ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Painter Law Firm” & С.Баярцогт

O.Admin
2019-03-27

“Оюутолгой бол олон улсын хэмжээний мега төсөл. Харин зөвлөгөө авах болохоороо хоёрхон хүнтэй, эрүүл мэндийн үйлчилгээ болон гэрээслэл хийж өгдөг жижиг компанийг сонгож байгаа нь гэмт хэрэг биш юм уу” хэмээн судлаач Д.Ганхуяг нэгэн нийтлэлдээ бичсэн нь бий. Энэ бол С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед болсон явдлын тухай өгүүлсэн хэрэг. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө, өмнөх парламентын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог нар УИХ-ын дарга З.Энхболдод хаяглан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах хүсэлтийг өргөн барьсан байдаг. Энэхүү хүсэлтэд “ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюу толгой” ТӨХК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, нэг гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээний санхүүжилтийг 2015 оны төсөвт суулгасан. Үүнийхээ урьдчилгаа болгож 455 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү үйлдэл нь татвар төлөгчдийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан, зориулалтын бус зүйлд зарцуулах үндэслэл болсон байна гэж үзэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг өргөн барьж байна” гэсэн нь буй. 

Энэ бол цэвэр хулгай дээрэм. “Painter Law Firm” нь албан ёсныхоо вэб сайтад “Манай практик бол иргэний хэрэг болон бизнес төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт гэсэн хоёр салбарт хуваагддаг. Бид иргэний маргаанд, шархадсан хүмүүс, тэдний гэр бүлд эмнэлгийн хайхрамжгүй байдал, бэртэлт, эрх зөрчигдсөний үр дүнд болсон үхэл, бүтээгдэхүүний чанараас болсон хариуцлага зэрэг тохиолдолд туслалцаа үзүүлдэг. Манай фирм өмгөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэгч, хариуцагч нарын бизнес маргааныг төлөөлж шүүхийн асуудлыг шийдвэрлэх туршлагатай. Харин бизнес төлөвлөлт болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтөд, гэрээ хэлцэл байгуулах, түүнийг дахин хянан үзэхэд нь захиалагч нарт тусалдаг, мөн бизнес болон арилжааны асуудлаар нийлүүлэгч нарт хуульзүйн зөвлөгөө өгдөг. Захиалагч нар үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэрээслэл үлдээх, итгэмжлэл, ивээлд авах зэрэг асуудлаар зөвлөгөө авах бол манай хуульчдад хандана уу” гэсэн танилцуулгыг тавьсан байдаг ажээ.  Эндээс харахад 17 тэрбум төгрөгийн зөвлөгөө авахдаа яагаад гадны зөвлөгөө өгдөг компаниудын дунд нээлттэй тендер зарлаагүй вэ, гэрээг яагаад урьдчилж хийв, урьдчилгаа мөнгийг яагаад тийм хурдан шийдвэрлэж, шилжүүлэв, мөнгө шилжүүлэх шийдвэрийг хэн тулгасан, хэн гардан зохион байгуулсан бэ гэдэг асуултууд урган гарах ёстой. Мөн энэ хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдсэн, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээсэн үү, албан ёсны байр сууриа илэрхийлсэн үү, түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдсэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. 

Үйл явдлаас хойш С.Баярцогт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Энэ бол надаас асуух асуулт биш байна. Гэрээг “Эрдэнэс Оюутолгой” компани тэр хуулийн фирмтэй хийсэн юм билээ. Тэгээд “Эрдэнэс Оюутолгой” руу мөнгө шилжигдээд тэндээсээ өгч байгаа. “Painter Law Firm” нь Батаарын асуудалд ажилласан нь үнэн гэж Ц.Оюунгэрэл хэлсэн. Энэ асуудал надтай огт холбоогүй. Тэр компанийг чинь сонгох сонголтыг “Эрдэнэс Оюутолгой” хийсэн. Хариуцсан захиралтай, менежментийн багтай. Надтай хүртээлтэй юм биш” хэмээн булзааруулсан. Мөнгө шилжүүлэх эрхийг тэгэхээр хэн өгсөн болж таарах вэ. Тухайн үеийн Засгийн газрын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорт “Жагсаалтын төсөл хүргүүлэх тухай”  2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/138 тоот “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтын төслийг хүргүүлж байна” гэсэн албан тоотод С.Баярцогтын гарын үсэг цагаан дээр хараар дурайж байна.

Харин үүний дараа Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын 3 дугаар хавсралтаар баталсан “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт”-ийн IV.183 дугаарт заасан “Эрдэнэс Оюутолгой” 17000.0 төгрөг нь Оюутолгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 247 дүгээр тогтоолоор, зөвлөх авч ажиллуулахыг “Оюутолгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 2013 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 28 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна” гээд Ерөнхий сайд нь хэн байхаас үл хамаарч Хэрэг эрхлэх газрын даргын үндсэн ажил үүргийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн хэмээн тайлбарлажээ. Энэ нь тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л мэдэхээс биш ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдэхгүй гэсэн хариулт. 

Бодит байдал ийм. Мөнгө шилжүүлсэн, хууль бус гэрээ хийсэн, гарын үсэг зурсан хүн нь илэрхий ийм эрүүгийн шинжтэй хэрэг хаана очоод гацчихав. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэмээн тодотгож “Painter Law Firm” фирм рүү шилжүүлсэн урьдчилгаа болох 455 сая төгрөг, 14 тэрбум төгрөгийн гэрээ нууц хуйвалдааны аргаар хийгдсэн байх магадлалтай. Дөрвөн жилийн өмнө яригдаж байсан энэ хэргийн талаар одоо хэн ч ярихгүй, сөхөхгүй, нэхэхгүй байгаа нь хачирхалтай. 

А.Одсүрэн