ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Ухаа худаг”-ийн хууль бус хувьчлалд хэнийг нь эхэлж шалгах вэ

O.Admin
8 цагийн өмнө

Засгийн газрын 2025 оны 32 дугаар тогтоолоор байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь болон тус ордыг хувьчилж авсан асуудлыг судлан шинжилж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сар шинийн өмнөхөн Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулсан билээ.

Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанийн эзэмшиж буй Тавантолгойн бүлэг ордын хамгийн чухал хэсэг болох “Ухаа худаг”-ийг стратегийн ач холбогдол бүхий орд газар хэмээн тогтоож, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шийдвэр гаргачхаад байхад хууль зөрчин хувьд эзэмшүүлж, төрийн эзэмшлийн хувийг тогтоох асуудлыг эргэж УИХ, Засгийн газарт танилцуулахгүйгээр тэмдэглэл хөтлөн хувьд өгсөн асуудал нь Үндсэн хууль хийгээд бусад хууль зөрчсөн, цаашлаад албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байх үндэслэлтэй учраас хууль хяналтын байгууллагаар нэр бүхий хүмүүсийг шалгуулна гэдгээ хэвлэлд мэдээлэл өгөх үедээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн хэн буруутай вэ гэсэн асуудал сөхөгдөж байна.

Тодруулбал,

-“Энержи Ресурс”т ашиглалтын лиценз олгосон Ашигт малтмалын газрын дарга асан Д.Жаргалсайхан

-Стратегийн орд газар буюу төр хувь эзэмших ёстойг мэдсээр байсан атлаа Засгийн газарт тогтоолыг танилцуулаагүй Үйлдвэр худалдааны сайд асан Х.Наранхүү

-УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн үүрэг болгосноор буюу 2007 онд гарсан “Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг боловсруулан УИХ-д танилцуулсугай” гэсэн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Ерөнхий сайд асан М.Энхболд

 -2008 оны гуравдугаар сарын 21-нд тэмдэглэл хөтлөн "Ухаа худаг"-ийг хувьд шилжүүлсэн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр

-“Энержи Ресурс”-ын анхны хувьцаа эзэмшигч Д.Жаргалсайхан, Сү.Батболд, Т.Бадамжунай тэргүүтнүүдтэй хуулийн хариуцлага ярих уу гэдэг нь тодорхой бус байна. Тэгвэл энэхүү дуулиантай зэрэгцэн хамгийн түрүүнд Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Юу л болоод байна даа. Би уг нь хуульч хүн. Үндсэн хууль, хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц, шүүх хоёр тогтоодог байтал энэ сайд нь тэр хоёрыг орлон өөрөө дүгнэв. Нэгэнт ингэж буй бол Үндсэн хуулийн ямар, ямар заалт зөрчсөнийг бас хэл. Тэрнээс битүү хатуу “буруутай” хэмээн олон зарлаж буй нь танил технологи шиг харагдана.

Үнэхээр буруутай бол би 2008 онд Засгийн газар тэргүүлж байснаараа хариуцлага хүлээнэ. Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй. Түйтэрт маргах сэдэв биш тул үүгээр хязгаарлая. Олны өмнө ил мэтгэлцэх, шүүх дээр уулзахад бэлэн” хэмээжээ. Сар шинийн дараагаас эхлэн ажлын хэсгийн дүгнэлт хийгээд бусад баримт сэлт ил болох цагт хэн буруутай, хуулийн өмнө хэн түрүүлж очих нь ч тодорхой болох биз ээ.