Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн очжээ.
Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн байна.
Харин захирагч Важубхай Рубадхай Монгол Улсаас олон лам Карнатака мужийн Гомон шашны сургуульд шавилан суралцдаг талаар дурдаад, бусад салбарт ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцлийн талаар санал солилцсон аж. Учир нь, Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-ын цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц боломж, технологийн чадалтай тул сургалт нь тэр хэрээр хөгжсөн талаар мужийн Захирагч танилцуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр талууд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцжээ.