ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргаасаа эхлээд л “Би зээлгүй” гэдэг челленж эхлүүлчихээч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-30

ЖДҮ буюу “Жирийн дундчуудад үзэгддэггүй” зээлээс тус бүртээ 950 сая төгрөгийн зээл авсан төрийн томчуудын дуулиан үргэлжилсээр байна. Өдөр бүр нэг гишүүний нэр нэмэгдэж, төрсөн хүү, дүү, бүр эхнэрийнхээ нэр дээр авсан зээлүүд нь илэрч эхлэв. Нуусан хулгай нь ил гарч эхлэхтэй зэрэгцэн Ардчилсан намынхан ч тэгвэл адилхан авсан хэмээн барьцаж ч байх шиг. Гэвч жирийн иргэдэд олгосон ЖДҮ-ийг дэмжих зээл, том компаниудад олгосон улстөрчдийн авсан зээл хоёрын дунд алд дэлмийн зөрүү бий. Өчигдөрхөн үйлдвэрлэгчдэд мөнгө тараасан гэх асуудлаар Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Аж үйлдвэрийн сайдын хувьд үйлдвэрлэгчдээ дэмжиж зээл өгөх нь миний үүрэг. Харин энд миний нэр дээр болон гэр бүлийн минь нэг ч гишүүн мөнгө аваагүй юм шүү. Улс төрийн зорилгоор харлуулж болох ч үүнд гэр бүлийг минь битгий хутгаарай” гэв. 

Өөрөөр хэлбэл, АН-ын үед үйлдвэрлэгчдэд өгсөн зээлийг Ардын намынхан Засгийн газраа хамгаалж авсан зээлээрээ барьцаалж буйг зөвтгөх ухаанаа олохгүй сууна хэмээжээ. Тэгвэл МАН-ынхан харин тун ч “марзан” хариулт өгч байх юм. Зарим нь сэтгүүлчийг өмнөө зогсоож байгаад загнаж үзлээ. “Хүн бүхэн л авдаг зээл ш дээ, сүртэй ш дээ эргүүлээд төлчихнө” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар уурлажээ. Сонгуулиар хандив авчихсан атлаа “Тэр компани чинь надад хамаагүй” гэж Б.Батзориг сайд уцаарлаж, Зөрчлийн хуулиар сүрдүүллээ. Гэтэл “Тээвэр ачлал” компанитай хамт байдаг өөр нэг компани мөн л ЖДҮ-ээс зээл авсан нь илрэв. Нөгөөх нь нохойны хөшөө барьсан компани болж таарлаа. Арилжааны банкны зээлийн хүүд барьцаалагдаж, аргагүй байдалд ороод авсан хэмээн Х.Болорчулуун гишүүн бусад руу “бухаж” үзлээ. Нэр минь хавчуулагдсаны төлөө хэдэн залуусыг хөлдөө чирчихлээ хэмээн Ж.Энхбаяр гишүүн туниж гүйв. Харин хамгийн “зангарагтай” хариулт өгсөн нь Н.Учрал, Н.Оюундарь нар. Аавынх нь “Хүннү” ХХК 950 сая төгрөг авсан асуудалд Н.Учрал гишүүн хариулт өгөхдөө “Яг одоо, өнөөдөр тэр мөнгийг чинь төлчихнө” гэж тунирхжээ.

Ээж, аавдаа хэлнэ дээ гэхээр эргүүлээд өгчихнө гэж тунидаг хүүхэд нас минь санаад ороод болох юм биш. Задарсан баячуудын хувьд 950 сая төгрөг юу ч биш байх л даа. Нэг өдөрт л данснаасаа гаргаад төлчихдөг юм бол яах гэж авсан юм бэ, Н.Учрал гишүүн ээ. 30 сая төгрөгийн орон сууцны зээл 30 жилээр авч, түүнийгээ баяр ёслолын байдалтай тэмдэглэж суугаа ард түмнээ ингэж доромжлох хэрэгтэй юм уу. “Овоо юм уу гэхээр овоолсон баас байна” гэдэг шиг залуу улстөрчийн хувьд боловсорч явна уу гэтэл тийм биш юмсанж. Тэр Н.Оюундарь гишүүнийг хар. Сэлэнгэд очихоороо сайн удмаа хангалттай зарлаж, удам сайтай хүний үр хэмээж шударгаа гайхуулдаг. Гэвч Хараагийн Баатар вангийн удам гэх Н.Оюундарь гишүүн “Миний хүүгийн авсан зээл надад ямар хамаатай юм” хэмээн даналзав. Бараг л төрсөн хүүтэйгээ уулздаггүй гэсэн утгатай тайлбар өгчихөөд явж одлоо. Арай дэндэж байгаа юм биш үү, гишүүд ээ. Жирийн иргэдэд олгох ёстой зээлийг зохион байгуулалттай бүр 950 сая гэсэн яг ижил дүнгээр хувааж идчихээд хэнд туниж, хэнийг айлгах гээд байгаа юм бэ. Өдөртөө л төлчихнө гэж туниж, эхнэрээ танихгүй гэж хэлэх нь холгүй бантах шаардлага байсан юм уу. Ёстой л “хулгайч хулгайчаа бариарай” гэдэг шиг юм болж байна. Энд Ардын намыг буруутгаж, нөгөө талд АН-ыг өмөөрөх гэсэнгүй.

Аав, ээж, амраг садныхаа нэрээр “идээд уучихсан” юм бол аль аль нь гэмээ ухаараад, ёсзүйн хариуцлагаа хүлээ. Уулаасаа Эрүүгийн хуульд ийм заалт байсныг нь авч хаясан юм билээ. Тодруулбал, МАН эрх барьсныхаа дараа буюу өнгөрөгч оны тавдугаар сарын 11-нд Эрүүгийн хуулиас “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэсэн” зүйл заалтыг авч хаяжээ. Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл хүчинтэй үйлчилж байсан бол тэд энэ мэт увайгүй үйлдэлдээ Эрүүгийн хуулиар ял авах байлаа. Харин өнөөдөр тэдэнд хууль үйлчлэхгүй. УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ л мөнгө идэж ууж, авлига аваагүй бол шалгах эрхзүйн орчин байхгүй гэсэн үг. Ерөнхий сайд нь хэчнээн “хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдсэн ч УИХ-ын гишүүнээс нь буцааж татаагүй л бол шалгах эрх алга. Халдашгүй дархан байдлынхаа эрх үүргийг харин ч сайн мэдэж байгаа даа, манай гишүүд. Улстөрчөө л хат даа. Ийм УИХ-аас ёсзүй хүлээх шаардлага алга. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бичиг өргөн барьдаг нь ч зөв зүйл боллоо. Хамгийн дампуу, арчаагүй, увайгүй хүмүүс энэ удаа төрд суучихаж. Магад Засгийн газраа хамгаалж үлдсэн гишүүдээ бүгдийг нь 950 тэрбумаар урамшуулчихсан юм биш үү гэсэн сөрөг хүчний дарга Д.Эрдэнэбатын мэдэгдэл ч бодитой байж мэдэх юм биш үү. ЖДҮ бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь. Цаашлаад, Сум хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Чингис бондоос санхүүжсэн 888 төсөл хөтөлбөр, Хөгжлийн банкнаас авсан том хэмжээний зээлүүд яригдах ёстой шүү.

Бүр хэдэн арван тэрбумаар нь хувийн компанидаа авчихсан улстөрчид олон байгааг тэндээс харж болно. Концессын гэрээг хуваагаад авчихсан улстөрчдийн дуулиан ч өмнөх Засгийн газрын үед дэгдэж, Засгийн газраа МАН-ынхан өөрсдөө унагаж байлаа. Тэд бол ажил хийнэ гэж мөнгө авсан юм билээ. Харин энэ засгийн үед зээл авсан МАН-ын “950 сая” бүлэглэлийнхэн ажил хийсэн эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Эгэл иргэдэд биш дандаа компаниудад өгчихсөн байгааг Б.Батзориг сайдын тодотголтой зээл олгосон жагсаалтаас та бэлхнээ харж болно. ЖДҮ-ийг дэмжих зээл бол иргэдэд очдог зээл юмсан. Компанид биш. Эндээс л та асар том ялгааг олж харна. Ичээч ээ, гишүүд ээ. Начир дээрээ үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ гэдэг атлаа тэдэнд очих мөнгийг халаасандаа хийчихээд ямар нүүрээрээ тойрогтоо очих юм бэ, та бүхэн. УИХ-д шударга гишүүн цөөхөн үлджээ. “Би шударга, надад зээл байхгүй” гэж чуулганы танхимд попорч, бусдынхаа алдаан дээр “таанц” эргэж байгаа улстөрчид минь шударга л юм бол зээл аваагүй гэдгээ нотлох челленжид нэгдчих. Миний ах дүү, амраг садан зээл аваагүй юм шүү, надад нэг ч төгрөгийн зээл байхгүй шүү гэдгээ зарим нэг улстөрчид шиг ил гарч ирээд, олон нийтэд ил тод зарлачих. “Шалгуулсан ч чадна аа, гэр бүлээ дэмжсэн удаа надад байхгүй” гээд баримттай гаргаж ирээд тавьчих. Тэгвэл шүтэж амьдаръя. Гэвч АН, МАН ялгаагүй адилхан хүртчихсэн атлаа хэрээ, хэрээнийхээ харыг гайхаад байхаар дэндүү инээдэмтэй харагдаж байна. ЖДҮ-ээс хувь хүртээгүй нь Хөгжлийн банкнаас авчихсан. Авсан гишүүдийн жагсаалт ч оны өмнөхөн задарсан. Бүүр ядарсан  нэг нь Сум хөгжүүлэх, Бондын санхүүжилттэй 888 хөтөлбөрөөс мөнгө авчихсан байгаа нь тодорхой. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. УИХ-ын даргаасаа эхлээд л “Би зээлгүй” гэдэг челленж эхлүүлчихвэл тартагтаа тултал уначихсан УИХ-ын чинь нэр хүнд багахан ч гэсэн өсөх гээд байна.