ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН ялагдлаа хүлээн зөвшөөрчихжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-15

МАН-ын хоёр улстөрч бүсгүй соошлоор “солиортол” хэрэлдэв. Шалтгаан нь нэг улстөрч нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон Д.Гантулгыг өмөөрч, нөгөөх нь явуулахгүй гэж гүрийснээс болжээ. Хоёр аниа “Ам нээсэн дээрээ уушги нээе” хэмээж байгаад л гишүүн асны пост дор ёстой л булайгаа дуудалцжээ. Ичиг ичиг гэх үг ч багадна, тэр хоёрт. Нэг намын хоёр улстөрч нийтийн сүлжээнд ийнхүү залуу улстөрчийнхөө “дотоож”-ны хэргээс болж хэрэлдэж байхад нөгөө талд АН-ынхан тун ч эв найртайгаар тэдний алдаан дээр тоглолт хийж суугаа.

Тэд сум, багаар тэнүүчлэн Монголоо сонсох аян өрнүүлээд завгүй явж байх юм. МАН-ын 65 улстөрч нь дотооддоо хоёр хуваагдчихаад Дэгийн тухай хуулиар хүртэл улс төр хийж суухад АН-ынхан наагуур нь ард түмнээс нэмэх оноо авах ажлаа алд алдаар, дэлэм дэлмээр ахиулан хийж байна. Зээлийн хүүг бууруулах хууль ч оруулж ирлээ. Батлах боломж байсан ч МАН-ынхан дэмжсэнгүй хэмээн улстөржиж, оноо авахаа ч орхисонгүй. Есхөн гишүүнтэй атлаа бүлгийн ажлаа ч чинээнд нь тултал хийж, багийн төвд эгэл гишүүдтэйгээ таанц эргэсэн шиг л 2020 оны сонгуулийн сурталчилгаандаа орчихоод давхиж явна, тэд. Ерөөс ялагдсан өдрөөсөө л АН-ынхан дараагийн сонгуулийн бэлтгэлдээ гарсан гэхэд буруудахгүй. Намын даргаа нийт гишүүдийнхээ сунгаагаар тодруулав.

АЗХ-ны тэргүүнээ ч олонхийн дүрмээр батлав. Нэр хүнд нь сэвтсэн нэг улстөрчөө “нэрээ цэвэрлээд ир” хэмээн гишүүнээс нь хасаад явуулчихлаа. Оноо авах боломж хаана л байна, тэр болгоныг шүүрч байгаа. Энэ бүхний дүнд АН-ын рейтинг асар хурдтай өсч байгаа судалгааны дүн ч гарч эхэлжээ. Өдгөө 21 аймаг, сум дүүргээр “Монголоо сонсъё” аян өрнүүлж олсон амжилтаа улам бататгахаар улайрч явна, АН-ынхан. Харин МАНайхан соошлоор хэрэлдэж, улстөрчид нь улаа шагайлцаад зав алга. Эмэгтэй улстөрчид нь хүртэл хоёр хуваагдчихаад уушгиа нээлцэн хэрэлдэж байх юм. Эрчүүд нь хэн нь казинод тоглож улсын мөнгө хулгайлснаа шүүлээ.

Хүүхдийн мөнгөөр хүртэл хуваагдаж суучихаад хэрэлдэж байна. УИХ-д албан болон албан бус хоёр бүлэг байгуулчихаад аливаа асуудлаар талцаж суугаад хэрэлддэг болсон нь олон зүйлээс харагдаж байх юм. Намын ажлын талаар ярих ч юм биш. Чин үнэнийг хэлэхэд 2016 онд ялсны дараагаас нам нь үндсэндээ унтаж эхэлсэн юм. У.Хүрэлсүхийг намын даргаараа сонгоход амьтай байгаагаа харуулж байлаа. Төд удалгүй нийслэлийн МАН-ын даргаа буулгаж амь нь тасраагүй гэдгээ харуулсан юм. Харин тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл сураг ч алга. Намын дарга нь гүйцэтгэх засаглалын ажилдаа анхаарч, хүүхэд үнсч, хүн тэвэрч, мотоцикль унаж давхисаар...

Намын гол ажлыг нугалах учиртай генсек нь өөрт нь түй ч хамаагүй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар улс төр хийж давхиад завгүй явна. “Том үйлдвэрийн луйврыг дэлгэнэ ээ” л гэнэ. 49 хувийг авсан талынхныг давруулахгүй л гэх юм. Хуульч шүүгч, прокурор болчихсон аятай л бусдын хэргийг шүүгээд завгүй байгаа. Сураг дуулах нь ээ, хоёр том компанийн хүний нөөцөд өөрийн хүмүүсээ суулгахаар давхиж яваа гэх. Энэ нь баригдаад эхлэнгүүт “албан тушаалд очих гэсэн хүн даргын үүдэнд суудаггүй юм” хэмээн даналзахаа ч мартсангүй. МАН-ынхан намын ажлаа ингэж хийж байна.

Хэвлэл мэдээллийн аппарат нь хэрхэн яаж ажилладгийг хэн ч мэдэхгүй. Хэн гэж даргатайг нь ч хэвлэлийнхэн бараг мэддэггүй. Тэд хэвлэлийг хүртэл намаар ялгаварлаж гадуурхана. Угтаа ялалт байгуулсан нам бүрийн явдаг тэр л замаар замнаж, ялагдлаа хүлээн зөвшөөрч эхлэв бололтой. Үүрэг гүйцэтгэгч даргатай Нийслэлийн МАН нь хүртэл дотооддоо хурлаа хийж чадахгүй хугацаагүй хойшлуулчихаад, нэгнийхээ булхайг уудлаад завгүй. Ардчилсан нам 2012 онд ялсныхаа дараа яг л ингэж байлаа. Хөрсөн дээр буухгүй юм шиг л дүүлсэн дээ. Үр дүнд нь харин тэд хуйгаараа ялагдал амсч, 2016 онд нийтээрээ гудамжинд “лааз өшиглөсөн” юм. Жирийн гишүүдээсээ тасарчихсан, намын ажлаа нойл дээр тавьчихаад саарал ордонд сандал суудлын төлөө хэрэлдсэний шанг хангалттай амссан. Төсөөлж ч байгаагүй ялагдал амсч, тэд есхөн гишүүнтэйгээр парламентад арайхийн бүлэг байгуулж байлаа.  Намынхаа жирийн гишүүдээс хол тасарч, эв түнжингүй толхилцсоны үр дүнд юу болдгийг АН мэдэрсэн учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын ажлаа нэг удаа ч орхисонгүй. Өдгөө улам бүр л идэвхжүүлж байгаа. Хэтэрхий өндөрт дүүлж явсан улстөрчид нь хүртэл газарт бууж ирчихээд жорлонгоо өөрчилж, зарим нь зураг дарж давхиад завгүй явж байна. МАН-ын улстөрчид харин ам, уушгиа нээлцэн хэрэлдэж, авгай хүүхний дотоожны хэрүүлтэй хоёр жилийг баржээ. Соошлоор АН-ынхныг үзэн ядах, Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг харуулах төлбөрт ажлаа тэд харин хамгийн сайн хийж байгаа. Эгээ л сонгууль болж байгаа аятай өдөр өнжихгүй муулна, харлуулна, зориуд гүтгэж доромжилно. Хөлсний жиргээчид нь ажлаа хангалттай сайн хийж байна. Харин намын ажил, жирийн гишүүддээ ойрхон ажиллах тэр ажлаа ор тас орхив. АН-д хэдийгээр дотоод зөрчил их байгаа ч түүнийгээ хамгийн сайнаар нууцалж, нам амьд гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна, тэднээс суралцаач МАН-ынхаан. Саарал ордонд дотоожны асуудлаа хэлэлцэж, бүтэн сарыг авч байх зуур өрсөлдөгч намын чинь рейтинг өдрөөр өсч байх юм. Анхааралтай ажигласаар л байх уу. Хэвлэлийг шүүхэд өгч, хотоо аз жаргалтай болгох мөрөөдлөө ярьсаар суух зуур алдаан дээр чинь АН-ынхан таанц эргэж дууслаа, юу ч гэхэв дээ. Хүүхдийн мөнгөөр хүртэл талцан хэрэлдэх зуурт АН-ын улстөрчид оноогоо улам л нэмсээр байх юм. Нэг улстөрчийн кноп дарах, хууль боловсруулах үүргийг нь хуулиар мөрдүүлэх гэж хоёр хуваагдчихаад хэрэлдэж байгаа чинь хүртэл Ардын намын алдаа болж харагдаад байгааг нуугаад яахав. МАНдуулсан сонголт минь алдаа байж дээ гэх харамсал халаглал өдөр өдрөөс нэмэгдэж байхад, МАНай дарга нар харин хотын гудамжаар аз жаргалтай давхиад л явж байна. Эндээс л МАН ирээдүйгээ хүлээн зөвшөөрч, ирэх 2020 оны ялагдлаа хүлээн зөвшөөрчээ гэх дүгнэлт хийхээс өөр арга алга даа.