-Дотоод аудитын тайлан буюу “Соёл велнесс төв”-д сургалт явуулсан тухай-
Миний өмнө УБТЗ ХНН-ийн Аж ахуйн хэлтсийн 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2019 оны гуравдугаар сарын 01-ний хоорондох үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан байна. Олон хуудас тайланг уншиж суухад инээд хүрмээр, бас уур хүрмээр зүйл олон аж. Зах зухаас нь товчлон хүргэе.
Хувь хүний Е баримтуудыг хавсаргажээ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын томоохон “вант улс”-ын хувьд УБТЗ нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журам, дүрэм заавар, ХНН-ийн журам дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой байгууллага. ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн талаар элдэв цуу яриа, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар хэвлэлүүд бичдэг. Хууль хяналтынхан ч шалгадаг. Харин тэрбээр юу ч болоогүй мэт дуугүй явсаар, албан тушаалаа хашсаар байгаа. УБТЗ ХНН-ийн дотоод аудитын тайлан дүгнэлтээс харахад, энэ байгууллага хөрөнгө мөнгө ямар ч хяналтгүйгээр, эмх замбараагүй зарцуулагддаг болох нь илт байна. Танил талдаа илүү цалин хөлс өгдөг, төмөр замын мэргэжилгүй хүнийг ажилд томилдог, гадаад томилолт, бэлэг сэлт, ажилтнуудын сургалт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаанд маш их мөнгө зарцуулдаг ажээ. Тухайлбал, 2018 онд Зам, тээврийн яамнаас зохион байгуулдаг спортын арга хэмжээний зардал 3.000.000 төгрөгөөр батлагдсан байхад 5.000.000 төгрөгийг касснаас бэлнээр авч зарцуулснаас эхлээд аливаа бараа материал, ажил үйлчилгээ авахдаа Е баримтыг хувь хүнээр авч тайландаа тусгадаг, илүү гарсан зардлыг тайлагнадаггүй, өнөөдрийн дууссан үйл ажиллагааг маргааш нь болсон мэтээр тайлагнаж баримт хавсаргасан зөрчлүүд дүүрэн байна. Түүнчлэн замын дарга Д.Жигжиднямаа 2018 оны зургадугаар сарын 30-нд гадаад томилолтын зардалд 18.564.466 төгрөг зарцуулсан боловч мөн л тушаалгүй, төсөвгүй, мөнгөн урьдчилгааны тайлангүй, анхан шатны санхүүгийн баримтгүй хэмээн хүснэгтэд дурьдагдсан байх жишээтэй.
820 гаруй сая төгрөгөөр олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулжээ
Мөн 2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Озон вижнс” ХХК-д “Транзит Монгол-2018” олон улсын чуулган зохион байгуулах арга хэмжээний урьдчилгаанд 50 000 000 төгрөг, гуравдугаар сарын 26-ны 272 тоот төлбөрийн даалгавраар 190 044 067 төгрөг, дөрөвдүгээр сарын 12-нд 367 тоот төлбөрийн даалгавраар 250 000 000 төгрөг, дөрөвдүгээр сарын 17-нд 90 000 000 төгрөг, арванхоёрдугаар сарын 27-нд “Transrassia-2018” үзэсгэлэнгийн арга хэмжээний төлбөрт 60 000 000 төгрөг, арванхоёрдугаар сарын 31-нд 59 000 000 төгрөг, арванхоёрдугаар сарын 18-нд 30 000 000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны нэгдүгээр сарын 8-нд 100 377 260,06 төгрөг шилжүүлсэн байна. Нийтдээ 829 421 327 төгрөгөөр олон улсын шинж чанартай хурал, үзэсгэлэн зохион байгуулжээ. Гэхдээ тухайн компанийг сонгосон талаар баримт материал байхгүй байжээ. Гэтэл “Озон вижнс” нь нэг гишүүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байсан бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь кино, клип, реклам, зар сурталчилгаа хийх байсныг аудитаар илрүүлсэн байна. Цааш нь ухвал, мөн оны зургадугаар сарын 19-нд Монголын хүний нөөцийн судалгааны үндэсний төвд 30 360 000 төгрөг шилжүүлж, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулах ажил”-ын хөлс болгож 75 900 000 төгрөгийн ажлын урьдчилгаанд 40 хувийн төлбөр хийсэн байна. Гэрээний заалтаар наймдугаар сарын 1-нд 1, 2-р үе шатны ажлыг гүйцэтгэж гэрээт ажлын 30 хувийн санхүүжилт олгох ёстой бөгөөд тус байгууллага нь наймдугаар сарын 20-нд нэхэмжлэх өгсний дагуу 22 770 000 төгрөг шилжүүлсэн байжээ. Энэ нь анхан шатны баримтад үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажсан байх ёстой журмуудыг зөрчсөн байна.
Хуульч, өмгөөлөгч нарт 205 сая төгрөг төлжээ
УБТЗ ХНН нь 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд иргэн А.Отгонбаярт 20 сая төгрөгийг гэрээт үйлчилгээний төлбөрт гэж ямар ч баримтгүйгээр шилжүүлсэн байна. Мөн УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын үл хөдлөх хөрөнгийг УБТЗ-ын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нийгэмлэгийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалуулахаар гэрээ байгуулж арванхоёрдугаар сарын 20-нд 40 сая төгрөг, бүх шатны шүүхэд УБТЗ ХНН-ийн удирдлагыг өмгөөлүүлэхээр мөн оны 12 дугаар сарын 5-нд 13.5 сая төгрөг шилжүүлжээ. Түүгээр ч барахгүй мөн оныхоо тавдугаар сарын 2-нд 460 тоот төлбөрийн даалгавраар 60 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд ямар ч баримт, гэрээ, ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн акт байхгүй байна гэж аудитын тайланд тусгажээ. Нийтдээ УБТЗ иргэн А.Отгонбаяр гэгчид 135 сая төгрөг төлжээ. Энэ мэтчилэн гадны хуульч, өмгөөлөгч нарт 205 сая гаруй төгрөг зарцуулсан байжээ. Аудитын тайланд “Ажилтнуудыг үндэслэлгүй ажлаас халсан гэж шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, НДШ төлж үргүй зардал гаргасан тохиолдол нэлээд их байна. Үүнд 2017 онд найман ажилтанд 75 564.4 мянган төгрөг, 2018 онд найман ажилтанд 106218.9 мянган төгрөг олгожээ. Тухайн ажилчдыг ажлаас халах, чөлөөлөх тушаал шийдвэрийн хуулийн үндэслэлд тус албаны зүгээс хяналт тавьдаг боловч шүүхэд очсоны дараа байнга ялагдал хүлээж байгаа нь энэ албаны ажилчдын мэдлэг чадвар тааруухан байгааг илтгэж байна. Хууль зүйн албаны ажилчдын ажлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, өндөр мэдлэгтэй, гадаад хэлтэй ажилчдыг ажлын байрны нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулж авах нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байна.
Тэгвэл УБТЗ-аас 135 сая төгрөг гаргуулан авсан А.Отгонбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг төгссөн, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн тасгийн дарга, Дэмжлэг үзүүлэх сургалт дадлагын ахлах мэргэжилтэн байсан, хошууч хүн ажээ. Одоогоос таван жилийн өмнө эхнэрээ зодож дарамталдаг байснаас эхнэр нь тагтнаас унаж амиа алдсан тухай хэвлэлүүд бичиж, хэргийг нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан билээ. Харин цагдаагийн рапортод “хохирогч өөрийн буруугаас болж амиа алдсан” хэмээн тэмдэглэгдсэн байдаг гэх. Түүнчлэн А.Отгонбаяр нь ЗТХ-ийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэлийн найз, өдгөө УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын газрын дарга Ж.Пунцагийн үй зайгүй найз нь гэж гэрчлэх хүн ч байна. Харин Ж.Пунцаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ БНХАУ-ын иргэнээс авлига авсан гэх хэрэгт шалгагдан 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан нэгэн гэнэ. Харин ялын хугацаа нь дуусаагүй байхад сайдын зөвлөх найз нь, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч даргынхаа зангаргаар УБТЗ-ын Дотоод аудитын газрын даргаар тавьсан тухай жиг жуг гэлцээд л өнгөрсөн билээ.
Эндээс нийгэмлэгийн дотоод аудитын аудиторууд даргынхаа найзын булайг санамсаргүй дэлгэчихлээ гэж дүгнэж болохоор. Харин ч ажлаа мэддэг, сайн мэргэжилтнүүд байна гэж магтая.
“Соёл” саунд сургалт зохион байгуулжээ
УБТЗ ХНН-ийн Гадаад харилцааны албаныхны сургалтын зардал өнгөрсөн оны мөн үеийнхээ 40.5 хувиар нэмэгдсэн гэх дүгнэлт гарсан байна. Сургалтад маш их хөрөнгө зарцуулдаг ч мөн л сургалтын тайлан байхгүй, сургалт нэрээр хоол идэх, хүлээн авалт хийх, бүр саунд суух зэргээр хөрөнгийг үрэн таран хийж, гарын салаагаар урсгадаг ажээ.
Тухайлбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Зүтгүүрийн аж ахуйн албаны удирдах ажилтнуудын сургалтыг “Соёл велнюс центр”-т зохион байгуулсан бөгөөд мөнгөн зарцуулалтын тайланд “Калтенберг”, “Сэнгүр”, “Graft” шар айраг, зайрмаг, бие үрэгчийн төлбөрийг төлсөн баримтаа хавсаргасан байна. Энэ сургалт уу, зугаа цэнгэл үү.
Мөн “2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Зүтгүүрийн аж ахуйн албаны санхүү эдийн засгийн ажилтнуудын сургалтыг хийсэн бөгөөд дараа тайланг авч сургалтын зардлаар хаасан боловч мөнгөн урьдчилгааны тайланд санхүү нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын баярын цэнгүүний хөтөлбөр, бэлэг дурсгал 200.000, өргөмжлөл 100.000, баярын цэнгүүн хөтөлсөн хөтлөгчид 100.000, урлагын тоглолт 100.000 төгрөг, “Баянбуурал” амралтад зорчсон тасалбарын баримтыг хавсаргасан байна. Энэ нь сургалтын зардлыг зориулалт бусаар зарцуулж үр ашиггүй зардал гаргаж байна” гэж тайланд бичсэн байна. Энэ бүхнээс харахад, УБТЗ-ын дарга нар ажилтнуудаа зугаа цэнгэл, найр наадам, шоу цэнгээний сургалтад суулгадаг бололтой юм.
Энэ мэтчилэн аудитын тайлангаас цухас дурьдахад УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга, удирдлагууд байгууллагын хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувийнхаа хөрөнгийг үрж байгаа мэтээр аашилдаг байх нь. Дээрх баримтууд бол зөвхөн эхлэл нь. Саяхан даа, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд УБТЗ ХНН-ээс 252 сая төгрөгийн үнэ бүхий “Ланд-200” машин авч өгсөн, ЗТХЯ-ны жолооч нарын цалин, шатахууны зардлыг УБТЗ ХНН-ээс гаргадаг тухай мэдээлэл гарч байсан. Д.Жигжиднямаа даргын “алтан карт”-ных нь зарцуулалтын тухай манай сонин бичиж л байсан. Харин “сугардаггүй Сугар” гэдэг шиг “Жийгддэггүй Жийгээ”-гийн хамар дор ийм л зүйл болдог юм байна.
Үргэлжлэл бий.