ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч АНУ-ыг зорилоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-07-29

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ирэх сарын 3-ны өдрийг хүртэл АНУ-д албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.  Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа ажээ.  

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.