ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ыг тараахаар гишүүд нэгдэж эхэлсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-18

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа твиттер хуудсаараа “УИХ-ыг тараахаар гишүүд гарын үсэг зурж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь албан өрөөндөө дуудаж, тойрог өгнө гэж гишүүдээр гарын үсэг зуруулсан” гэсэн мэдээллийг жиргэсэн байв. Энэ мэдээллийг батлах гэсэн мэт өдөр тутмын хэвлэл, цахим сайтуудаар ч “УИХ-ыг тараахаар 31 гишүүн гарын үсэг зурлаа”, “МАН-ын 12 дарга нар УИХ-ыг тараахаар санал нэгджээ” гэсэн нийтлэл, мэдээ, мэдээлэл цацагдаж эхлэх нь тэр. Тэгвэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн албан бланк дээр гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа гэх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үгүйсгэсэн тайлбар өгөв. Тэрбээр, “Их хурлыг тараах талаар нэр бүхий гишүүдээс санал гарч байгаа нь үнэн юм билээ. Гэхдээ энэ бол гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Аль нэг намын дарга, удирдлагад хамаагүй. 

Гишүүдийн 3/2 нь тарах ёстой гэж гарын үсэг зурсан тохиолдолд манай нам Удирдах зөвлөл болон намын Бага хурлаараа хэлэлцэнэ. Би тойрог өгнө гэж гарын үсэг зуруулсан асуудал байхгүй” хэмээжээ. Өөрсдийнхөө өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадахгүй нь тодорхой болсон учраас энэ удаагийн УИХ-д тарахаас өөр сонголт үлдээгүй. Үүнийг ч УИХ-ын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа цухуйлгасан нь цаг хугацааны хувьд санамсаргүй давхцал биш байв. Тодруулбал, УИХ-ын дарга өнгөрөгч ням гарагт парламентын цөөхөн хэдхэн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн түвшинд энэ асуудлыг ярилцаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн ирцийг хүргэхийн тулд. Хоёрдугаарт, парламентын засаглалаа аварч үлдэхийн тулд юм. УИХ тарах тухай, ээлжит бус сонгуулийг нааш нь татаад хийчихвэл зардал хэмнэнэ гэх мэтээр хувилбарууд ярьж байгаа” хэмээжээ. Тэгэхээр “Зүүний хүчний холбоо” буюу У.Хүрэлсүхийн талынхан Их хурлаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар шийдчихэв үү гэсэн олон нийтийн таамаг ч худлаа биш болов.

Үндсэн хуулиар шантаажилсан улс төрийн тоглолтыг чин үнэндээ М.Энхболдын толгойлдог “Хотын фракци” эхэлсэн нь гэдэг. 62-уулаа нэгдэж өргөн барьчихаад гэнэт л өөр, өөр зүйл ярьж эхэлсний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зарим гишүүд Үндсэн хуулиар барьцаалсан улс төр хийж байна. Тойрог авах шантааж хийж болохгүй биз дээ” хэмээсэн юм. Тэгэхээр “60 тэрбум”-ынхан У.Хүрэлсүхээс хариугаа авах боломжийг эрэлхийлж, “Зүүний хүчний холбоо” хариуд нь Их хурлаа тараахаар шийдэж, эрх баригч намын зодоон дахиад л төрийн зовлон болж байна. Их зөрчил, зодооны дараа хэсэгхэн хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулсан энэ хоёр фракци, бүлэглэл эргэж хэзээ ч эвлэхгүй болтлоо зөрчилдсөн нь Их хурал тараах тухай ярианаас нь илхэн харагдаж байна. Тэгвэл хотын фракциас УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол, бие даагч С.Жавхлан, “ШИНЭ” намын гишүүн Л.Болд нар гарын үсэг зуржээ. Хэрвээ энэ тоо 51 буюу нийт гишүүдийн 3/2-т хүрсэн тохиолдолд УИХ өөрөө санаачилгаараа тарж, ээлжит бус сонгууль явах учиртай. “Eguur.mn” зэрэг мэдээллийн сайтуудаар гарсан 31 хүнтэй бид утсаар болон биечлэн уулзаж хариулт авахыг зорилоо. Гэвч гарын үсэг зурсан гэх гишүүдийн олонхи нь мессеж роуминг үйлчилгээг идэвхжүүлжээ. Тэдгээрийн нэрсийг хүргэе. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: 

-Би тийм зүйл сонсоогүй. Гарын үсэг ч зураагүй. Хөдөө явж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

-Би зураагүй. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Мэдээгүй байгаа хүн яаж гарын үсэг зурсан байх юм бэ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: 

-УИХ улс орны шийдэх ёстой асуудлыг шийдвэрлэх чадамжгүй байна. Би жил гаруйн хугацаанд байнгын хорооны дарга хийх үед ирц бүрдүүлэхээс эхлээд маш их асуудалтай байсан. Ийм УИХ байснаас тарсан нь зөв гэх хүмүүс олон байна. Тараад, дараагийн УИХ-ын бүрэлдэхүүн ёс зүйн ямар ч асуудалд орооцолдоогүй хүмүүс байвал сайн. УИХ тарахыг дэмжиж байгаагаа нуухгүй. Шинэ Үндсэн хуультай, шинэ парламент бүрдээд явахад болохгүй зүйлгүй. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Надаас өөр ямар  хүмүүс гарын үсэг зурсныг сайн мэдэхгүй. Би гарын үсэг зурсан. Үндэслэл нь яг ийм байдлаар бид цаашаа явахад  хүндрэлтэй байна. Нэн тэргүүнд нам доторх эв нэгдлийн асуудал байна. Дараа нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал байна. Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлт, ард нийтийн асуулга гэх мэт олон асуудлаас үүдэн гарын үсэг зурсан. 

УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг: 

-Одоогоор ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганболд: 

-Уулзаж байгаад ярьсан дээр байх. Утсаар ярих асуудал биш. Ганц асуултаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Утас нь холбогдохгүй. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Энэ бол Засгийн газраа унагах гээд гарын үсэг зурж байгаа асуудал биш. Гэхдээ энэ нь улс эх орон, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Удирдлагууд нийтээрээ яриад нэг шийдэлд хүрээгүй байсан юм билээ. Харин үүнд МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийг нэг, нэгээр нь дуудаж уулзаж, буруу ойлголт төрүүлж болохгүй. Цаашид энэ асуудлыг бүлгээр хэлэлцэх байх. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Гадагшаа явсан. 
/Мессеж роуминг/ үйлчилгээ

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

-Гадагшаа явсан. 
/Мессеж роуминг/ үйлчилгээ 

УИХ-ын  гишүүн Х.Нямбаатар:

-Утас нь холбогдохгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Би зураагүй. Хөдөө ажлаар явж байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Би ямар ч мэдээлэлгүй байна.