Австрийн эмэгтэй гишүүд залуу эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг холбогдсон сөрөг хүчний улстөрчийг тангаргаа өргөх үед нь эсэргүүцэн, хурал хаяж гарсан байна. Хөгжилтэй оронд төрийн түшээд нь, тэр дундаа эмэгтэйчүүд нь ингэж ажиллаж, эсэргүүцэж, охид, бүсгүйчүүдийнхээ төлөө тэмцдэг юм байна. Харин манай эмэгтэй гишүүд Америк кинонд бүх хэрэг өрнөөд дууссаны дараа цагдаа нар дохио хангинуулан давхиж ирдэг шиг саяхан танхимынхаа нөхдийн ёс зүйн талаар ам ангайв. Юун хурал хаяж гарах, тэмцэх. Огт тэгсэнгүй. Үхрийн сүүлэн дээр хутгаа гаргах гэж оролдож байна. Гэнэт л ухаан орсон юм шиг охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх асуудал байж болохгүй. Хүчирхийлэгчээ өмгөөллөө, УИХ-ын шийдвэр буруу гарлаа, Ерөнхийлөгч хориг тавь гэж ам уралдан мэдэгдэл хийж, “жүжиг” тавив. Эмэгтэй гишүүдийн зарим нь дотоожны хэрэгт орооцолдсон намынхаа залуугийн тухай хоёр, гурван янзын байр суурь илэрхийллээд амжив. Энэ бүхэн нь хэлэх үгээ, илэрхийлэх байр сууриа хэн нэгнээр заалгаж, сургуультай амьтан мэт болсны илэрхийлэл. Уг нь энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сууж байгаа.
АН-ын нэгийг эс тооцвол нэг намаас 12 эмэгтэй гишүүн сонгогдсон. Нийлээд албан бус бүлэг болоод, хуулийн төсөл өргөн барьж, нийгэмд, хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй олон асуудлыг шийдэж болохоор байсан. Гэвч тэд юу ч хийсэнгүй. Нэгдэж нийлэх нь битгий хэл 65-ын бүлэг хоёр хуваагдахад сөргөлдөгчид болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд тэдний хийсэн хамгийн том ажил нь хоёр тал болж, Засгийн газраа унагаасан л байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг УИХ-ын гаргасан шийдвэр болгонд тэд оролцсон. Бүр эсрэг товчлуур дарсан. 2016 оны сонгуулиас хойш бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад эмэгтэй гишүүдээс ганц гялтайх шийдэл хайгаад олсонгүй. Сүүлд нэр төдий эмэгтэй гишүүдийн бүлэг гээчийг байгуулсан. Харамсалтай нь бүлэг болоод ч тэд доривтой ажил хийсэнгүй. Ор хөнжил, дотоожны асуудал дэгдээд жил шахуу болсны дараа гэнэт ухаан орсон юм шиг УИХ-ын чуулганаар ам уралдан бэлдсэн үг хэлснийг эс тооцвол шүү дээ. Тэд үнэхээр нэгдэж нийлж, охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байгааг эсэргүүцсэн бол жилийн өмнө дуугарах байсан юм. Ус балгасан юм шиг дуугүй сууж байснаа гэнэтхэн хазгай буруу ярьж, эмэгтэй хүнд хайртай болж хувирсан нь сайхан гэхээсээ илүү муухай харагдаж байна.
Өмнөх парламентад ажиллаж байсан эмэгтэй гишүүд юу хийсэн билээ. Архи, тамхины эсрэг хууль санаачилж батлуулахаас авахуулаад хүүхэд харах үйлчилгээ гээд тоочоод байвал цөөнгүй. Өнөөдөр зоогийн газарт ороод, таваг хоол идэхэд тамхины гашуун утаа амьсгалаад байхгүй амар болсон. Тэр хэний ач билээ, өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн ажил. Энд өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн хийсэн ажил, санаачилсан хууль, ямархуу энтэй ажиллаж байсныг дурьдвалд маш урт дараалал гарна. Одоо ч гэсэн өмнөх парламентад ажиллаж байсан эмэгтэйчүүд нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө зүтгэж, сургалт сурталчилгаа хийж байна. Гэтэл парламентад сууж байгаа хэд юу хийв. З.Нарантуяа гишүүн л ажлаа сайн хийж, мэдлэгийнхээ цар хүрээгээр эрчүүдтэй зиндаархаж байгаа. Бусад нь анхиагүй үйлдлүүдээрээ л алдаршиж байна. “Боов”, “Бохь”, “Согтуу” гэсэн алдар цол хүртээд зогсохгүй Монголын ард түмэнд хүрсэн “афоризмууд”-аараа ч танигдаж байгаа. “Өвөл болохоор хүйтэн болдог”, “Бидний ачаар нөгөө хэн өргөдлөө өглөө” гэх мэт алдарт үгсийг хүн бүрийн цээжинд хадаж чадсан.
Өөрөөр тэд нийгэмд танигдсангүй. Хүүхдүүдийн сайн сайхан, эмэгтэйчүүдийн амгалан тайван амьдрал, үрсийн эрүүл аюулгүй орчны төлөө тэд сэтгэл гаргаж, бүсгүй хүний ухаанаар ажиллах ёстой. Гэтэл хэн тэгж ажиллав, хэн ч тэгсэнгүй. Утааг бууруулах чухал асуудал хэлэлцэж байхад санаагаа нэмэрлэх нь битгий хэл бохь зажлаад, гараа элгэндээ аваад, бүдүүлгээ гайхуулах гэж байгаа мэт сууж байсан. Тойрогтоо очихоороо сонгогчдоо “Та нараас гуйж сонгогдоогүй” гэж загнана. Ийм хүн парламентын түүхэнд байгаагүй. Эмч, сувилагч, багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд. Тэдний хэд нь өрх толгойлсон эмэгтэй байгаа бол. Амьдралаа авч явахын төлөө шөнө, өдөргүй яаж тэмцэж, 400 мянган төгрөгийн цалингаа хүргэх гэж аргаа барж байгаа бол, хөөрхийс. Гэтэл нэг баян эмэгтэй гишүүн чуулганы танхимд суучихаад “Тангараг өргөсөн учраас цалингаа гол жагслаа” гэж зандарч байна. Өмссөн хүрэм нь сар хүний цус, ялгадастай холилдож, хонон өнжин ажиллаж олсон цалинг нь 10, 20 нугалахаар үнэтэй байгаа даа. Ядаж байхад хэлэлцэж байгаа асуудлаа ойлгодог гишүүн тун цөөн. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага байна. Жендерийн асуудлыг хөндөх ёстой, квот тогтооё гээд байдаг. Ийм эмэгтэйчүүд парламентад ажиллаад, нийлж гадаад яваад, өмссөн зүүснээрээ уралдаж, Засаг унагахад гарын үсэг зурахаас өөрийг хийхгүй бол улс төрд тэдний хэрэг алга.