ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргасан айлчлал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-04

ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины Монгол Улсад хийж буй айлчлал нэг хоног үргэлжилж, өндөрлөв. Төрийн тэргүүний хувиар гурав дахь удаагаа хийж буй энэ удаагийн айлчлал өмнөхөөс илүү ажил хэрэгч, Монгол, ОХУ-ын харилцааг шинэ шатанд гаргаж чадсан түүхэн айлчлал болж байна. Халхын голын дайны ялалтын 75 жил буюу одоогоос таван жилийн өмнө 2014 онд Төрийн тэргүүний хувиар айлчлал хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзалт хийж, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөөд буцаж байлаа.

Тэгвэл энэ удаа мөн л Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээр болон Халхын голын дайны ялалтын 80 жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв. Тэрбээр, Монгол Улсад дөрвөн удаа ирсэн ч ихэвчлэн өдрөөр, эсвэл маш шахуу хөтөлбөртэй айлчлал хийгээд буцдаг. Харин энэ удаа илүү ач холбогдол өгч, ирэхээсээ өмнө Монголын хэвлэл мэдээлэлд ярилцлага хүртэл өгчээ. Тэрбээр, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлээр холбогдсон билээ. Айлчлалын үр дүнд Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзан ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар ярина. Айлчлалын үр дүнд хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурна” хэмээв. Түүх эргэн сөхвөл, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатыг ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр ОХУ-тай “Найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ”-г байгуулж байсан бол 2009 оны наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн төрийн айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурж байлаа. Өөрөөр хэлбэл, хамгийн анх ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон бөгөөд хоёр улсын хооронд худалдаа эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарч ирсэн юм. Мөнхүү 2016 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж байсан юм. Тэгвэл энэ удаа илүү шинэчлэгдэж, иж бүрэн харилцаанд шилжиж байгаа юм. Үүнээс гадна, хувийн хэвшлийн буюу бизнесийн салбарт ч олон гэрээг зурлаа. Энэ бол маш том боломж, том зах зээл үүдээ дэлгэж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр, эрчим хүч, худалдаа эдийн засаг, боловсон хүчин бэлтгэх, гаалийн татварыг бууруулах зэрэг олон салбарт хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах нь ээ. Халх голын түүхэн ялалтын ойд ч ОХУ өндөр ач холбогдол өгч байгаа. Дорнод аймгийн Халх гол сумыг ОХУ-ын Төрийн тэргүүний дэмжлэгээр шинэчлэн барив. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаарын цэргийн тусгай хүчний үзүүлбэр, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулга 130 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт Улаанбаатар хотноо болов. Хоёр улс хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Халх голд болсон энэхүү тулаан дайн уу, тулгаралт уу, эсвэл байлдаан байсан уу гэх мэтээр онолын талаас нь олон зүйлийг тодорхой болгожээ. ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиныг Монголд айлчлах сургаар хэвлэл мэдээлэл, цаашлаад эрдэмтэн судлаачид ч олон янзын байр суурийг илэрхийлсэн. Энэ удаагийн айлчлал эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой, мөнхүү хоёр улсын дипломат харилцаанд ямар ач холбогдолтойг ч шүүрдэн тунгаасан хэрэг. Тухайлбал, ОХУ болон Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн уулзалтаар ШХАБ-ын асуудал буюу Монгол Улс элсэх, элсэхгүйн асуудлыг ярина хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин багтсан нь Монгол Улсад “Роснефть” салбараа нээх нь гэсэн таамаг дэвшүүлэх шалтгаан болжээ. 2014 онд ч энэ асуудлыг хөндөж байлаа. Энэ мэтээр хоёр улсын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан айлчлал манай улсад шинэ боломж, хоёр улсын харилцаан түүхэн цаг үеийг нээж байна. Илүү олныг нуршихгүйгээр В.В.Путины өмнөх гурван удаагийн айлчлалаар юу яригдаж байсан, ямар баримт бичигт гарын үсэг зурж байсныг тоймлон хүргэе. Харин дараагийн дугаарт хамтын ажиллагааны гэрээ, хамтран ажиллах салбарын эдийн засгийн үр өгөөжийн талаар илүү дэлгэрэнгүй нийтлэл хүргэх болно. 

2000 оны арваннэгдүгээр сар: Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Монголд анх удаа айлчлал хийсэн. 

Хугацаа: Хоёр өдөр 

Уулзсан хүмүүс: Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзсан. Мөн Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзаж байлаа. 

Гарын үсэг зурсан гол баримт бичиг: Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас зээлсэн их өрийг шийдэх, цаашлаад өрийг тэглэх асуудлыг ярилцсан. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д Ерөнхийлөгч Н.Багабандитай хамт гарын үсэг зурсан юм. Олон улсын шатахуун, эрчим хүчний томоохон төслүүдэд Монгол Улсын оролцооны асуудал хөндөгджээ. Мөн “Атомын энергийг энхийн ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай”, “Орос, Монголын нутгийн захиргааны байгууллагуудын харилцан үйлчлэлийн зарчмууд” зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.

2009 он тавдугаар сарын 13: ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Ерөнхий сайд С.Баярын урилгаар айлчлал хийсэн. /Халхын голын дайны ялалтын 70 жил/ 

Хугацаа: Зургаан цаг үргэлжилсэн.

Уулзсан хүмүүс: Ерөнхий сайд С.Баяртай ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхсан байдаг. 

Оролцсон арга хэмжээ: Цэнгэлдэх хүрээлэнд болсон ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа ХАА-н техникүүдийг үзсэн юм. Мөн Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, Их тэнгэрт хүндэтгэлийн зоог барьж байв. 

Гарын үсэг зурсан гол баримт бичиг: Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Зам тээврийн яамны хооронд байгуулах ”Зам тээврийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, төмөр замын хамтарсан компани байгуулах хэлэлцээр. Төмөр замын салбарыг хөгжүүлэх чиглэлд 250 сая ам.долларын санхүүжилт. “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулсан.

2014 оны есдүгээр сарын 03: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын төрийн тэргүүний хувиар хоёр дахь удаагаа Монголд айлчилсан /Халхын голын дайны ялалтын 75 жил/ 

Хугацаа: Хагас өдөр 

Оролцсон арга хэмжээ: Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн тэрбээр хүндэд зочны дэвтэрт гарын үсэг зурав. Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, музейг нь үзэж сонирхсон. 

Уулзсан хүмүүс: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байлаа.  

Гарын үсэг зурсан гол баримт бичиг: Хоёр орны Засгийн газар, яам, албаны байгууллага, хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хооронд 15 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих тухай, Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх, Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар хамтран ажиллах хэлэлцээр зэрэг олон баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих, “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хооронд хамтран ажиллах зэрэг байв.

2019 оны есдүгээр сарын 03: ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар гурав дахь удаа Монгол Улсад айлчилж байна. /Халхын голын дайны ялалтын 80 жил/ 

Хугацаа: Нэг хоног 

Оролцсон арга хэмжээ: Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон. 

Уулзсан хүмүүс: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, мөн өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. 

Гарын үсэг зурсан гол баримт бичиг: Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хэмээн томьёолж шат ахиулсан. Нийт 11 гэрээ хэлэлцээр байгуулагдахаас тав нь байгууллага хоорондын хэлэлцээр байлаа.