ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шударга хүмүүс юу ч хийхгүй суувал чөтгөрүүд ялдаг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-07

Английн төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, нийтлэлч Эдмунд Бёркийн “Шударга хүмүүс юу ч хийхгүй суувал чөтгөр ялдаг” гэсэн утгатай үг бий. Түүнчлэн “Шударга бус байдлыг онцын эсэргүүцэлгүй хүлээн авдаг хүмүүс шууд хохирогчид болж хувирдаг” хэмээн “Францын хувьсгалын тухай эрэгцүүлэл” гэх гол бүтээлдээ бичсэн байдаг юм. Олон зууны тэртээ бичиж байсан улс төрийн онол өнөөдрийн Монголд яг л жинхэнэ төрхөөрөө бий болчихоод байна. Шударга хэсэг нь надад хамаагүй, би ажлаа хийж, цалингаа цагтаа авч байвал улс орныг хэн чиглүүлэх нь хамаагүй гэсэн сэтгэлтэй болчихлоо. Улс орон нь авлигад идэгдэж, улстөрчид тэрбумаар нь идэж уусан шударга бус байдал ноёлчихоод байхад л түүнийг байх ёстой зүйл, болох ёстой процесс мэтээр хүлээж авч байгаа учраас монголчууд бүгд хохирогчид болж хувирав. Шударга хүмүүс юу ч хийхгүй учраас “чөтгөр” ялалт байгуулж, төрийн сэнтийд авлигачид заларчихаад МАНАН дэглэм байгуулж, бүтээж босгосон шударга бусын хонгилоороо үнэний төлөө дуугарсан нэгнийг чирч оруулаад нухчин дарж байна.

Дахиад л энэхүү гүн ухаантны хэлсэнчлэн “төр улсыг тохиолдлын хүн юм уу, хүмүүсийн бүлэг удирдаж болохгүй” гэдэг үгийг зориуд сануулмаар санагдах цаг үе бидний өмнө ирчихэж. Бид мөнгөнд хууртсан сонголт хийсэн учраас захын нэг газрын наймаачин, популист улстөрчдийг өөрсдийнхөө толгой дээр гаргав. МАНАН бүлэгт төрийн эрхээ өгчихсөн учраас хамгийн нүгэлт үйл хийсэн хүмүүс болчихлоо. Одоо хэрхэх вэ. Эндээс гарах гарц байна уу хэмээн улс төр бичдэг, судалдаг бүхэн гарц гаргалгаа ярьж байна. Үнэндээ Монгол Улсад утаа, агаарын бохирдлоос илүү улс төрийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчихжээ. Хүн бүхний санаа чилээдэг асуудал болов. Нөгөө “Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй” гэдэг шиг бид улс төрийг хаяж, өөр асуудалд санаа чилээхийг хүсэвч улс төр бидний амьдралаас явахгүй байна. Ганцхан Монгол Улс энэ замаар бэдэрч, шударга бус байдлын хохирогч болоод яваа юм биш. Дэлхий дахины улс төрийн түүх, хөгжил дэвшлийн замналд олон мянган шударга бус байдал бий болж байв. Тэр болгоныг нэг ухаант хүн гарч ирээд зохицуулчихдаг юм биш л дээ. Харин хохирогч болж хувирахгүй гэсэн шударга иргэдийн тэмцэл, жагсаал энэ бүх буруу тогтолцоог эрүүл болгож ирсэн түүхтэй юм. Эдийн засаг нь хямрахад тэд гудамжиндаа гарч ирээд тэмцдэг. 

Хууль бус зүйл хийсэн Ерөнхийлөгчөө хоёр, гурван өдрөөр жагсаж, тэмцээд л огцруулчихаж байна. 

Шатахууны үнэ нэмэгдэхэд л машинаа жагсаан эгнүүлж тавиад тэмцэнэ. Эрх баригчдын буруу шийдвэрийн эсрэг амиа алдахаас ч айхгүй тэмцдэг. 1989 онд эрх чөлөөний төлөө тэмцсэн Хятадын оюутан залуусын эмгэнэлт жагсаал ч энэ бүхний гэрч. Бидний хувьд алдарт Цагаан морин жилийн хувьсгал байна. Оготны хамраас ч цус гаргахгүйгээр нийгмийг өөрчилж болдог гэдгийг харуулсан юм шүү. Харамсалтайгаар таван залуугийн амийг авч одсон 2008 оны долдугаар сарын 01-ний хэрэг явдал ч Монгол Улсад шударга бус зүйл дэндүү их болсныг гэрчилж байсныг нуугаад яахав. Ингэж бичлээ гээд хүчирхийлэлд уриалж, гудамжинд гарч очоод орилж, Төрийн ордон руугаа чулуу нүүлгэ гэж уриалах гэсэнгүй. Гагцхүү шударга бусын төлөө тэмцэж байгаа нэгнээ бид яагаад хэмлэх болов. Таны хохирогч байх сонголттой нийцэхгүй гэж, чөтгөрүүдэд боломж олгохгүй гэсэн шударга хүмүүс нийгмийн сайн сайхны төлөө дуугарч байгаа нь тийм ч нүгэлтэй зүйл биш байлтай. Гудамжинд гарч жагссан нэгнийгээ худалдагдсан мэтээр шоолдог болсон. Төлбөртэй жагсаалд тэр ирчихэж, бодвол мөнгө авсан байх гэсэн пост өнгөрсөн хугацаанд хангалттай хөвөрлөө. Та ширээнийхээ ард хохирогч болох сонголт хийсэн байхад таны өмнөөс тэнд очсон хүнд баярлах ёстой баймаар. Зарим улстөрч нь хүртэл “Өвлийн хувцастай ирчихсэн учраас олуулаа болж харагдсан юм билээ” хэмээн даапаалж байх юм. Тэдгээр жагсагчид дунд мэдээж улс төрийн оноо авах гэсэн популизм, элдвийн төлбөр мөнгөтэй өөр зорилготой хүмүүс байж мэдэх л юм.

Тийм санаа ч цухалздаг болсон. Мэдээж тийм жагсаалд битгий оч. Гэхдээ охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн төлөө яагаад гудамжинд гарч ирэхгүй байна вэ, монголчууд аа. Утааны асуудлаа сандалны араас мянга яриад яах юм бэ. “60 тэрбум”-тай тэмцэж, МАНАН дэглэмийн эсрэг жагсаж байгаа нь худлаа харагдаад байвал ЖДҮ-тэй тэмцэх сонголт мөн л таны өмнө байгаа. Махны үнэ тэнгэрт хадаж, шатахууны наймаачид даам гарч, сонгосон нам чинь мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй байвал жагсаж, тэмцээд үр дүнд хүр. 30 мянга биш 3000 хүн л цугласан юм билээ гэж шоолж суухын оронд гарч очиж, тэмцэлд нэгдээд 3001 болго. Амьдрал хүнд байна, атга гурилаа олохын төлөө хөдөлмөрлөж байхад хэн жагсах юм хэмээн уурлах хүн ч байна. Окей. Үүнтэй хэн ч санал нэгдэнэ. Амьдрал хүнд байна. Ажлын байр олдохгүй байгаа нь бас үнэн. Тэгвэл үүнийг ус балгасан мэт дуугүй сууж, өөр нэг шударга хүн гарч ирэх биз хэмээн харж суугаад шийдчихэж болдоггүй юм. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх л энэ бүхнийг өөрчилдөг. Тиймээс 30 мянгуулаа гудамжиндаа гарцгаая. Тайван замаар өөрчлөлт бий болгож чаддаг гэдгийг харуулъя.

Хэрээ, хэрээнийхээ харыг гайхсан ЖДҮ, 60 тэрбумтнуудыг байх суух газаргүй болгоё. Улстөрчид нь ажил хаяж, төрийн ажлыг бойкотолдог бус утаа, агаарын бохирдлоо яриад суудаг болтол тэмцэе л дээ, хэдүүлээ. Төв талбайн жагсаалд таны үг дутагдаж байна уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Машины хүрдний ард улс төр ярих биш Төв талбайд очоод үгээ хэл. Албан тасалгааны өрөөнд төрөө зүхэх бус дулаан хувцсаа өмсөөд дуртай уриа лоозонгоо бариад жагсахаар оч. Бид тэмцэж чаддаг, бас өөрчилж чаддаг ард түмэн гэдгээ харуулмаар байх юм. Ерөөс энэ улсад болж бүтэхгүй байгаа бүх сэдвээр жагсмаар байна. Өөр өөрсдийнхөө үзэл бодолд буруу гэж бодсон тэр зүйлээ өөрчлүүлэхийг хүсч байгаа бол дэмий пост бичиж, эсвэл гудамжинд очсон нэгнийг хардаж суухын хэрэг юу байна. Дахиад хэлэхэд шударга хүмүүс юу ч хийхгүй суувал чөтгөрүүд ялдаг юм шүү.