ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ард нийтийн санал асуулгын зардлыг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-11

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн   Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 

УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ажлын хэсгээр хэлэлцэн тогтсон саналын томьёоллоо танилцуулсан аж. 

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан хоёр өдөр хуралдан байр сууриа нэгтгээд, саналын томьёоллын хувилбарыг боловсруулсан байна. 

Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулжээ.

Энэхүү саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Энхболд, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.  Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно гэж өргөн утгаар нь ойлгоно гэж тайлбарласан. “Дийлэнх” гэдгийг 50+1 гэдэг байдлаар томьёолсон гэдгийг мөн онцолсон. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дээрх саналын томьёоллыг 100 хувь дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.