ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Би хууль зөрчиж, хулгай хийгээгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай холбоотой хэд хэдэн асуудал олны анхааралд байна. Эдгээр асуудлуудын талаар Хотын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

-Таныг хятадын компанид 50 га газар олгосон тухай С.Мөнхчулуун төлөөлөгч мэдээллээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг гэдгийг би өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар Хятадын Засгийн газартай хамтран хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр тохиролцсон байдаг. Үүний дагуу Засгийн газрын тэргүүний захирамжаар судалгаа тооцоо хийх ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Үүний дагуу Засгийн газрын тэргүүн дэд дарга гуравдугаар сарын 27-нд Хотын даргад “Тэньжин фүүдс” компани хотын захиргаатай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг судлах чиглэл өгсөн. Хариуд нь миний нэр дээр хүнсний ногоо тариалах зориулалттай хүлэмж байгуулах ажлын холбогдох судалгаа тооцоог хийх шаардлагатай байна гэдэг утга бүхий албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн байдаг. Улмаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Тяньжин хотын захиргаатай хамтран 10 бодит ажлыг судалж, хэрэгжүүлэх нийслэлийн 100 гаруй хувийн өмчит компанийн нэрийг хүргүүлсэн юм. Үүнд ямар нэгэн газар олголт явагдаагүй. Газар олгох шийдвэр гараагүй. Харин дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгч аж ахуй нэгжүүдийг ямар байдлаар дэмжих вэ, дөрвөн улиралд ямар хүлэмж байгуулах вэ гэдэг үүднээс энэ судалгааг хийсэн. Үүнийг С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, хотын захирагч Хятадын компанид 50 га газар олгох шийдвэр гаргасан гэх гүтгэлгийг санаатайгаар зохион байгууллаа. Ийм мэдээлэл явуулж байгаа нь С.Мөнхчулууны хувийн ашиг сонирхолтой шууд холбоотой.  Хадам ээжийнхээ нэр дээрх ААН-д Нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийн хувиар оруулж ирсэн юм. Үүнийг нь НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бус асуудалд шийдвэр гаргахгүй гээд гарын үсэг зураагүй юм. Энэ асуудлыг гурван удаа буцаасан байдаг. Үүнээс үүдэж над руу дайрах, гүтгэх асуудал эхэлсэн.

-“Улаанбаатар агро” хүлэмжийн аж ахуй эрхлэх нэрийн дор БНХАУ-ын нэр дээр хүлэмж байгуулах саналыг буцаах эрх танд байсан уу. Хоёр аж ахуйн нэгж, 26 иргэний газрыг чөлөөлсөн 50 га газарт яагаад дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ногоо тарих эрхийг нь олгоогүй юм бэ?

-Миний зүгээс 50 га газар олгох ямар ч шийдвэр гаргаагүй. Цаашид ч гарахгүй. Бид судалгаа хийх ёстой. Дотооддоо ногоогоо тарьж байгаа гэх боловч өвлийн улиралд олон төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн экспортоор орж ирж байгаа. Энэ нь хэний гараар, хэдий хугацаанд, хаана хадгалж байгаад бидний ходоодонд орж байгааг хэн ч мэдэхгүй. Албан ёсны лабораториуд байгаа гэх хэдий ч тэр лабораториуд бүгдийг нь шинжилгээнд оруулж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг мэргэжлийн байгууллагууд ч хэлдэг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах судалгааны ажил явах ёстой. Тэгж байж эрүүл байх тухай асуудал яригдана. Хаана нь ямар ногоог тарих вэ гэдгийг судлах хэрэгтэй. Тийм учраас энэ асуудлыг судлах тухай бичиг хүргүүлсэн юм. Газар олгох ямар ч асуудал яригдаагүй гэсэн үг.

-Таныг Зайсан толгойг барьцаанд тавьсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би бизнес хийж, аж ахуй эрхэлж байсан нь үнэн. Баялаг бүтээж, бүтээн байгуулалт хийсэн. Гэхдээ хууль зөрчиж, хулгай хийгээгүй. Гадна, дотны ямар нэг аж ахуйн нэгж компаниас зээл тусламж, хөрөнгө санхүү аваагүй. Хуулийн хүрээнд аж ахуйн нэгж ямар үйл ажиллагаа явуулах ёстой, тэр хүрээнд л үйл ажиллагаа явуулж байсан. Бизнес эрхэлж байхдаа ч, албан тушаал хашиж байхдаа ч ямар нэг байдлаар хууль зөрчиж, хулгай хийгээгүй. Ямар ч үед албан тушаал, эрх мэдлээр дамжуулж тендер, санхүүжилт авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл.

-Газар хэлтсүүдийн зарим нэрийг өөрчилнө гэж байна. Тамга тэмдгээс эхлээд төсвийг дэмий үрэгдүүлэх эрсдэлтэй биш үү. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа чухал үед яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-Засгийн газраар оруулж батлуулсан бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн тамга тэмдгийг өөрчилсөн. Шинээр байгуулсан хоёр агентлагийн тамга, тэмдгийг хийж байгаа. Газар зохион байгуулалттай холбоотойгоор үйл ажиллагааны зохицуулалт хийх шаардлага байсан. Дотооддоо зөв зохион байгуулалт бий болгохгүйгээр гадагшаа гарч ажил хийнэ гэдэг хэцүү. Тиймээс дотоод зохион байгуулалтын хүрээнд ийм шийдвэр гаргаж байгаа шүү. Үүнээс болж ажил гацаж байгаа гэж бодохгүй байна. Холбогдох газрууд бүгд ажлаа зохион байгуулаад явж байгаа.

-Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын шалтгаан нь эцсийн байдлаар хэзээ гарах вэ. Хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?

-Хариуцлагыг мэдээж ярина. Энэ асуудлууд бүгд хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явж байгаа. Цаашид ч шалгуулах асуудал олон бий. Өнөөдөр тэр энэ гэж нэр дурдах шаардлагагүй. Ослын шалтгаан өнөөдрийн байдлаар эцэслэн гараагүй. Эцсийн байдлаар шалтгааныг тогтоосон үед албан ёсоор мэдээлэл хийнэ. Төв цэвэрлэх байгууламжийн ослоор эндсэн хүмүүсийн ар гэр маш хүнд байдалтай үлдсэн. Нялх биетэй, бие давхар, өвчтэй хүмүүс өнчирч үлдсэн. Осол болсон тэр газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн байдаг. Яг осол болсон тэр газарт шүү. Гэвч тэр ажил нь чанаргүй болсон. Хаалт боолтууд нь задарсан. 

-Таны орлогчтой холбоотой асуудал нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулсан. Ёс зүйгүй үйлдэл гаргасан орлогчдоо арга хэмжээ авах уу?

-Хэн хаана зураг даруулаад явахыг хянаж чадахгүй. Тухайн хүний л асуудал байх. Хариуцлагатай байх газраа хариуцлагатай байх уу, үгүй юу гэдэг нь тухайн албан тушаалтны хүссэн ч, хүсээгүй ч хүлээсэн үүрэг нь. Орлогчоосоо эхлээд бүх ажилчин, албан тушаалтнуудыг хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар хий гэдгийг л шахаж шаардаад байгаа юм. 

-56 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайн асуудлыг яаж шийдэх вэ. Бүрэн бүтэн байсан бүтээн байгуулалтын ажлаа нурааж байна. Өөр газар шийдэж боломж байсан уу?

-Энд хоёр сургуулийн өргөтгөлийн ажил хийж байгаа. Нэг ажил хийх гээд нөгөөг нь сүйтгэж байгаад би ч гэсэн эмзэглэж байгаа. Өөр газар өргөтгөлийг барих ёстой байсан ч тухайн газарт намын үүрийн байр барьчихсан. Тиймээс сургуулийн өргөтгөлийн ажлыг хийхийн тулд хөл бөмбөгийн талбайг ашиглахаас өөр арга байгаагүй. 

-Налайхын уурхайд осол гарч гурван хүний амь эрсэдлээ шүү дээ?

-Налайхын уурхайн асуудлыг удаан хугацаанд ярьж байгаа. Тухайн уурхай олон жил хууль бус үйл ажиллагаа явуулж, 200 мянган га газар сүйтгэсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Гэтэл зөвшөөрөлгүйгээр лацыг авч, үйл ажиллагаа явуулж байгаад гурван иргэн харамсалтайгаар амь насаа алдлаа. Энэ асуудалд дорвитой арга хэмжээ авах талаар бүх шатанд ярьж байна. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авна. 

-Бургас тайрсан компаний захирал О.Сайнбаяр танай хамгаалалтын албаны дарга байсан гэж үнэн үү?

-“Оюуны ундраа” компани 1700 гаруй ажилтантай. Би тэр компанийн үйл ажиллагаанд оролцохоо больсон үе буюу 2012 оноос өөрийн ХОМ-дээ ямар хамааралтай ямар газрын, ямар эд хөрөнгө байдаг вэ гэдгийг маш тодорхой мэдүүлж ирсэн. Хурлын дарга болсноос хойш тус компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Олон зуун ажилтантай компанийн хэн нь юу хийж явдгийг бүртгэх боломж надад байхгүй. О.Сайнбаяр гэдэг хүн өөрөө мэдэгдэл хийж, үйл ажиллагааг нь зогсоосон гэдгийг мэдээлж байгаа юм билээ. “Зүүнбаян рефайнери” компанийн  цуцалсан газар дээр барьсан барилгыг буулгаж, нөхөн сэргээлт хийе гэсэн хотын даргын захирамж гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг газар дээр нь очиж хянаж байгаа. Хамааралгүй зүйлийг хамаатуулахын тулд ах дүү амраг садан, аав ээжийг нь хүртэл элдвээр доромжлох асуудал гарч байгаа. Улс төрийн зорилгоор намайг гүтгэж, доромжилж болно. Харин хүний аав ээж, ах дүү гэдэг ямар ч хүний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл. Намайг 50 га газар олгосон гэж гүтгээд байгаа С.Мөнхчулууныг өнгөрсөн баасан гарагт цагдаагийн байгууллагад өгсөн.