ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөгшид уйлуулах чинь хөгийн байлаа, Б.Сүхбаатар дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-18

“Би улсад 25 жил ажилласан. Тэтгэвэрт гараад 19 жил хувиараа ажил, хөдөлмөр хийлээ. Нийтдээ 44 жил энэ улсад ажил, хөдөлмөр эрхэлж, татвараа төлсөн. Гэсэн ч өнөөдөр интернет мэдэхгүй учраас түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдаж чадсангүй. Би ах дүү нараараа хоног төөрүүлдэг хүн. Тэтгэврийн хэдэн төгрөгөө өгөөд ч болтугай насны эцэс хүртэл түрээсийн орон сууцанд нь дулаахан амьдарчихмаар байх юм. Би яаж бүртгүүлэх вэ гэж энд ирж асуулаа. Та он гараад ирж бүртгүүлээрэй. 

Одоо бол таныг оруулахгүй гэж байна. Дараагийн байр нь хэзээ ашиглалтад орох юм бол. Миний нас хүрэх болов уу” хэмээн 80 хүрсэн эмээ жанжин Д.Сүхбаатарын хөшөөний өмнө уйлан ярьж байх юм. Харин цаад талд нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг зохион байгуулсан Нийслэлийн орон сууцны корпорацийн удирдлагууд индэр дээр гар­чих­сан их л том ажил хийчих­сэн аятай үг хэлээд л, алга ташуулаад л. Хэдэн ахмадуудыг төв талбайд цуг­­луулж заримыг нь уйлуулж, заримаар нь сон­гуулийн шоу хийж байх ч гэж дээ. Хэчнээн гуниг­тай, гутамшигтай харагд­сан гэж бодно оо.

Яах вэ, үр хүүхдийнхээ гэрээр хоног төөрүүлж, эсвэл хүйтэн гэрт галаа ч түлж чадахгүй бээрч байсан хэдхэн ахмад настанд төр орон байр түрээслүүлжээ хэмээн зөвтгөж болно. Орон сууц хүссэн 35 мянган иргэнээс 1000-ынх нь асуудлыг шийдлээ хэмээн баярлаж бас болно л доо. Гэвч нэгийг нь баярлуулж, нөгөөг нь уйлуулсан ийм шоу хэнд хэрэгтэй байсан юм бэ, Б.Сүхбаатар дарга аа. Эцсийн дүндээ энэхүү 972 айлын орон сууцанд төр үнэгүй оруулаагүй биз дээ. Тэд мөнгөө төлнө, зарим нь бүр өр тавиад орж байгаа. Хуваарилалт яаж явсан талаар ч хардлага, сэрдлэг намжаагүй байгаа шүү дээ.

Тийм атал зүгээр л мөнгөө төлөөд орон байранд орж байгаа иргэдээр ингэж шоудаж, нэг хэсгийг нь баярлуулж, нөгөө хэсгийг нь уйлуулах шаардлага байсан юм уу. Төрийн шоу хэрээс хэтэрснийг, танигдахын тулд яаж ч попорч болдгийг харуулсан л үйл ажиллагаа боллоо. Энэ тайз, тэр батламжийг өгөхийн тулд хэдийг үрсэн нь хамгийн сонирхолтой. Инээдэмтэй байна аа. Хатуухан хэлэхэд, иргэн та өрөнд орлоо, насан эцэслэх хүртлээ өрнөөс өрний хооронд амьдарна аа гэдгийг нь батламжлаад байгаа хэрэг үү. Эсвэл 35 мянган иргэнээс сугалаанд хожсоны чинь төлөө энэ батламжийг өглөө гэж байгаа юм уу.

Яаж ч бодсон энэ бол доромжлол байлаа. Ядарсан ард түмнээрээ шоу хийсэн дарга нарын бас нэг тэнэглэл болов. Ингэж бичлээ гээд доромжиллоо, юм бүхнийг харлууллаа хэмээн загнах, зэмлэх хүн гарах л байх. Гэвч сонгуульд танигдахын тулд, эсвэл ажил хийсэн болж харагдах гэсэн энэ мэт тэнэглэлийг аль болгондоо бид “за яах вэ” хэмээн өнгөрөөх хэрэг вэ. Төр нь 35 мянган иргэнээ байранд оруулж чадаагүйдээ, тэднийг өрөнд оруулахын тулд сугалаадуулж байгаадаа ичих ёстой байхад ид бах болгож, шоуддаг нь ямар учиртай юм. Азын сугалаанд найдсан ийм зүйлийг харин ч ичсэндээ олон нийтэд зарлахгүй, дүүрэг хороонд нь чимээгүйхэн тарааж өгөөд оруулчихаж болно оо доо. Сугалаа, батламж гэсэн энэ мэт ичмээр зүйлийг хэрхэвч өөг­шүүлж, хөөргөдөж болох­гүй юм. Мөнгөө төлөөд орж байгаа иргэдээр арай ч ингэж сонгуулийн шоу хийж болохгүй байх аа.