Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” хэмээн заасан байдаг. Гэвч ардчилсан Монгол Улсад хамгийн үнэт эрх чөлөө болох тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн байх юм. Тодруулж хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэхийг хүссэн, Хотын дарга Су.Батболдыг ажлаа хийхийг шаардсан гэр хорооллын хэдэн иргэд төв талбайд хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн газар жагсаал хийснийхээ төлөө харанхуй шөнөөр цагдаа нарт гавлуулж, ачигдсан тохиолдол өнгөрөгч долоо хоногт гарсан юм.
Ухаандаа, Су даргыг шүүмжилснийхээ төлөө тэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ. Өөр нэг жишээ. Арав гаруйхан хоногийн өмнө хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тэргүүтэн уулаас мод булгалан Улаанбаатар хотод “оршуулж” буй асуудлыг шүүмжилж, мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг дарамталсан албан бичиг мөн л соошл орчинд ил болов. Тэдний хүслээр бол сэтгүүлч ард түмний мэдэх эрхийг хангаж мэдээлэл бэлтгэх бус Ерөнхий менежер уулнаас мод ачиж байгаа нь зөв хэмээн бичих байсан юм гэнэ. “Сэтгүүлчдээ хариуцлага тооц” гэсэн илт сүрдүүлсэн түүний гарын үсэгтэй албан бичиг арай ч худлаа биш байлгүй.
Дахин өөр нэг жишээ хэлье. Ардчилсан Монгол Улсын иргэн би өнгөрөгч долоо хоногт Төрийн ордон орох хэрэг гарав. Албан байгууллагынхаа сэтгүүлчийн нэрийг өөрчлөх дугтуйтай бичиг барьсаар нэвтрэх үнэмлэхээ авлаа. Гэвч, үүдэнд зогсч буй тусгай хамгаалалтын залуу дугтуйгаа үзүүлэхийг шаардав. Дотор нь юу байгааг ч лавлаж байна. “Сэтгүүлчийн нэр солиулах албан бичиг юм аа” хэмээн учир байдлаа хэлээд, цүнхтэйгээ хамт үүдний хамгаалалтын төхөөрөмж рүү тавьсан ч шууд гаргаж ирээд уншиж эхлэх нь тэр.
Бод доо, алга дарам цаасыг тэд тэсрэх бөмбөг гэж бодоогүй нь лавтай. Ардчилсан гэх тодотголтой Монгол Улсад албан бичиг нэвтрүүлэхдээ хүртэл үүдний хамгаалагчид уншуулдаг дарангуйлал тогтчихоод байна, та минь ээ. Өнөөх байгууллага, хувь хүний нууц гэдэг зүйл МАН засагласан энэ жилүүдэд ямар ч үнэ цэнгүй зүйл болоод хувирчихлаа. Тусгай хамгаалалтын бүх албан хаагчид төрийн байгууллага руу нэвтэрдэг тамгатай бичгийг нэг бүрчлэн уншдаг хууль гарчихаагүй баймаар. Хувь хүний, цаашлаад байгууллагад нууцад шууд халдаж, сэтгүүлчдэд үзэмжээрээ ханддаг болоод багагүй хугацаа өнгөрч байна.
УИХ-ын чуулганы хуралдааны сурвалжилж суугаа сэтгүүлчийг хоёр улстөрч маргалдсаны төлөө хөөж гаргах нь юу ч биш. Тэр ч байтугай сурвалжлах эрхтэй сэтгүүлч утсаа ч авч орох эрхгүй болчихоод байгааг нуугаад яахав. Ийм байхад ард түмний мэдэх эрх хангагдана гэдэг юу л бол. Тэд зурагтаар муухай гарахгүй гэж, бохь зажилж, боорцог идэж, бүр согтуу чуулганд “морилж” буйгаа харуулахгүй гэж сэтгүүлчийн бичих, хэвлэн нийтлэх эрхэнд бүдүүлгээр халдах болсон. Улам бүр л бичих, нийтлэх, сурвалжлах эрх чөлөөгөө хасуулсаар байна, бид.
Гэвч дийлэнх олонхи хэвлэл нь эрх баригч намын талд үйлчилж, үнэнийг мэдсээр байсан ч гаргах чадалгүй сууж байна. Чуулганы танхимд зураглаач нарыг оруулахгүй болсноор багагүй хугацаа өнгөрсөн. Одоо харин сэтгүүлч орох эрхгүй болов. Коммунизм эргэн иржээ. Талархан угтаж, амаа хамхаж, үгээ цэнэж, үйлдлээ хүртэл хянахаас өөр аргагүй болов, бүгдээрээ. Төлгөн коммунистуудынх нь баталж гаргасан Зөрчлийн хууль гэгч жинхэнэ утгаараа дарангуйллыг энэ нийгэмд авчрав. Захын нэг хорооны байцаагч хүртэл сэтгүүлчийг дуудаж бичсэн нийтлэлийнх нь худал, үнэнийг дэнсэлж байх юм. “Чи байгууллагыг гүтгэсэн байна.
Тэдэн төгрөгийн торгууль тавилаа” хэмээн хүслээрээ тэд хууль тайлбарлах нь өнөөх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүн биш л баймаар. Сэтгүүлчийн олсон баримт, нотолгоо тэдэнд огтхон ч сонин биш. Мөнгөтэй компани гүтгэлээ гэж шүүхэд өгсөн л бол сэтгүүлчийн буруу гэдэг үзэл нийгэмд улам бүр хүчээ авч байна. Коммунизм нэвт ханхалсан улстөрчид нь сэтгүүлзүйг хүртэл МАНайх, тАНайхаар нь ангилж, дурын нэг улстөрч 100 сая төгрөг нэхэмжилдэг болов.
Дахин хэлэхэд, Үндсэн хуулийн үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, тэр ч байтугай жагсч цуглах эрх чөлөөгөө хасуулчихаад аз жаргалтай амьдарч байна аа гэвэл түүн шиг үлгэр байхгүй биз ээ. Одоо тэд соошл орчинг хянахаар санаархаж эхэлсэн. Зарим нь ч ил тод санал гаргаж эхлэв. Магад 2020 онд коммунистууд дахин ялсан цагт ардчилал төгс утгаараа сөнөж, яг энэ нийтлэлийнхээ төлөө, яг энд бичсэн баримтуудынхаа төлөө шоронд эсвэл шороонд булагдах цөвүүн цаг айсуй. Коммунист нийгэмд эргээд тавтай морил, монголчууд аа.