ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хог, хов хоёрт “идэгдсэн” долоон жил

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-26

Том, жижиг гэхгүй эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн маргаан мэтгэлцээн дагуулдаг зарчим ёсоор Баянзүрх дүүрэгт явагдсан дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр хорооны төлөөлөгчийн сонгууль ч хэл ам, хэрүүл маргаантай өрнөж, өндөрлөв. Бие даан нэр дэвшигч нь мөнгө тараасан, “хууль бус сонгууль” гэж үзсэн АН-ын нэр дэвшигч нь өрсөлдөөнөөс татгалзсан гээд асуудал их байсан ч МАН-ын хоёр төлөөлөгч үнэмлэхүй олонхийн санал авч, ялалт байгуулжээ.

Тухайлбал, аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 1046 сонгогчийн саналаар бусад өрсөлдөгчдөө ялсан бол 19 дүгээр тойрогт мөн л МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 2029 сонгогчийн санал авч өрсөлдөөнд илүүрхжээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт МАН-ынхан 21 суудалтай болж, Ардчилсан нам харин 20 суудалтай болж байна. Ямар учиртай сонгууль болж, яагаад ялалт МАН-ын талд оччихов хэмээн уншигч та гайхаж мэдэх.

Тэгвэл дүүргийн Засаг даргын тамгын газрын байраа “тулааны талбай” болгож, бүтэн гурван жил дотооддоо зодолдсон АН-ын хоёр төлөөлөгч мөнгө тараасан гэх хэрэгт холбогдож, энэ нь гурван шатны шүүхээр нотлогдсон асуудал юм билээ. Хууль бусаар төрийн эрхийг авсан гэх үндэслэлээр хоёр нэр дэвшигчийг чөлөөлснөөр ийнхүү хууль ёсны дагуу дахин сонгууль болж, ялагчийг зарласан нь тэр. Төсвийн мөнгө зарлагадаж, сонгууль болсон уу, болсон.

Түүнд нь нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, нэг нь түрүүлэв. Сонгуулийн дүн мэдээг ч албан ёсоор олон нийтэд зарлаж, төлөөлөгчдийн нэрс тодорхой болчихлоо. Ингэснээр тухайн дүүрэгт АН-ын нэр хүнд яаж унасныг дахин нотлох үйл явдал болж өнгөрөв. Хүчтэй өрсөлдөгч байх учиртай АН-ынхан нэр дэвшигч сойгоогүй шалтгаанаа өнгөн дээрээ “хууль бус сонгууль” хэмээн тайлбарлаж байгаа ч дүүргийн нам дотроо зодоонтой байгаа нь худлаа биш. Баянзүрх дүүрэгт бараг л “хаан” мэт тухалж байсан Д.Пүрэвдаваа намынхаа даргатай таарамжгүй харилцаатай олон жил явсан. Эцэст нь намаас хөөгдсөн ч энэ залуугийн үнэнч фэнүүд Баянзүрх дүүргийн АН-д хэдэн арваараа бий.

Намаасаа хөөгдсөн шарандаа давхиж очоод дүүргийн намын даргаар өөрийгөө сэмхэн тавьчихсан гэх яриа ч чих дэлсэх болов. Дотооддоо хоёр хуваагдсанаас үүдэж, энэ дүүрэгт бодлого биш хэрүүл л өрнөдөг болоод байлаа. Тамгын газрынхаа байрны гадна туг далбаа барьж жагсана. Засаг дарга нь эмэгтэй хүн зодсон гэж шүүлгэнэ. Намынхаа даргатай ойлголцдоггүй учраас ямагт л зодоон, тулаан хоёроор долоон жил энэ дүүргийг самарч орхисон нь худлаа биш л дээ. Хамгийн сүүлд Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүнийг сонгох сонгууль болоход яаж л хөгөө хөлдөө чирсэн билээ. Намын даргаа, АЭХ-ны тэргүүнээ “гичий” зэргээр дуудаж, намын байрныхаа үүдэнд хэдэн хүүхнүүд орилж байсныг олон нийт харсан, сонссон. Ийм л зөрчилтэй нам долоон жил Баянзүрх дүүргийг удирдах биш улам дордуулж орхисон юм.

Улсын нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг атлаа хөгжил дэвшил нь хүний нүдэнд торсонгүй. Тэд ч торгоох талаар ажиллаагүй. Эсрэгээрээ хогон дундаа хөглөрч хов, атаа жөтөө хоёр дүүргийн хөгжлөөс хойш татлаа. Хамгийн их зодолдсон, зөрчилдсөн, туг далбаа намируулж улстөржсөн хүмүүс бол, тэд. АН засагласан долоон жилд хөгжлөөрөө алхам хойшилж, харин бусад дүүрэг нь нүдний өмнө цэцэглэн хөгжиж байна.

Дахин төлөвлөлт яригдахаар намынх нь гишүүний компани буруутай болчихно. Дүүргийн хөгжил ярих гэхээр дарга нь намын гишүүнээ зодсон, зодоогүйг шүүгээд зав гарахгүй. Ажил хийх гэсэн нэгнээ улс төрийн зорилгоор намнана. Энэ бүхнээс л болж тэд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлж чадсангүй. Дүүрэг удирдаж байгаа хүнээ нам нь хүлээн зөвшөөрөхгүй, даргаа цэргүүд нь хүлээн зөвшөөрдөггүй АН-ын зодооны талбар болсон Баянзүрх дүүрэг одоо хөгжих цаг нь болсон баймаар. Эмх замбараагүй байдлыг цэгцлэх цаг нь болжээ.

Хүчний харилцаа бараг тэнцүүхэн ч хүний нэгээр МАН илүүрхэж, энэ дүүргийг удирдах нь тодорхой бололтой. Тэр цагт энэ хэрүүл тэмцэл дуусаасай гэж хүсэх хүн олон бий. Дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө зүтгэдэг, хогон дундаа сааралтаж буй Баянзүрхийг хүн шиг чиглүүлээд явах хүн байгаа гэж найдаж сууя. Монгол Улсад талцал хуваагдал хангалттай байна. Дээдсүүд нь суудлаа олохгүй дүйвээнд доод шат нь хүртэл үрэгдэж, нэг дүүргээрээ хүртэл туг тахисан тулаан энд хүрээд дуусаасай, өөр зүйлгүй дээ.