УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжсэн эрхэм гишүүд та бүхэнд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэдгийн хувьд үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье.
Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, нэг долларыг 4000 төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит гадаад, дотоод эрсдэлтэй нүүр тулсан.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо үнэнийг хэлдэг Засгийн газар байна гэж хэлсэн үгэндээ эзэн байж, олон түмний хүсэж шаарддаг, овоорч хураагдсан асуудлын томыг, бэрхшээлийн хүндийг шууд барьж авч шуурхай шийдэхээс ажлаа эхэлсэн.
Бид дөрвөн жил овоорсон асуудал, овоолсон хогийг гурван сарын дотор бүгдийг шийдэхгүй ч үндэс углуургаар нь цэгцлэн цэвэрлэж эхлэн, үрэлгэн данхар төсвийг түүхэнд анх удаа Та бүхэнтэй хамт 2.2 их наядаар танасан. Энэ хүрээнд төрийн албаны шинэчлэл, засаглалын шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл, дижитал шинэчлэл гэсэн таван цогц шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж тавьсан. Энэ бүхний үр дүнд эхний долоон сард 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай байсан улсын төсөв наймдугаар сард 50 тэрбумын ашигтай болж эргэн ирсэн.
Аль нэг хүнтэй биш, асуудалтай өрсөлдөх нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын үндсэн үүрэг гэсэн өндөр итгэл үнэмшилтэйгээр ажилдаа шууд орсон.
Бид үнэнтэй нүүр тулсан. Нүүрсний үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, өв биш өр үлдээсэн үнийн өсөлттэй тулсан.
Үнийн өсөлтийг өгөөж болгохын оронд өөрсдийгөө илүү хангадаг данхар төр, үрэлгэн тансаг төсвийн гашуун үнэнтэй нүүр тулсан. Ард түмний баялгийг бид тамга дарж нуусан үнэнтэй ч тулсан. Эмч, багш, ахмадууд, иргэд орлого нь хүрэлцэхгүй, эрх мэдэлтнүүд нь орлого зарлагаа нотолж, авлига хээл хахуультай тэмцэхээс хойш сууж байна гэсэн ард иргэдийн шүүмжлэлийн гашуун үнэнтэй нүүр тулсан.
Баялгийн хулгайн эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт бол зоосны хоёр тал юм. Сүлдтэй тал нь тэмцэл бол тоотой тал нь эдийн засаг юм.
Хулгай тонуулд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, үр өгөөжөө алдаад байгаа айл өрх өөдлөхгүйтэй адил бид шүүрхий шанага шиг эдийн засаг, төсвөө бөглөж тэмцэж байж эдийн засаг сэргэж болохыг бид бодит гүйцэтгэлээр харуулсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор нэг тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээлээ. Валютын ханш, үнийн өсөлтийг тогтворжууллаа.