Сүүлийн үед МАНай дарга нар дунд буруутай хүн байхгүй болсон. Тэд чинь энхийн цагаан тагтаа нар. Цалин нэмэхгүй, хүүхдэд мөнгө өгөхгүй байгаа нь Сангийн сайдын буруу биш. Олон улсын валютын сангийн шар ах нар л буруутай. Тэд л бидний өгсөн мөнгөөр цалин нэмж болохгүй, бас хүүхдээсээ мөнгө харамла гэж зарлигдсан юм билээ.
Тиймээс төв талбайд үсээ хусч, Төрийн ордон гороолж байгаа та бүхэн ОУВС-гаа л буруутгаач. Юун олон хүн буруутгадаг юм бэ. Миний дарга нарт огтхон ч буруу байхгүй шүү. Хотын нэг дүүрэг, долоон аймагт өвөлжин асуудал үүсгэсэн шүлхий өвчинд ч манай дарга нар буруугүй. Буруутныг олохоор Тагнуулын байгууллага бүтэн жил ажиллаад өвсийг буруутнаар нэрлэжээ.
Шүлхий өвчний тархалтыг хянаж чадаагүй дарга нар энд ямар ч буруугүй. Харин өвс гэж “новш” аймгаас аймаг дамжин шүлхий тараасан байх юм. Бүр хотод хүртэл орж ирсэн байгаа юм даа, тэр муу өвс. Тархсан аймгуудаас өвсний тээвэрлэлт хийж байхад нь хяналт тавиагүй гэж дарга нараа дэмий буруутгажээ, бид. “Дүнжингарав” хаврын бүсийн морин уралдааны үеэр хүүхэд унаж гэмтлээ гэж их л олон дарга нарыг буруутгаж билээ. М.Энхболд даргыгаа ч эзгүй хойгуур нь баахан муулцгаалаа. Гэтэл яасан билээ. Тэд маань бас л буруугүй болж таарсан.
Гайт нар эрт жаргаснаас харанхуй болж, хүүхдүүд гэмтсэн. Өөр нэг буруутан нь хүүхдүүд өөрсдөө байсан юм билээ. Хүүхдийн эрх, хүний ёсыг эрхэмлэдэг дарга нар морио уралдуулахгүй гэж зүтгэсэн ч хүүхдүүд унаж давхимаар байна, уралдуулаад өгөөч гэж зөрүүдэлсээр уралдаж, унаж гэмтлээ. Хэдхэн өдрийн өмнө нийслэлчүүд тэр чигтээ унтаж чадахгүй, бүтэж үхэх шахав.
Урин дулаан ирсэн энэ цагт утаанд бол хордоогүй юм. Харин улсын нийслэлийн толгойн өвчин болсон цэвэрлэх байгууламжийн үнэр хотоор дүүрэн тархаж, бохирын үнэрт бачуурсан иргэд цонхоо хаачихаад золтой л бүтэж үхсэнгүй тэсч үлдлээ. Оны дараахан БНХАУ-д айлчлахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэн барих төсвийг шийдээд ирсэн хэмээн хэдэн өдөр л “шоудаж” билээ.
Мөн Барилгын сайд Х.Баделхан тавдугаар сар гэхэд үнэргүй болно, энэ зундаа хотоо үмхий үнэрээс салгана аа гэсэн амлалт өгч байв. Гэвч хоёр даргын амлалт хэрэгжсэнгүй. Харин хотын бид нийтээрээ өдөр болгон “анхилуун” үнэрт мансуурч, аз жаргалтай хотдоо түгжрээд л амьдарч байна.
Шооч зарим нь нэгийгээ хийгээ гаргачихлаа хэмээн хардсанаа бичиж, хадам ээж нь хүртэл унгасан хэрэгт унаж байна, энэ өдрүүдэд. Зундаа үнэргүй болгох амлалт өгсөн дарга нараас хариуцлага нэхсэн ч хотоор тархсан үнэрт сайд, дарга нар буруугүй болж таарлаа. Чухамдаа салхи баруун урдаас салхилсан учраас хотын төвд үнэртсэн хэрэг аж. /Энд Нисэхийн чиглэлийнхэн огт хамаагүй.
Учир нь тэд өдөр бүр л үнэртдэг/ Хэрвээ салхи зүүнээс үлээсэн бол цэвэрлэхийн үнэр огтхон ч үнэртэхгүй байсан гэнэ. Тиймээс энэ зун, ер нь ирэх хоёр жилдээ л бид салхийг буруутгаж, баруун хойноос үлээхгүй байгаасай хэмээн залбирч суухаас өөр аргагүй болов. Элдэв аргалдаг ид шидтэй лам, бөө байдаг бол ирэх гурван жилийн хугацаанд салхины чиглэлийг өөрчлөх талаар ном уншуулахад ч гэмгүй юм билээ.
Учир нь үнэргүй болгох хугацаа нь тавдугаар сараас сунаж, гурван жилийн хугацаа болсон учраас дарга нараа буруутгахгүй, дандаа салхийг буруутга хэмээн тэд зарлиг буулгалаа. Өвөлжин нийслэлчүүд Су даргыг хотын мөс, цасаа арилгасангүй гэж зүхэв. Гэтэл бас л Су даргад буруу байгаагүй юм.
Цас гэж буруутай нөхөр олон удаа орсноос болж л хальтиргаа үүсч, хот тэр чигээрээ цасанд дарагдсан гэсэн. Юм бүхнээс өө сэв эрж суудаг монголчууд минь энэ мэтээр гэмгүй дарга нарыг гэмтэн мэтээр чичлэхээ болиорой. Тэд чинь ажлаа хийж байгаа. Буруу шийдвэр болгонд байгалийн үзэгдлүүд л буруутай байдаг юм. Тэр ч байтугай зун бороо орохгүй хотоор дүүрэн суулгасан зулзаган гацуур нь үхсэн ч хотын удирдлагууддаа буруу өгч огтхон ч болохгүй шүү.
Тэр муу бороо л буруутай. Ган гачиг болж тариалангаа авч чадахгүй бол бас л бороондоо буруугаа өгцгөө. Хаврын хавсаргад малаа алдсан малчид мань хахир хаврыг буруутга. Тэр ч байтугай төр түшилцэж суухдаа хүчингийн хэрэгт холбогдсон улстөрч найз маань ч буруугүй. Архи бол хамгийн том буруутан. Араас нь бас тэр бүсгүй л буруутай. Энэ өдрөөс хойш төр засаг, дарга нарыг бус нар, салхи, өвс, цас, бороо, тэр ч байтугай архийг буруутгаж, аз жаргалтай хотдоо “анхилуун” үнэрт мансууран амьдарцгаая, бүгдээрээ.