ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их тэнгэрт болсон “найр” үүргээ биелүүлэв үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-04

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч есдүгээр сарын 20-ны өдөр Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавиад байлаа. Шалтгаанаа тайлбарлахдаа “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад үндсэн утга агуулгаа өөрчилж нэг намын эрх ашгийг шингээсэн. 2000 оны дордохын долоон өөрчлөлтөө ч засч чадахгүйд хүрлээ. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиасаа гажсан учраас тогтоолд хориг тавих шаардлага бий боллоо” хэмээн мэдэгдсэн байдаг юм. 

Харин энэхүү хориг нь эрх баригч намыг дахиад л хоёр талцуулж, эцэстээ Их хурлаа тараах хэмжээнд зөрчлийг хурцатгав. Нэг хэсэг нь Ерөнхий­лөгчийн хоригийг хүлээж авах ёстой хэмээн санал нэгдэж байв. Нөгөө хэсэг нь Ерөнхийлөгч өөрийн санаагаа тусгаж чадаагүй учраас зориудаар ийм үймээн самуун үүсгэлээ хэмээн буруутгаж байлаа. “Хотын фракци”, “Зүүний хүч”-нээр хуваагдсан эрх баригч намын зөрчил маргааныг улам дэврээх шалтгаан болоод буй хоригийг хүлээж авах уу, авахгүй юу гэдэг нь хуулийн хугацаа дуусах хүртэл тодорхой биш байсан. Тэр ч байтугай 64 гишүүнтэй МАН-ынхан ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрч, есхөн хүнтэй сөрөг хүчний байр суурийг сонсоно хэмээн “жижгэрэх” нь тэр. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө явуулж чадахгүйд хүрч, хэлэлцүүлэг шууд зогсоно. Эсвэл УИХ-аар шууд гуравдугаар хэлэлцүүлгийг хийж батлах сонголт үлдсэн.

Хүлээж авахгүй гэвэл 28 тэрбумаар санал асуулга явуулж, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү, эс үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх эгзэгтэй мөч ирээд байлаа. Эцсийн мөчид буюу хуулийн хугацаа дуусахаас нэгхэн өдрийн өмнө бүлгийн шийдвэр гарлаа. Ингэхдээ “хууль эрхзүйн үндэслэлгүй учраас хоригийг хүлээж авахгүй” гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн гэдгээ танилцуулав. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ зургадугаар сарын 12-оос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үндсэндээ гурван сарын хугацаанд хэлэлцэн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Уг шийдвэрт Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан.

Бүлгийн хуралдаанаар хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Бид социологийн судалгаа хийж үзсэн. Судалгаанд оролцсон арван иргэний ес нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зөв гэсэн. Иймд манай бүлгийн олонхи нь ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар гэж үзлээ” хэмээв. Өөрөөр хэлбэл, энэ ондоо багтаах эсвэл ээлжит бус сонгуультай хамтатган санал асуулга явуулах нь зөв гэж шийджээ. Хоригийг хүлээж авснаар МАН-ын хоёр фракци том тохиролцоонд хүрчихэв үү хэмээн дүгнэхэд хүрч буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын урилгаар Их тэнгэрт болсон улстөрчдийн “найр” үүргээ биелүүлж, ээлжит сонгууль хүртэл тарж бутарсан нэр хүндээ цуглуулан, хоёр талд гарчихсан хуваагдлаа хятад цавуугаар ч болтугай нааж торгохоор шийдэв бололтой, тэд.

Энэ удаа Ерөнхий сайд буулт хийж, хотын фракцийнханд хүсээд буй тойргийг нь өгөхөөр шийдсэн байж мэднэ. Эсвэл сөрөг хүчинтэйгээ зөвшилцөн тус намын саналыг оруулж ирэх, мөн­хүү Ерөнхийлөгчийн хү­сээд буй сонгуулийн холимог тог­тол­цоог Үндсэн хуульд тусгахаар тохироо хийв үү хэмээн хардах нэгэн ч байгаа юм. Энэ тогтолцоо МАН-ын ахмадуудад тун ч хэрэгтэй байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрынхоо эсрэг талд гарч зогссон, зарим нь намаасаа гарч тэмцэнэ гэж сүрдүүлсэн гэх хов жив ч саарал ордонд түгсэн билээ. Ирцээ ч бүрдүүлж чадахгүй талын нэг бутарч одсон МАН-ынхан ихэд эв найртайгаар нэг өрөөнд цуглацгааж, бүлгийн нэгдсэн шийдвэр гаргаж байгааг бодохоор цаана нь том эрх ашиг, том наймаа, тун ч ашигтай бизнес явагдсан нь тэнэг хүнд ч тодорхой болж байх юм. 

Санал асуулгын тов тодорхой бус боллоо  

Ээлжит бус сонгуультай хамтатган санал асуулга явуулах нь эрх баригч намд төдийлөн ашигтай биш. МАН амлалтаа биелүүллээ шүү гэж “гоё” харагдахаас илүү том эрх ашиг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ард бий. Тэгээд ч 2020 оны сонгуулиар ямар улс төрийн хүчин ялалт байгуулж, Их хуралд олонхи бүрдүүлэхийг мэдэхгүй учраас удаан хугацаанд зөвшилцөж, тэр хол замыг туулж, тэгтлээ их зөрчилдөж, тэмцэлдэн байж баталсан 35 зүйл заалтаа бусдад бэлэн хоол болгож өгөх нь юу л бол.

Хэрвээ өөрсдөө дахин олонхи бүрдүүлж чадахгүй бол дараагийн Их хурал нь дахиад задлах, өөрчлөх, гуравдугаар хэлэлцүүлгийн явцад унагах эрсдэл байгаа учраас 2019 он дуусахаас өмнө санаснаа хийж, сарвайснаа батлуулах гэж улайрах нь дамжиггүй билээ. Ард нийтийн санал асуулга /АНСА/ явуулах хугацааг уг нь аравдугаар сарын 30 гэж товлосон байлаа. Гэвч хориг, хүлээлт, хоёр фракцийн зөрчил зэрэг олон шалтгаанаас үүдэн энэ хугацаанд амжихгүй нь тодорхой болж байна. Арваннэгдүгээр сар гарлаа гэхэд өвөл эхэлнэ. Малчид отор нүүдэл хийгээд олдохгүй.

Хэчнээн хоёр гурваар нь амралтын өдөр болголоо ч залуус саналаа өгөхөөр ирэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болно. Тэр тохиолдолд 28 тэрбум төгрөг дэмий салхинд хийсэх учраас санал асуулгыг ямар хэлбэрээр авах вэ гэдэг нь эрх баригч намын ярих ёстой хамгийн чухал сэдэв болж мэдэх нь ээ. Эсвэл зориг гаргаад мөнгөн дүнгээ нэмэгдүүлж, хөдөө, хотгүй төрийн албан хаагчдаа дайчлан санал авах бас нэг сонголт гарч ирэх нь. Хотын бид саналаа асуудалгүй өгчихөж болох ч хүн нэг бүрийн санал чухал учраас хөдөөгийн буйдхан алсад буй малчиддаа яаж хүрэх вэ гэдгээ л эрх баригчид нэн даруй ярих шаардлагатай болов. Ерөөс нэгэнт эхлүүлсэн ажил, нэгдсэн шийдэлд хүрчихсэн л бол нэмэлт өөрчлөлтөө хэлэлцүүлгийн ширээний ард дахиад ярилцахаас өөр гарц бидэнд үлдсэнгүй.

Хүч түрсэн шийдвэр, нэг намын түрэмгийлэл хэзээ ч сайн үр дүн авчирдаггүйг 2000 оны дордохын долоо бидэнд хангалттай харуулж байгаа. Тиймээс эцсийг нь үзнэ гэж зориглосон л бол Ерөнхийлөгчтэйгөө дахин зөвшилцөх, оруулсан саналуудыг нь эргэж харахаас өөр сонголт МАН-д байхгүй. АН-ын хүсээд буй саналаас ч тодорхой хувийг Үндсэн хуульдаа тусгах шаардлага бий болно. Я.Содбаатар гишүүн Их хурал нэгэнт хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, 35 саналаа нэг бүрийг нь 57-оос дээш гишүүний саналаар батламжилсан учраас эргэж задлах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна билээ. Гэхдээ “Үндсэн хууль нь өөрөө улс төрийн намуудын төрийн институтын ойлголол зөвшилцөл дээр гарах баримт бичиг.

Энэ утгаараа хориг дээр тодорхой тодорхой ойлголцолд хүрэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг гарсан. Бид дангаар батлах бүрэн боломжтой. Гэсэн ч хүч хэрэглэж асуудалд хандахгүй” хэмээн ярьсан байна лээ. Тэгэхээр зөвшилцөх ажлын хэсэг нь үндсэн үүргээ биелүүлсэн учраас хоригийг хүлээж авахгүй, санал асуулгаа явуулах шийдвэр гаргасан хэрэг гэж найдаж сууна. Эс тэгвээс Ерөнхийлөгч дахиад нэг нүүдэл хийнэ, нөгөө хэд нь дахиад л хуваагдаж, талцах байдлаар асуудал өрнөөд эхэлвэл энэ улс орон юу болох бол. Зөвшилцөл нь ард түмэнд ээлтэй, ахиад алдаа болох өөрчлөлт битгий байгаасай хэмээн залбирч суухаас өөр гарц алга. Эцсийн дүндээ, эрх баригч намын зөрчил маргаан, төрийн гурван өндөрлөгийн толхилцоон хамгийн хэрэггүй зүйл болчихлоо. Өвөл хаяанд ирчихээд хаалга тогшин зогсох энэ өдрүүдэд улстөрчид нь зодооноо хойш тавьж, улс орныхоо агаарын бохирдол, утаагүй түлш, түгжрэлдээ санаа чилээх шаардлагатай учраас нэмэлт өөрчлөлтөө хэл амгүйхэн батлаад, дараагийн ажилдаа ханцуй шамлан орвол ямар вэ. Монголын улс төрд ганцхан сэдэв чухал биш байлтай.