ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга: Мөнгө шийдэж өгөхөөр тавилга авч, өрөөнд сууж ажиллах гэдгээ болимоор байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн байгууллагуудын төлөөллийг хүлээж авч, хүүхэд хамгааллын чиглэлээр ярилцлаа. Энэ үеэрээ эхний уулзалтад оролцоход өгсөн үүрэг, даалгавар яаж биелж байгааг ч давхар шалгасан юм.  Ерөнхийлөгч байгууллагуудаас ирсэн тайлангийн дагуу асуулт асууж, хариулт авсан.

МХЕГ аюулгүй байдлыг хангахаар багагүй ажил хийсэн байна. Тодорхой тоо, баримт дурдаж, тайлангаасаа танилцуулахгүй юу?

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр:

-Улсын хэмжээнд 1645 гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгасан. 27 албан шаардлага өгчихсөн байгаа. Харин 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн харилцаа холбооны 1386, цэвэр бохир, дулааны 856 шугам сүлжээний таг, 152 сургууль, 195 цэцэрлэгт шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд 575 худгийн тагийг засварлуулж, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулсан.

-Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний асуудал мөн МХЕГ-т хамаарах байх. ТҮЦ болон зарим худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан, эсвэл үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байна. МХЕГ очиж шалгаад зохицуулах боломжгүй гэх юм. Гэнэтийн шалгалт гэж байдаггүй юм уу.

-Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд олон нийтэд зарладаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр ийм төрлийн зөрчил мэдэгдэхгүй байдаг.

-Мэдээлэл өгч байгаад шалгадаг нь ямар ч үр дүнгүй зүйл. Хуулийг эргэж харах хэрэгтэй. Газар дээрээ шийдвэр гаргадаг боломжтой болмоор байна.

-Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд зарим эмээ нуудаг. Мөн ТҮЦ зарим бүтээгдэхүүнээ нуудаг. Ийм тохиолдолд зөрчил илрэх боломжгүй байна. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид тав хоногийн өмнө мэдэгдэж байж л шалгана. Хэрэв өөрчлөх юм бол манай байцаагчид гэнэтийн хяналт, шалгалт хийхэд бэлэн байгаа.

-Тамхины хяналтын тухай хуульд зааснаар ЕБС-ийн 500 метр орчимд тамхи худалдаалахгүй байгаа ч согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрдөг. Энэ асуудалд цаашид МХЕГ анхаарч ажиллаарай. Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ. Долоо хоног орчмын өмнө цахим орчинд маш ноцтой хэрэг гарлаа. Энэ асуудлыг яах ёстой вэ. Азийн орнуудад хэрэглэдэг ямар туршлагууд байна?

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал

-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн. Хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Мөн цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулсан. Энэ хэлтэст 18 хүн ажиллаж байна. Түүнчлэн бид олон улс орнууд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгааг судалж байгаа.

-Тээврийн цагдаагийн алба зарим байгууллагатай хамтран зам тээврийн осол хэрхэн гардаг, хүүхэд хэрхэн бэртэх талаар үзүүлэх тоглолт амжилттай хийсэн байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гэхэд зам тээврийн ослын улмаас 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 орчим хүн нас барсан байна. 40 орчим хувь нь хүүхэд байсан. Дээрх арга хэмжээг заавал үргэлжлүүлэх ёстой шүү.

-Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөтбат:

Энэ үзүүлэх сургалтыг бусад сургууль зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд олноор ирүүлж байна. Энэ сургалтыг нийслэлийн хэмжээний 134 сургуульд зохион байгуулахад 276.3 сая төгрөг, нэг сургуульд 2 сая 60 мянга орчим төгрөг шаардлагатай болж байгаа.

-Энэ зардлыг одоо төсөвт суулгах ёстой. 270-хан сая төгрөгөөр бид 20, 30 хүүхдийн амийг аварч байгаа шүү. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан сургалт амжилттай болсонд баяр хүргэе. Цаашдаа жишиг болгох ёстой.

Өнгөрсөн жил бид хүүхэд хамгааллын чиглэлээр төсөв 5 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл 3.7 тэрбум төгрөгөөр нь эд хогшил тавилга авсан гэх шүүмжлэл гарч байна. Мөнгө суулгангуут конторлож, тэндээсээ ажил хийх гээд байх юм. Энэ 5 тэрбум төгрөгийг суулгах гэж бөөн юм болсон биз дээ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх

-2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр суулгасан мөнгө тавилга болоод байна гэж тайлан дээр бичсэн байна. Тиймээс үйл ажиллагаагаа тайлагнах хэрэгтэй байна. Одоо хүүхэд хамгааллын чиглэлээр 6.4 тэрбум төгрөгөөс буухгүй төсөв суулгах хэрэгтэй гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд:

Нийт 70 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналыг үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна.

Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажилласан байна. Энэ ажлаа битгий орхигдуулаарай гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа ийм төрлийн хэрэг гарч байгааг хатуу санууллаа. Тиймээс зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгааг онцлон дурдав.