ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүлэглэлүүд сандарч байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-27

-Ардчилагчид хоорондоо “алалцаж” байх тэр цагт ардчилал сүүлчийн амьсгалаа татаж байсан юм- 


Шүүхийн ерөнхий зөв­лөлийн дарга Н.Лүндэндорж тэрбумын хаустай, дансандаа ч бас тэрбум төгрөгтэй шүүгчээ өмөөрч “Нэг ч гэсэн шүүгч тэрбумын хадгаламжтай байж болохгүй юу” хэмээн загнаж байсныг та санаж байна уу. Би лав санаж байна, бүр мартахыг ч хүсдэггүй юм. Жинхэнэ авлигачидтайгаа тэмцээч гэж шаардсан сэтгүүлчийн өмнөөс харж байгаад “За яах вэ, яахав. За мэдэхгүй ээ, мэдэхгүй” хэмээн даапаалж байсан АТГ-ын дарга Х.Энхжаргалыгаа уншигч та мартчихаагүй биз дээ. Хэргийн талаар асуусан сэтгүүлчийн өмнөөс “Ямар олон юм асуудаг юм. Нэг л асуулт асуугаач” гэж загнасан прокурор эгчийг дахиад сануулъя. Монгол Улсын парламентын танхимд орж суучихаад “Цааш нь ярих юм уу, яах юм, гишүүд ээ” гэж даналзаж байсан 

Тагнуулын экс даргыгаа ч эргэн дурсацгаая, хэдүүлээ. Хэзээ ч мартаж болдоггүй юм шүү, тэднийг. Төрийн төлөө ажиллана аа гэж тангараг өргөсөн атлаа ард түмний өмнөөс ийм хариулт өгөөд зогсож байсан эдгээр том дарга нар өнгөрсөнд юу хийв гэж өөрсдөөсөө нэг асуугаач. Шударга ёсны төлөө ажилласан болов уу. Шүүх засаглал эгэл ардад ээлтэй, эрх баригчдад халтай байж чадсан юм уу гэж асуугаад үз. Даанч хариулт нь гунигтай байх болно, амлая. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хилсээр шийдэж, сэжигтнүүдийг тамлан зовоосон, сэжигтэн эмэгтэйн өрөөнд нүцгэн эрчүүд оруулж тамласан ёс бус яргаллын талаар УИХ-ын гишүүд чинь шогширч байна. Үнэн, худлын дундуур биднээс ч олон удаа туучаад гарчихсан Хуульзүйн сайд нь хүртэл “энэ яваа насандаа тийм яргалал үзээгүй” хэмээн учирлаж байх юм. Харин хуулийнхан нөгөөх л “За яах вэ, яахав” гэсэн сэтгэлгээгээр асуудалд ханджээ. Цааш нь ярья. Найман шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжжээ.

АТГ-ынхан нь олж тогтоогоод шалгах гэсэн ч эрх мэдэл нь хүрээгүй гэнэ. Яагаад гээч. Бүх насаараа шүүгчээр ажиллах эрх мэдэлтэй эдгээр хүмүүс УИХ-ын гишүүдээс ч илүү дархан эрхтэй учраас тэр. Үйлдэл дээр нь л бариагүй учраас нэг биш бүр найман шүүгч тэрбумын хадгаламжтай байж болохгүй юу хэмээн ард түмний өмнөөс “салаавч” гаргачихаад суудалдаа шигдээд үлдчихэв. Улсын Ерөнхий прокурор нь төрийн албан тушаалыг наймаалцсан том луйврыг шалгах гэж яарсангүй. Салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг, “Шинжан Шинфан” компаниар 20 тэрбум төгрөг гаргуулж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан хэрэг, Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувийн луйврын хэрэг, утаа нь буураагүй атлаа тэрбумаар нь зарсан “Утаагүй зуух”-ны хэрэг гэх мэтээр өч төчнөөн ноцтой гэмт хэрэг УЕП-ын ширээнд тоосонд дарагдан хэвтэж байна. “Ийм, ийм баримт байна аа, түүнийг шалгаад өгөөч ээ” гэж Ерөнхийлөгч нь хүртэл баримт өгч байхад “Ямар олон хэрэг ярьдаг юм. Нэг л хэрэг яриач, чи” гэсэн өнгө аясаар хандаж, ширээнийхээ ардаас ч босохгүй пээдэлзэж суусаар гаргаж байлаа. 

УЕП-ын орлогч нь ЖДҮХС-гаас мөнгө хулгайлчихаад байхад парламентын танхимд орж ирж шударга ёс ярьчихаад, дэргэдэх эрдэнээ нуучихлаа, тэр дарга. Ингэж л шударга нийгмийг тогтоож, авлигачидтай тэмцэж байх юм. Энэ бүхэн арай хэтэрч байна уу гэж та дахиад нэг бодоод үз дээ. Мэдээж “тийм” гэж толгой дохиж суугаа нь тодорхой. Тэгвэл өөрчлөх үү. Та бас л “өөрчилье” гэж хариулна. Яагаад гэвэл боломжийг биднээс хулгайлсан гэмтнүүд бүлэглэлд ороод нуугдчихсан учраас тэр. Улсын хөгжлийг хэдхэн луйварчдад даатгаж, дэндүү олон жил дарлуулсан учраас тэр юм. Тиймээс таны уур хүрч, 50-хан сая төгрөгийн төлөө 50 жил хөдөлмөрлөсөн он жилүүдээ эргэн бодож бачимдаж байгаа. Залуу насаа банкны зээлэнд чөдөрлөж, амраг ханиа алсад “боолын хөдөлмөр” хийлгэж байгаадаа бухимдсан учраас “өөрчилье” гэж зоригтой дуугарч байгаа юм. 

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Ц.Элбэгдорж гэж хүн мэдэгдэл хийлээ. Дуу муутайхан эхлүүлсэн хэвлэлийн хурлын зорилго нь өөрийн байгуулсан хонгилоо, түүний түлхүүрийг атгасан шүүгч, АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокуророо хамгаалах явдал аж. Бүр энэ хүмүүс л албан тушаал дээрээ байвал ҮАБЗ, цаашлаад Ерөнхийлөгчөөр ч яадаг юм гэж мэдэгдлээ. Бүлэглэлүүд айдас хүйдэстэй байгааг зориггүйхэн хийсэн мэдэгдэл нь дахиад нотлочихлоо. “Хонгилыг та байгуулсан. Тэр хонгилоороо яагаад Л.Гансүх тэргүүтнийг чирсэн юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад харин хариулт өгч чадсангүй. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр эцсийн хүчээ шавхан хонгилоо нураалгахгүйн тулд тэмцэж байх юм. Харин энэ бүхний тэргүүн эгнээнд өнөөх хүний эрх, ардчилал, эрх чөлөөг ярьж байгаа Ардчилсан нам манлайлж явааг хараад олон хүн харамслаа, бас гутарлаа.

Тэмцэж олсон ардчиллыг нь Төрийн гурван өндөрлөг биш тэд харин өөрсдөө нураачихсан юм шүү дээ. Энэ улсад ардчилал гэж байхгүй болсон. “Тэрбумын хадгаламжтай шүүгчтэй байж болохгүй юу” гэж загнуулж байхдаа бид ардчиллаа алдчихсан байлаа. Сэтгүүлч асуулт асуусны төлөө “Яасан олон зүйл асуудаг юм” гэж загнаж байх тэр цагт ардчилал хэдийнэ булшиндаа орчихоод байлаа. Шударга бусын хонгилоор нэгийгээ чирч, ардчилагчид хоорондоо “алалцаж” байх тэр цагт 1990 онд олж авсан ардчилал чинь сүүлчийн амьсгалаа татаж байсныг бас сануулъя.

Мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын нөхрийнх нь үхлээр хуулийнхан тоглоом наадгай хийж, хэрэгт холбогдсон залуусыг тамлаж байхад нөгөө ардчилал чинь хаана, хэнийг хамгаалаад явж байсан юм бэ. Тэд хүн биш юм уу. Ардчилсан Монгол Улсад адилхан л эрхээ хамгаалуулах эрхтэй хүмүүс шоронгийн дөрвөн ханан дунд зовж байхад ардчилагчид ингэж шөнөөр хурал хийж, Онц их хурлаа хийхгүй яасан юм бэ гэж заавал асууя. Хуульч Х.Тэмүүжин “Дөрвөн жилийн өмнө Ц.Оюунгэрэл мөрдөнд хүний эрхийг зөрчиж, тамлал яргалал үйлдэж байна гэж хөлөө жийн эсэргүүцэхэд хэн ч тоогоогүй” гэж гомдоллов. Тийм ээ, тэр үед л ардчилал дуугарах байсан юм. Засаглаж байхдаа хонгилыг нураах гэж тэмцэх бус харин ч эсрэгээр нь Н.Энхбаярыг, намынхаа Н.Алтанхуягийг, бас Л.Гансүхээ, А.Гансүхээ ар араас нь хонгилоор чирч, тоосго зөөж, өрлөгийн ажилд нь хүч нэмж явсан хүмүүс шүү, та нар. Гэнэт өнөөдөр л сэрсэн аятай “Үндсэн хууль аюулд орлоо” хэмээн ардчиллыг хамгаалагчид болж драм тоглоод яах вэ.

Монголд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийсэн хүн алга. Зүгээр л бүлэглэл хоорондын тулаан болж байгаа. Хонгилын түлхүүрээ атгаж үлдэх гэсэн бүлэглэл хэдэн мянган троллуудтайгаа “дайн”-д хөөрч, хуульч хэмээн өөрсдийгөө дөвийлгөсөн цүнх баригчид нь “Үндсэн хууль аюулд орлоо” гэж мэдэгдэл хийж суугаа. Яагаад О.Гүнбилэг, Х.Тэмүүжин гэсэн нам дагасан залуус хамгийн чанга дуугарав. Тэд хэний талд үйлчилж байснаа илүү чангаар л зарлачихлаа, өөр юу ч биш. Монголын мянга, мянган хуульчид яагаад гудамжинд гарч ирэхгүй байна вэ. Чин үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан гэх Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалт зөвхөн хонгилын түлхүүрийг атгачихсан АТГ-ын дарга, дэд дарга, шүүгчид, Ерөнхий прокурор зэргийг доргиох гэсэн оролдлого. Үндсэн хуулиар өөрсдийгөө хамгаалчихаад насаараа нэг албанд дархлагдаж, бүлэглэлд үйлчилдэг шүүгч нарыг ажлаас чөлөөлөх талаар Үндэсний аюулгүй байдлаас зөвлөмж гаргах тухай л асуудал юм билээ. Хэрвээ УИХ үндэслэлгүй гэж үзвэл үндэслэлээ илүү баттай болгож оруулж ирнэ. УИХ хүлээж авахгүй бол, мөн баримт худлаа байвал шүүгч ажлаа хийгээд л явна. Шүүхийн Ерөнхий зөвлөлд байгаа эрх мэдлийг булааж, Үндсэн хуулийн 47.1 “Шүүхийг зөвхөн Үндсэн хуулийн дагуу байгуулна”, 47.2 “Шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 49.1 “Шүүгч хараат байна” гэсэн заалтуудад энэ зөвлөмж харшлахгүй. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Салхитын мөнгөний ордыг хамгаалж, авлига авсан шүүгчидтэй тэмцэх ёстой гэж үзвэл баримтаа өгч, энэ шүүгчээ чөлөөл хэмээн зөвлөмж хүргүүлэх тухай л асуудлыг “төрийн эргэлт” хэмээж, ар араасаа гарч ирэн мэдэгдэл хийцгээлээ. Бүлэглэлийнхэн сандралджээ. Нэгэн сэтгүүлчийн бичсэнчлэн “Шүүгчид нь өөрийгөө боомилтлоо авлигажиж, прокурор нь хөнжил дотроо хэрэг яллах хүртлээ завхарсан” учраас өөрчилье гэж шийдсэн юм. Бүлэглэлийн томилсон 40 шүүгчийн бат бөх суудлыг ганхуулах амаргүй ч өөрчилье гэж шийдсэн бол хамтдаа л өөрчилцгөөе. Дахиад хэлье, Монгол Улсад бүлэглэлүүд зодолдож байна.