Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэмдэглэлт баярын өдрүүдийг архигүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх саналыг гаргасан юм. Мөн “Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргах тухай холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн билээ. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой” гэж тодотгон хэлсэн юм. Тэгвэл энэхүү шийдвэр нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэ талаар түүнээс тодруулахад “ Албан ёсоор бол одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна. 04:00 цаг хүртэл ажилладаг асуудлыг ямар байдлаар зөв зохион байгуулалтад оруулах вэ, яавал иргэн болон аж ахуйн нэгждээ хохиролгүй байх вэ, иргэдийн амьдралын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нийслэлийн албан хаагчид шөнийн гудамжийг хөгжүүлнэ гэж цаг зав, хөрөнгө мөнгө үрдэггүй байх, хөгжлийнхөө асуудлыг яаж анхаардаг байх вэ гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Нийслэлийн төр захиргааны ажилчид шөнийн гудамж хөгжүүлнэ гэж, иргэд нь унтаж амарч чадахгүй, орчин тойрон нь маш их бохирдсон ийм зүйл байх ёсгүй. Энэ бүхнийг арай өөрөөр харж, ажил хэрэгч байдлаар хандах ямар боломж байна вэ гэдгийг л эрэлхийлж байгаа хэрэг юм. Гэмт хэргийн судалгаагаар шөнийн 00:00-06:00 цагийн хооронд ихэнх гэмт хэргүүд үйлдэгддэг гэсэн дүн байна. Ялангуяа өглөөний 04:00-06:00 цагийн хооронд маш их гэмт хэрэг гардаг юм билээ. Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй зүй бус газар байж болохгүй” хэмээн мэдээлэв.