс оронд маань намын байр жагсаалтаас гарч саун хийгээд таурт бидний хувь заяаг зураглах болсныг ар, араасаа мэдэгдэл хийж буй улстөрчдийн яриа бэлхнээ нотлох болов. Хоёр жил гаруйн өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхлан энэ асуудлыг ярьсныг тун тод санаж байна. Тэрбээр, “Монгол төрийн бодлогыг ордон тойрсон оффисууд дотор банкны хэдэн эзэд гаргаж байна” хэмээн мэдэгдсэн удаатай.
Оффисууд ч гэж дээ. Эрүүл мэндийн яамны чанх урдаас харан сүндэрлэх Худалдаа хөгжлийн банкны өндөр таурт л 15 жил лавтай бодлого зангилагдсан нь үнэн. Цаашлаад Шангрилла, Централ таур хоёрт мөн ч олон жил төрийн хар хайрцгийг задалж, тэндээс улстөрчид бэлтгэсэн дээ. Харин Ө.Шижир гишүүний хэлсэнчлэн Д.Энхтүвшингийн гар бие оролцож, өөрөө бэлтгэгдэж гарсан тэр таураас төрийн үйл хэрэг Баянгол зочид буудлын цаахна орших “Гэрэгэ” таурт шилжсэн бололтой юм. Товчхондоо, таур бол төр юм байна. Гэхдээ эдгээр таурт ямар, ямар үйл хэргийг ярилцав гэвэл тун сонин зүйлийг ярьж болох нь.
Москвагаас бол Монголын улстөрчдийг ээлжлэн намнаж, сэхээтнүүдийг нь орон шоронд хийх захиалга ирдэг байж л дээ. Саунд явагдсан улс төрөөр харин нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл, ЖДҮХС-гийн хулгай явагдсан гэдгийг та бид мэднэ.
Харин Худалдаа хөгжлийн банкны таурт Монголын бүх л олигтой орд газрууд хийгээд үйлдвэр /Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэт 49, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Халзан бүрэгтэй төсөл, Улаанбаатар банк, Бороо гоулд, Хөтөл, Монголросцветмет/-үүдийг наймаалцсан гэх. Тэгвэл Централ таур, Шангрилла хоёрт Оюутолгойн орд газар, Тавантолгойн орд газрыг Хятадуудад 100 жилээр өгөх, Энержи Ресурсын эзэн суусан орд газар, Баянхонгорын алт зэрэг ордуудын наймаа, тохироо хийгдэж байсныг Ө.Шижир гишүүний нүүр номондоо бичсэн мэдэгдэл нотлов.
Тэрбээр, “Ганц компани Монголын ард түмний баялаг болох “Эрдэнэс Тавантолгой”-н экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байна. Нэг компани улсын өнгөтэй, өөдтэй тендер бүрийг хамж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. Централ товер, Шангри-Лагаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайд, ЦЕГ-ын даргаас эхлээд бүх томилгоо тэндээс хийгдэж, улстөрчдийн сонгуулийн хандив, дэмжлэгийг гаргадаг нь нууц биш шүү дээ. Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй учраас бачуураад байна” хэмээжээ.
Харин Д.Энхтүвшин хийгээд Б.Энхбаяр нарын гишүүд “Гэрэгэ таурын 15 давхраас төрийг удирддаг болоод удлаа. Тэнд улстөрчдийг хэрхэн намнах вэ гэсэн пиар нэвтрүүлэг бэлтгэгдэж байна. Уран сайхны кино хийж, найруулагч нар төрийг удирдаж байна” гэв. Жингийн тухай дээр тавиад үзвэл “Гэрэгэ” лавтай кино, найруулга мэтхэнтэй зууралдаж яваа бололтой юм. Тэнд ямартай ч лиценз наймаалцаж, орд газраа булаалдах овлигогүй улс төр хийгдээгүй л байгаа юм байна.
Гэхдээ асуудлын гол нь Монголын төр хэзээ саарал ордондоо орж ирэх вэ гэдэг асуулт. Энэ байранд сууж буй Төрийн гурван өндөрлөг хийгээд бидний сонгож явуулсан гэж боддог 126 хүн хэзээ, хэдийд төрөө удирддаг болох вэ. Монгол төр эзэнтэй болж, Монголын эрх ашигт нийцсэн төрийн шийдвэр хэзээ саарал ордноос гарах вэ, улстөрчид өө.
Бүлэглэл, эрх ашигт хуваагдсан улстөрчдийн энэ мэдэгдлүүд бидний үнэн байдлыг тун хачиргүй хэлээд өгөв. Бид хэзээ ч төртэй байгаагүй, бидний сонгосон гэж боддог төлөөлөл таураас таурт бэлтгэгдэж буйг харин ч сайхан илчлэлцэж байна. Баянгол, ХХБ, Гэрэгэ, Шангрилла, Централ таур нэмээд Бодь цамхаг, Энканто бүр цаашилбал Сингапур гэсэн хэдхэн оффис хийгээд саун, таур дотор Монгол Улсын зураг төөрөг, 3.5 сая монголчуудын амьдрал хувь заяаг шийддэг гэхээр дэндүү эмгэнэлтэй юм шүү.
Тэд таураас таурт шилжиж буй эрх мэдлээ булаалдан уралдаж буй жүжиг дунд хүн ардаараа харин туслах дүрийг амжилттай бүтээж, нэгэнтэйгээ уралцаж, нийтээрээ алалцаж, чи бага идлээ, би ахиухан идлээ, чиний угаадас ихэсчихлээ, минийх дутуутчихлаа хэмээн дэлгэцийн цаанаас хэрэлдэж суух нь мөн ч гунигтайяа. Тэдгээр таурууд нураагүй, тэд төрийн эрх мэдлийг нэгэндээ дамжуулж, тэндээс бэлтгэгдсэн улстөрчид ардын төлөө мэт жүждэг цаг үе хэзээ ч дуусахгүй гэхээр ирээдүйн тухай илүүг нуршаад яах ч юм билээ. Таур битгий нэмэгдээсэй гэж залбирах нь бидний хувь тавилан уу, эсвэл... Маргаашийн өдрүүдэд магадгүй төрийн үйл хэргийг маань өмнөдөд хэлэлцэж суух вий.