Өнөөдөр 8 боксчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-24

Тайландын нийслэл Бангкок хотноо боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Одоогоор манайхаас эрэгтэй 4, эмэгтэй 4, нийт 8 тамирчин хүрэл медалийн болзол хангасан. Тэгвэл өнөөдөр манай тамирчид мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийнэ.

Эрэгтэйчүүдээс  56 кг-ын жинд өрсөлдөж буй  дэлхийн оюутны наадмын аварга Х.Энх-Амар Энэтхэгийн Биши Kaвиндер Синхтэй тулалдах бол  60 кг-д хүч үзэж буй  Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовтой медалийн өнгөө хувиргахын төлөө тулна.  Харин  64 кг-д армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Йорданы Алкасбех Мустафатай,  81 кг-д УАШТ-ий олон түрүүтэй Н.Шинэбаяр Филиппиний Жон Нобел Марвинтай өрсөлдөхөөр учраа таараад байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн тухайд,  48 кг-д залуу тамирчин Б.Мөнгөнсаран Филиппиний Хосей Габукотой тулалдах бол  54 кг-д ДАШТ, Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг БНХАУ-ын Ши Шиантай өрсөлдөнө.  60 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун Тайваны Ву Шиетэй,  +81 кг-д Азийн наадмын дэд аварга Э.Ундрам Вьетнамын Нгуен Ти Пвонгтой тулалдах билээ.