Нийслэлийн үйлчилгээний байгууллагад ажиллаж буй олон зуун албан хаагчид өнгөрөгч мягмар гарагаас эхлэн нийслэлийн есөн дүүргийн бүх хороодод мэргэжлийн хяналт, цагдаа, эмч, хэсгийн ахлагч нартай ажиллаж, утаагүй түлшийг хэрхэн зөв хэрэглэх, айл өрхийн хэрэглэж буй зуухны аюулгүй байдал ямар байгааг нягталж, эмнэлгийн тусламж үзүүлэн ажиллажээ. Мэдээлэл сурталчилгаа сайн явсных уу, эсвэл иргэд дор бүрнээ гэр байшиндаа үзлэг хийж, зуух, пийшингийнхээ онгорхой цоорхойг бөглөсөн үү, юутай ч өчигдөр өглөө угаарын хийнд хордсон, эсвэл амиа алдсан дуудлага ирсэнгүй ажин түжин хонолоо. Хэвлэлийнхэн бид ч энэ удаа хэн нэгний үгийг дагаж туйлшрахгүй, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж олон талын байр суурийг олон нийтэд хүргэж ажиллав. Зурагт хуудас, танилцуулга барьсан залуус ч гудамжинд яваа хүн нэг бүрт хүрч ажиллаж байгаа нь талархууштай. Гагцхүү эрдэнэт хүний амь нас эрсдэхээс өмнө иргэддээ энэ бүх мэдээлэл, сурталчилгаагаа сайтар хүргэхгүй яав даа гэсэн харамсал төрж сууна. Найр наадам хэсэж, налгар зун, намар хоёрт мартаж орхисон ажлаа цаг тухайд нь хийчихсэн бол тэдгээр зургаан хүн өнөөдөр амьд сэрүүн үр хүүхэд, хань ижил, хайртай бүхэнтэйгээ инээлдэн гал тойрон суух байсан нь дамжиггүй. Өвөл хаалга тогшиж буй энэ цагт иргэд ч гэр байшиндаа үзлэг хийж, эвдэрч хэмхэрсэн зуух, пийшингээ засч сэлбэн, яндангаа цаг тухайд нь хөөлж, үнсээ гаргаад асгачихсан бол ийм асуудал ч үүсэхгүй байлаа. Тиймээс хаа, хаанаа орхигдсон хариуцлагагүй байдлынхаа алдааг бид өндөр үнээр төлөв. Иргэд ч дор бүрнээ хариуцлагатай байх ёстойг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь ээ.
Цөөхүүлээ атлаа нэг ч гэсэн хүнээ, нэг ч гэсэн хүүхдээ ийм өчүүхэн шалтгаанаар дахиж алдахгүй байхын төлөө дээр, дооргүй анхаарах ёстойг дэндүү өндөр үнээр ухаарлаа. Иргэн та хайртай бүхнийхээ төлөө яндан, зуухаа дахиж нэг удаа шалгаад үзээч. Яндангаа хөөлсөн эсэхээ, угаарын хий алдагдах онгорхой цоорхой байна уу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй шүү. Учир нь төрийн албан хаагчид дүүрэг хороодоор явж байгаа хоёр өдрийн хугацаанд маш олон өрх галлагааны системийн аюулгүй байдлаа хангаагүй, зуух нь яндангийнхаа хэсгээр нүх гарчихсан, ханан пийшин нь тоосго дутуу гэх мэт асуудалтай байсныг илрүүлжээ. Мөн дээрх нас барсан, угаарын хийнд хордсон иргэдийн гэрт урьдчилсан байдлаар үзлэг хийхэд нөгөөх л яндангийн хавхлагаа хааж унтсан, үнс ихтэй, пийшин нь тоосго дутуу, нурсан хэсгийг нь бөглөөгүй зэрэг олон зөрчил илэрсэн байх юм. Түлшиндээ биш бид түлэх арга барил дээрээ алдаж байсныг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна билээ. Тэгэхээр хаа хаанаа л хариуцлагаа дээшлүүлж, хайртай бүхнийхээ төлөө иргэн та хичээхгүй бол төр юм бүхэнд оролцох нь учир дутагдалтайг ч энд зориуд онцлоё.
Үхлээр улс төр хийх хүртлээ увайгүй болжээ, бид
“Зуд болоход нохой зоолж, зовлон учрахад лам баяждаг” гэгчээр сайжруулсан түлш тойрсон асуудал яригдаж эхэлсэн эдгээр өдрүүдэд улс төрийн пиар хийсэн увайгүй хүмүүс ч олон гарлаа. Ичдэг бас эмээдэг болоосой хэмээн өмнөөс нь халаглах. Хотын дарга С.Амарсайхантай холбоотой асуудал үүсэв үү, үгүй юу үсэрч гарч ирээд улс төр хийдэг намаасаа ичгэвтэр байдлаар хөөгдсөн С.Мөнхчулуун гэж төлөөлөгч “Иргэд угаартаж амиа алдсанд С.Амарсайхан буруутай. Тиймээс түүнийг огцруулна” гэж мэдэгдэл хийжээ. Мэдээж хотын удирдлага буруутай юу, гэвэл буруутай. Гэхдээ сайнтай, муутай ч тэдний гаргасан “зоригтой” шийдвэр өнөөдөр Улаанбаатар хотын агаарын чанарыг 40-50 хувиар сайжруулах шийдэл болж байна. Түүхий нүүрснээс болж жилд хэдэн зуун хүүхэд ээжийнхээ гэдсэнд амиа алдаж байгааг ярихгүй өнгөрч болохгүй биз дээ. Төрсний дараа хатгаанаас салахгүй, харшилтай, элдвийн ужиг өвчтэй олон мянган хүүхдийн төлөө эрсдэлтэй байлаа ч зоригтой шийдвэр гаргахыг төрөөс олон жил шаардсан. Зуух тараагаад өнгөрөх бус арай өөр шийдэл гаргахыг хүссэн, жагссан. Нэг л өглөө нийтээр нь үнэгүй орон сууцанд оруулчих бэл бэнчин энэ улс оронд байхгүйгээс хойш дунд хугацаандаа энэ мэтээр шийдэл эрж байгааг нь улстөржүүлэх шаардлага огтхон ч байхгүй санагдах.
Угтаа, Засгийн газраас гаргасан “Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй” гэсэн шийдвэрийг маш олон хүн дэмжсэн байдаг. Би ч тэдний нэг. “Сайжруулсан түлшээ ингээд зогсоож болохгүй шүү, түүхий нүүрсээ эргээд оруулж ирж болохгүй шүү” хэмээн эрс эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Эх хүнийхээ хувьд, их хотын иргэнийхээ хувьд дахиж түүхий нүүрсээр амьсгалмааргүй байна. Төрийн албан хаагчид иргэдтэй уулзахад ч “Мэдээллээ сайн өгчих хэрэгтэй. Хэрэглэж үзлээ асуудал алга. Дахиж түүхий нүүрсний угаарт хордмооргүй байна. Утаа мэдэгдэхүйц буурчихлаа. Алдаа хаана байгааг даруй олоод асуудлаа хурдан шийд” хэмээн ярьж байжээ. Гэтэл зургаан хүний амь нас яригдсан энэ зэврүүн өдрүүдэд АН-ынхан хүртэл “хөөрч” гарч ирээд албан тушаалын улс төр хийж байгаа нь хэчнээн муухай харагдав аа. Хотын захирагч асан Э.Бат-Үүлийн удирддаг “Гэр хорооллын хөгжил” хөдөлгөөнийхөн хүртэл улс төрийн сэдэв болгочихоод улайрч явах юм. “Нийслэлийг дахин төлөвлөх ёстой. Утаанаас салгаж чадахгүй бол С.Амарсайхан ажлаа өг” гэх мэтээр алдаатай лоозон барьчихаад жагслаа. Гэвч, Э.Бат-Үүл та хотыг удирдаж байсан хүн шүү.
Тэр үед яагаад түүхий нүүрснээс нийслэлээ салгах ажлыг дорвитой хийгээгүй юм бэ. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр би хийчих байсан зүйлийг зогсоочихлоо хэмээн матрын нулимс унагаж, бусдын үхлээр улстөржиж байгаа чинь эмгэнэлтэй байна, баатар аа. Гэр хорооллыг дахин төлөвлөх таны мэргэн санаа хүүгийн чинь бизнесийг л дэмжиж, өдгөө шүүхийн хаалга татаад явж буйг ард түмэн арай ч мартчихаагүй байгаа шүү. “60 тэрбум”-аас болж намаасаа хөөгдсөн нэг нөхөр бусдын үхлээр шоу хийж, улс төрийн өс хонзон ярьж байгаа нь үнэхээр хөгийн байлаа. Ар араасаа гарч ирэн мэдэгдэл хийцгээж байгаа эдгээр шударга үнэний дүртэй улстөрчид, улс төрийн намуудын буруу бодлого, газрын наймаа, албан тушаалын төлөөх өрсөлдөөн, авлига хүнд суртлын төлөөсийг л ард түмэн үүрч байна. Утаа, угаар нэг л өглөө бий болчихсон зүйл биш. Ээлжилж төр барьсан энэ хугацаанд иргэдээ паартай байранд амьдруулж чадаагүй улстөрчдийн, улс төрийн намуудын бүгдийнх нь буруу. Алдаагаа хэнээс эрээд байгаа юм бэ. МАН, АН, МАХН, Э.Бат-Үүл, С.Мөнхчулуун, Ц.Баатархүү ч бас буруутай. Үхлээр улс төр хийх хүртлээ увайгүй гэдгээ харуулж буй та бүхний 29 жилийн турш зуурсан бантан чинь жил бүхэн хэдэн зуун хүний амийг авч одлоо. Иргэнээ орон сууцанд оруулж чадаагүй алдаа чинь У.Хүрэлсүхийнх эсвэл С.Амарсайханых гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Төрж амжихгүй гэдсэндээ эндсэн хүүхэд бүхний өмнө та нар буруутай. Төрснийхөө дараа өвчиндөө шаналж, эмнэлгийн коридорт энэлж буй нялх үрс, тэдний ээжүүдийн өмнө очиж улс төр яриад үз. Ямар хариулт сонсох бол. Орон гэртээ угаартан амиа алдаж буй хүн бүхний шарилын өмнө зэрэгцэж зогсоод уучлалт гуй. Утааг арилгахад зарцуулах ёстой 750 гаруй тэрбумыг өнгөрсөн 10 гаруй жилд хувааж хүртсэн хүн бүхэн энд буруутай. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайгаад үз. Ядарсан ард түмнийхээ үхэл, хагацлаар улс төр хийж, албан тушаал сандал суудлын эрх ашиг руу чирч буй хүн бүхнээс ичиж байна.
Нийслэл хот руу 200 вагон түүхий нүүрс орж ирсэн үү
Түүхий нүүрсний бизнесээ алдаж буй томоохон бүлэглэл ч эдгээр хүмүүсийн үхлээр “пиар” хийж, сайжруулсан түлшийг зогсоох гэж улайрч байгаа гэдгийг “Тавантолгой түлш” компанийн инженер хэлсэн байна билээ. “Тэдэн төгрөг өгье. Сайжруулсан түлшнээс угаартчихлаа гэж дуудлага өгчих. Үзлэгт нь очоод тоо нэмчих” хэмээн иргэдийг явуулж байна гэсэн мэдээлэл ч соошл орчинд тавигджээ. Үнэн биш л байгаасай. Монголчууд минь дээ, хүн чанараа хаана гээчихэв ээ. Ямар арилсан дотортой хүмүүсээс ийм ухаан гардаг юм бол. Бизнес нь ашиггүй болчихвол хэдэн зуун хүүхэд амиа алдсан нь хамаагүй гэж боддог ийм троллууд ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд ажлаа хамгийн төгс гүйцэтгэж байх юм. Түүхий нүүрсний бизнесийнхээ оронд түлш зар, нэг уутнаас багадаа 15 мянган төгрөгийн ашиг та нарт унах боломжтой гэсэн санал тавьсан ч олон хүмүүс татгалзаж, түүхий нүүрсний бизнесээ хийнэ хэмээн зүтгэдэг аж. Олон мянган дагагчтай хуудас руу сайжруулсан шахмал түлшийг муулсан пост, бичлэг оруулж, түүхий нүүрсээ дахиад хэрэглэж эхэлье хэмээн улаандаа гарцгаан уриалж байх аж. Тэр ч байтугай нийслэл хот руу 200 вагон түүхий нүүрс хулгайгаар орж ирсэн гэх асуудал Хотын удирдлагуудын чихэнд хүрчээ. Үүнийг шалгаж эхэлсэн бөгөөд хаагуур хэрхэн борлуулах нь бас сонирхолтой. “Түүхий нүүрсээ түлэхгүй л бол энэ түлш чинь хүнийг үхүүлээд байна” гэсэн эрх ашгийн зөрчилтэй пиар ч нийгмийн сүлжээнд идэвхжиж байгааг иргэд ажиглаж суугаа нь дамжиггүй. Хүнээ гээсэн, хүн чанараа алдсан ийм хүмүүсийн увайгүй үгэнд төр нь итгэж, дахиад түүхий нүүрс түлэх шийдвэр битгий гаргаасай. Хэвлэлийнхэн бид ийм зүйлийг өөгшүүлж огтхон ч болдоггүй юм шүү. Бид утааг ялан дийлэх нэг алхам хийсэн үү, хийсэн. Сайжруулсан түлш өдгөө 30 гаруй мянган тонн борлогдчихсон байгаа аж. Хэд хэдэн лабораториуд шинжлээд асуудлыг илүү тодорхой болголоо. Тиймээс эрдэнэт хүний амиар улс төр хийж буй энэ мэт асуудлыг шалгадаг газраар нь шалгуулж, харин төр алдаагаа дахин давтахгүй байхад л анхаарах ёстой юм. Хамгийн чухал нь иргэдээ мэдээлэлтэй болгож, хариуцлага, хяналтаа л хаа, хаанаа сайжруул гэдгийг дахин, дахин хэлье.