УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Хүчингийн хэрэгт холбогдсон улстөрчөө хамгаалж үлдсэн парламентаас ичиж байна” хэмээв. Улс орны нэн чухал хуулийн төслүүд олон байхад УИХ нь “улаан мах”-ны хэрэг шүүж, бүр улс орон даяар шууд гаргаж суугааг хараад улстөрч эмэгтэйчүүд байтугай монголчууд тэр чигтээ ичиж үхэх шахлаа. Дэлхий дахинд улс орноороо шившиг болж дуусав. Угтаа ийм балай юманд оролцохгүй хэмээн орхиж гарсан М.Оюунчимэг гишүүний ч буруутгаад байх шаардлага алга. Тэд ичиж бас зэвүүцсэн учраас л ийм хандлага гаргасан хэрэг биз. Ийм гутамшигтай үйл явдал олон битгий тохиолдоосой хэмээн залбирч, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Д.Гантулгад баярлаж суухаас өөр яалтай. Бид тусгаар тогтносон, бүрэн эрхээрээ тун ч гайхуулах дуртай. Хэдхэн өдрийн өмнө ШХАБ-д элсэх тухай яриа санаатай, санамсаргүй гарч эхлэхэд л “стан” орнуудтай ижил биш, бид бол тусгаар улс гэх мэтээр дөвчигнөлөө.
Гэтэл “стан” орнууд чинь энэ өдрүүдэд “Шанхайн найм”-ын индэрт голлож суучихаад бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшил, хамтдаа хөгжих тухай яриад сууж байна. Хар тамхины хууль бус наймаатай тэмцэх, Солонгосын хойг, терроризм гэх мэт том сэдэв, том бодлого яриад явж байна, тэд. Харин ардчилсан Монгол Улсын парламент нь эдгээр өдрүүдэд нэг улстөрчийнхөө дотоожоо тайлсан, тайлаагүйг шүүж, 20 мянган төгрөг хүүхдэд өгөх эсэх асуудлаар талцчихаад хэрэлдэж байлаа. Дэлхий биднийг хэдийнэ хол орхиж, бүс нутгаараа хамтдаа хөгжих талаар ярьж байх юм. “Шанхайн найм” бүс нутгийн үсрэнгүй хөгжлийг ярьж байхад, Канад улсад “Их долоо” хуралдаж мөн л худалдаа, эдийн засгийн чиглэлээр нэгдмэл байр суурьтай байх талаар ярилцлаа. Харин бид “бандааш”, бас дахин “бандааш” ярив. Улс орнууд хөгжил ярьж байхад манай улстөрчид харин ор хөнжлийн ажил ярьсаар. Чин үнэнийг хэлэхэд улстөрчдөөсөө, МАНдуулсан 65 улстөрчийнхөө өмнөөс Монголын ард түмэн тэр чигээрээ ичиж байна, энэ өдрүүдэд. Золоор Монгол Улсын Ерөнхийлөгч улсынхаа нэрийг тахлаад ирэв бололтой. Дэлхийн хоёр их гүрний удирдагчтай уулзаж, том төслүүдээ хөдөлгөх талаар нааштай үг амнаас нь унагаж чадав.
Олон жил яригдсан байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар явуулах асуудлыг “дэмжинэ” гэсэн ганцхан үгийг В.Путины амнаас унагаж чадлаа. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх, цаашлаад олон салбарын хамтын ажиллагааг ажил хэрэгчээр эхлүүлэх талаар шийдэлд хүрч чадсан юм. Олон жил яригдаж буй “Эдийн засгийн коридор” ч энэхүү гурван талт уулзалтын дараа илүү ажил хэрэгч байдлаар шат ахих нь тодорхой болов. Төмөр замаа шинэчлэх, олон улсын “АН-3” автозамын ажил гэх мэтээр бодлогын том ажлууд илүү ажил хэрэгчээр урагшлах зам зурайв. Тамын тогоондоо амьдарч буй бидний “стан” хэмээн гадуурхаж буй улс орнууд ч илүү том амбийц, илүү том хөгжил рүү явж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч нийт долоон улстай хамтын ажиллагааны гарц, харилцан ашиг хүртэх цөөнгүй төсөл хөтөлбөрүүд яриад иржээ. Угтаа парламентынхаа гутамшигт үйл явдлыг энэ өдрүүдэд Ерөнхийлөгч нь халхалж явсаар ирлээ гэхэд хэтийдсэн дүгнэлт болохгүй биз. М.Оюунчимэг гишүүний хэлсэнчлэн энэ парламентад хийх ажил, хэлэлцэх хуулийн төсөл хэдэн зуугаараа байна. МАНдуулсан 700 өдөр өнгөрсөн ч бодлогын хэлэлцүүлэг бус дотоожны хэрүүлтэй зууралдсан хэвээр байлаа. Эхэндээ тэд ичиж эмээж байсан бол одоо харин цагаандаа гарчихаад нээлттэй хэлэлцэж, нэг хааж сүрийг үзүүлж байх юм. Эмэгтэй улстөрчид нь ичиж эмээснээ гайхаж, эрчүүд нь ханцуйн дотроо хор найруулж хүчингийн хэргийг хамгаалж үлдэв.
Ийм гутамшиг, энэ доромжлол хэдий болтол үргэлжлэх бол. Дотоожны хэрүүлтэйгээ зууралдаж, дотроо талцаж суугаа МАН-ын хөгжөөн дэмжигчид харин улс орныхоо нэрийг гаргаж, олон чухал ажил амжуулаад ирсэн Ерөнхийлөгчөө ганцхан зургаар нь өөнтөглөн, доромжлох ажлаа хамгийн сайн хийж байв. Бид ингэж л мандуулжээ. Угтаа “бандааш”-нд багтсан улстөрчидтэйгээ хамт дотоожны хэрүүлээ шүүгээд сууж байх л ёстой байжээ. Бид хүртэх ёстойгоо хүртэж буй бололтой. Ямар сонголт хийснээ эргэн нэг харж, илүү сонголт хийж болох байснаа эргэцүүлэх боломж олгосонд нь харин парламентад талархая. Сонголт дахиад ирнэ хэмээн сэтгэлээ хуурч суухаас өөр яалтай билээ.