Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын байнгын хорооны дарга нарыг шинээр сонгох болон улираан томилох эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. Тэгвэл өнөөдөр хуралдсан Байнгын хороодын хуралдаанаар томилгоог хийж эхлээд байна.
Тухайлбал, УИХ-ын дэргэдэх Төсвийн байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Хуралдаанд нийт 12 гишүүн оролцсон бөгөөд Ж.Батзандан гишүүнээс бусад нь улираан томилохыг дэмжлээ. Харин Ж.Батзандан гишүүн дэмжихгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Бид саяхан орон нутагт ажиллаад ирлээ.
Орон нутгийн иргэд таны компани улсын тусгай хамгаалалттай бүсээс сугарч үлдсэн газар буюу Тост, Тосонбумбын нурууг ухаж байна гэдэг зүйлийг ярьж байна. Ийм зүйл байгаа юм уу” гэсэн юм. Харин Б.Чойжилсүрэн гишүүн “Надад тэр компани хамаагүй. 2015 онд би тэр компанийг зарчихсан. Гэтэл сонгууль дөхөөд ирэхээр надтай холбож яриад байна. Би үйл ажиллагаанд нь хамааралгүй” гэсэн тайлбар өгсөн юм. Гэсэн ч Ж.Батзандан гишүүний тухайд улираан томилох саналыг дэмжихгүй гэдгээ хэллээ. Мөн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Санал хураалтад нийт 13 гишүүн оролцож, 92.3 хувийн саналаар дэмжлээ.