ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоод үзье

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-16

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн хурдыг гүйцэхээ больсон гэх үндэслэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, судлаачдаар хэлэлцүүлж, иргэдээсээ санал асууж, парламентын танхимын босгоор асар хурднаар амбийцтай давуулсан ч хөлөө ч бүрэн давуулж чадалгүй босгон дээрээ бүдрэх нь тэр. Хамгийн хөгжилтэй нь “2000 онд оруулсан өөрчлөлт чинь болохгүй байна аа” гэж АН, МАН-гүй шүүмжилдэг учраас эдгээр долоон заалтаа л өөрчлөх гэж ийм олон жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьсан юм, МАНАН-гийнхан. Гэтэл эхлүүлсэн сайхан мөрөөдлөө Ардын намын хоёр фракци дундаа оруулаад тас цавчиж, “эцэг” хуулийг өөрчлөх амин сүнсийг нь юу ч биш болгосон нь ичмээр дамшиг болов. 

Одоо харин Их хурлаа тараах уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэдэг сонголтын өмнө ирснээ хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Ирэх аравдугаар сарын 30, 31-ны өдөр болох бүх нийтийн санал асуулга Үндсэн хуулиа өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэсэн сонголт хийх гэхээс илүү дампуурсан парламент байх ёстой юу, үгүй юу гэсэн сонголтын өмнө биднийг авчрав. Уйлаад яах билээ, цэнцэрэн минь. “Яагаад ийм байдалд хүрэв. Ямар шалтгаан байв” гэдгийг эрх баригчид хэзээ ч өөрсдөөсөө асуухгүй, алдаагаа ч ойлгохгүй нь тодорхой.

Тийм эр зориг байтугай, тэгж дуугарах хүн ч алга. Нэг хэсэг нь М.Энхболдын өмнө толгой бөхийж, нөгөө хэсэг нь У.Хүрэлсүхийн өрөөнд улс төрийн шатар нүүгээд завгүй. Нэг намд тодорсон хоёр хааныхаа өрөөнд “ногтлогдсон” учраас дэмий л эзнийхээ захиалгаар хаа нэг боорлохоос хэтрэхгүй явсаар парламентын үнэ цэнийг гудамжны улс төрөөс ялгаагүй болгож орхилоо. Дүйвээнээр нь харин “поп”-ууд тодорч, “топ”-уудын эгнээг итгэл төгс тэргүүлсээр гурван оныг үджээ. Тогтолцоогоо хамгаалж чадаагүй, том зургаар сэтгэж чадаагүй нэг намын хоёр фракцийн зөрчлийн золиос нь парламентын тогтолцоогоо нураах хэмжээнд хүргэх юм гэж хэн мэдлээ. “Уйлах хүүхдийн бөгс урд өдрөө умалзана” гэдэг л энэ биз. Ийм улстөрчдөөс бид юу хүлээх юм бэ.

Эр алддаг юм, эрэг нурдаг юм гэж 27 жил тэднийг өмгөөлж, өрөвдөж, өр лүүгээ өшиглүүлээгүй гэж үү. Нэгийгээ хөнөөж, нийтээрээ авлига авч, бөгсний хэрүүл нь савнаасаа халихад нь ч бид “яах вэ хөөрхий, энэ чинь бидний сонголт” гэж эвийлсээр энэ хүрэв. Эцэстээ юу болсныг одоо сайн харцгаая. Арай дөнгүүр юм даа гэж итгэж явсан Ардчилсан намынхныг хар. Эр нөхөртөө гомдохоороо төрхөмдөө буцлаа гэж айлгадаг хүүхэн шиг хоёр сарын хугацаанд хэчнээн удаа хэлсэн ярьснаасаа буцав аа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анх хэлэлцэж эхлэхэд “бид оролцохгүй ээ” гэж мэдэгдэл хийж билээ. Төд удалгүй “саналаа өгч оролцохоор шийдлээ” хэмээн мэдэгдэж байв. Сүүлийн долоон хоногийн хугацаанд хэлсэн ярьснаасаа хоёр ч удаа буцаж, эргэж ухарлаа.

Даваа гарагт “Бүх саналаа татлаа, бидний асуудал биш болсон” гэж мэдэгдэл хийж байснаа өчигдөр “Парламентаа л хамгаалж байвал Ардын нам дордохын долоогоо дордуулна уу, дээрдүүлнэ үү хамаагүй” гэсэн улс төрийн шийдвэр гаргаснаа танилцуулжээ. 27 жил өвөр, түрийндээ оролцсон МАНАН-гийнхан хувааж, эдэлдэг эрх мэдлээсээ тийм ч амархан салахыг хүсэхгүй байгаа нь энэ ажээ. Ээлжилж төр барьсан 27-хон жилийн хугацаанд 14 Засгийн газар байгуулж, бас нурааж, айл гэр болж тоглов. Ардчилсан хувьсгал ялж, парламентын тогтолцоонд шилжсэн энэ хугацаанд Монгол Улс юу хожив. Та өөрөөсөө асуугаад үз дээ. Хариулт олдов уу, надад лав олдсонгүй.

Ганц цэцэнд биш “76 тэнэгт” улсаа даатгаад бид хаана хүрсэн юм. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн гурван засаглалын дунд монголчууд мишок шиг бөмбөрч ирлээ. Гурван хааныгаа “шалдан” байна хэмээн уухайлсаар Монгол Улс ядуурлын туйлдаа хүрч, хуйгаараа хүний нутаг руу явж шал угаах, даавуу зүлгэх сонголт хийж байх юм. Яах вэ, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, “хаан шалдан байна” гэж хүссэнээрээ доромжлох эрх чөлөө бидэнд иржээ, ирж. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Ардчиллын буян заяа их байлгүй яадаг юм.

21 аймагтайгаа засмал замаар холбогдож, хүн орохгүй ч гэсэн өндөр, өндөр барилгууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь буян байлгүй яахав. Гэвч энэ бүхэн дампуурсан парламентыг өмгөөлөх шалтгаан биш. Ю.Цэдэнбал агсныг төр удирдаж байхад улсын хэдэн том үйлдвэртэй, хүн бүхэн ажилтай, орлоготой амьдарч болоод л байсан юм. Өрх бүхэн үйлдвэрлэгч, иргэн бүхэн нь энэ амьдралдаа сэтгэл хангалуун яваад байж болсон юм. Өнгөрсөнд сайн нь ч бий, саар нь ч байгаа. Харин парламентын засаглалтай болсноос хойш 76 хүн л сайхан амьдардаг болсон. Улсын үйлдвэрүүд бүгд хувьд шилжиж, зарим нь үүдээ барив.

Хувийн хэвшлийн хэдэн үйлдвэрийн эздүүд олсон мөнгөөрөө улстөрчдийг баруун, зүүнгүй угжин хүслээ гүйцээдэг болжээ. Улсын тодотголтой компанийнх захирлууд идэж, уухыгаа мэдэхээс ашигтай ажиллуулж байгаагүйг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан, хувааж идсэн ганцхан жишээ нотолно. Нөгөөх Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байгаа 30 гэр бүл цондойтлоо баяжсан даа, энэ улсад. Хэдэн үеэрээ ч идээд барамгүй хур хөрөнгөтэй болсон 30 гэр бүлийн дохиураар л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ нь ард түмэнтэйгээ хамт хөдөлдөг гэдгийг худлаа гэж хэлэхгүй байх шүү. УИХ-ын дарга нь эрх мэдэлтэй, их мөнгөтэй гишүүдээ удирдаж чадахгүйд хүрлээ. Аргаа бараад тараана шүү гэж сүрдүүлж сууна, тэр хүн. Ерөнхий сайд нь бүлэглэлд “бөлдөг”-дүүлж, албан өрөөнөөсөө ч толгойгоо цухуйлгахаа болив.

Ерөнхийлөгчийг нь харин эдгээр 30 гэр бүл элбэж байгаад дарж авахаар, эцэс төгсгөлгүй дайныг их мөнгөөр санхүүжүүлээд сууж байгааг та ч, би ч мэдэж байгаа. Тиймээс л “76 тэнэг нь дээр шүү” гэсэн явуургүй улс төрөө больцгооё, хэдүүлээ. Монголчууд тэртэй, тэргүй 27 жил туршилтын туулай болсон. Хоёр нам хангалттай туршилтад оруулчихлаа, биднийгээ. Сэтгэл мэдрэлээрээ 27 жил “сига”-дуулав. Тэгэхээр энэ удаа нийт нийгмээрээ зориглон хөдөлж, Ерөнхийлөгчийн засаглал сонгоод үзсэн ч яадаг юм, ер нь. 76 авлигачнаас нэг тэнэгт улсаа даатгаад үзэхэд буруу нь юу байна гэж адармаар санагдах болов. Нэг хүнийг зайлуулах нь 76-д тархидуулахаас амархан л байж таарна.