ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чишш, тэд унтаж байна

O.Admin
2018-04-30

2016 оны сонгуулийн дараа МАН Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг то­ми­лох үед Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байдаг. Тодруулбал, “Мэр­гэж­лийн” гэх тодотголтой Засгийн газар тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай үйл ажиллагаа явуу­­лахаар болж, бүтцээ эцэслэн баталж байв. Хэдийгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон ч агентлагийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй юм. Мөн дарга цэргийн халаа сэлгээ ч хийгдээгүй гэхэд болно. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг­тэй оролцох учиртай эдгээр агентлагууд хоёр жилийн хугацаанд ямар ажил хийж байгааг уншигч­дад хүргэх гэж хэдэн өдөр мэдээлэл цуглуулав. Харамсалтай нь тэдгээр агентлагуудад хийж бү­тээ­сэн онцлох ажил байтугай, ямар хүн удирддаг нь ч тодорхой бус байсныг нуух юун. Тиймдээ ч бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй эдгээр агентлагуудын тухай нийтлэлээ “Тэд унтаж байна” хэмээн гар­чигласан хэрэг.

Чин үнэнийг хэ­лэхэд эдгээр агентлагууд үеийн үед л ийм байсан. Улс төрд шат ахих гэсэн амбийцтай за­луус болон сонгуулиар ажил­ласан туслах зөвлөхүүддээ бэлэг­лэдэг албан тушаал бол­чихсон нь худлаа биш. Шадар сай­дын эрхлэх асуудлын хү­рээнд байдаг тохируулагч агентлаг болох ШӨХТГ-т гэхэд л 20 гаруйхан настай Д.Мөнхтөр гэх залуу даргаар сууж, хэсэгтээ л олны шүүмжлэлийг сонсч байв. Өдгөө УИХ-ын гишүүнээр сууж буй Т.Аюурсайхан ч на­маасаа ШӨХТГ-ын даргын сууд­лыг “бэлгэнд” авч байсныг нуух юун. Тэгвэл өдгөө тус газ­рын даргаар Б.Лхагва гэгч ажил­лаж байгаа аж. Өмнө нь даргаар ажиллаж байсан гэ­дэг ч О.Магнай ажлаа авсны дараа Б.Лхагва болон Удирдах зөвлөлийн хэд хэдэн хүнийг АТГ-т шалгуулахаар өгч байлаа. Тэгвэл 2016 онд ажлаа авснаас хойш энэ хүн бас л унтаж байна. ШӨХТГ нь ямархуу төвшинд ажилладаг вэ гэдгийг бид О.Маг­найг байхад л мэдэрсэн. Хэрэглэгч нэг бүрийн төлөө жижиг зүйлийг ч орхихгүй ажиллаж болдог гэдгийг хар­сан, мэдэрсэн. Харин тэр цагаас хойш энэ байгууллага үнд­сэндээ унтаа байдал орлоо.

Өнөө­дөр ч сэрээгүй, бөх гэгч нь нойрссоор байх аж. Сар шинийн өмнөхөн нефть им­порт­логчид шатахууны үнэ нэмнэ гэх шантааж хийх үед Б.Лхагва дарга хагас хугас ичээ­нээсээ гарч билээ. Огт чимээгүй суух нь эвгүй байсан уу, хоёр удаа мэдэгдэл хийгээд л эргээд таг чиг болов. Тэгвэл Ерөнхий сайдын эрхлэх асууд­лын хүрээнд байдаг Харил­цаа, холбоо мэдээллийн тех­нологийн газар бас л юу хийж байгаа нь мэдэгдэхгүй тө­дийгөөс өдийг хүрэв. Тус газар хамгийн сүүлд ОХУ-тай радио давтамжийн бү­сээ баталгаажуулж, цахим орч­ноос хүүхдүүдийг хамгаалах та­лаар санамж бичигт га­рын үсэг зурснаас өөр хийж гийгүүлсэн ажилгүй сууж бай­на. Тохируулагч агентла­гийн даргаар Б.Чинбат гэх мэр­гэж­лийн боловсон хүчинг 2016 онд томилсон байдаг. Түүний хийх ёстой ажил чамгүй их бий. Гурав, дөрвөн жил яригдаж буй дугаартайгаа шилжих үйл­чилгээ ч өнөө хэр ахиц гараагүй байгаа нь Б.Чинбат ажлаа ямар хэмжээнд хийж буйг ха­руулж байгаа болов уу. Харин Б.Баяр­сайхан гэх залуугийн удирддаг Үндэсний хөгжлийн газрын тухайд хамгийн сүүлд Засгийн газрын гурван тул­гуурт хөгжлийн бодлого гэг­чийг боловсруулснаа олон нийтэд танилцуулав. Бу­сад газраа бодвол арай дөн­гүүр ажиллаж байгаа юм билээ. Тэгвэл Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд буй хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өм­чийн бодлого зохицуулал­тын газрын дарга мөн л унтаж байна.

Ц.Ням-Осор даргын сэрдэг цаг нь хууль бус өмчийн маргаан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах, авахгүй гэх маргаан гарах үед түүний нойр сэргэж билээ. Тус газрын албан ёсны сайтад орж үзэхэд “Сэтгэл хөд­лөлөө хэрхэн хянах вэ” гэх мэт элдвийн сургалтууд ар өвөргүй хөвөрч байлаа. Уг нь энэ байгууллага үнэгүйдэж буй төрийн өмчийг үнэ цэнэтэй болгох, жил бүхэн алдагдал нь нэмэгдэж буй төрийн өмчийн компаниудынхаа алдагдлыг багасгаж, ашгийг нэмэгдүүлэх талаар ажиллах учиртай. Гэвч 2018 оны эхэнд хэдэн компанийн дарга нартай уулзсаныг эс тооцвол энэ талаар хийсэн ажил нь чамлалттай. Урлагийн олон бүтээл үнэгүйдэж байхад унтсаар байгаа газар бол Оюуны өмч, улсын бүртгэлийн газар. Тэтгэвэрт гарах наснаасаа өнгөрчихсөн Р.Содхүү даргыг удирдаж байхад энэ газар чимээ аниргүй л нам гүмхэн байлаа. “Төрийн үйлчилгээнд хүнд сур­тал байх ёстой. Банкинд очер­лодог атлаа яагаад тө­рийн үйлчилгээ авахаар очер­лож болдоггүй юм” хэмээн хэрэглэгчээ загначихаад зогсч байлаа, дарга нь. Р.Содхүү мөн л хууль бус маргааны үед ажлаа тун ч сайн хийнэ. Гэрчилгээг нь хүртэл шөнөөр гаргаж рекорд тогтоож байв. Тэгвэл Р.Содхүүг ажлаас нь чөлөөлсний шинэ дарга болох Д.Дэлгэрсайхан нь гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх шийдвэр гаргаж, сая л энэ байгууллага амьд гэдгийг мэдэв. Оюуны өмчийн хулгай цахим орчинд эрчээ авчихаад байгаа талаар энэ байгууллага нэг ч ажил хийсэнгүй. Бүтэн жилийн хө­дөлмөр, хэдэн зуун сая төгрөг зарлагадаж бүтээл гаргасан уран бүтээлчдийн контентыг ямар ч цензургүйгээр хуул­бар­лан тараах гэмт хэрэг улам л эрчээ авч байна. Уран бүтээлчдийнхээ оюуны өмчийг хамгаалах талаар Харилцаа холбооны газартайгаа хамтарч ажиллаад ч болов ажиллах нь тэдний хамгийн эхлээд хийх ёстой ажил. Гэвч тэд бас л унтаж байна.

Хүүхдийн эрх шат шатанд зөрчигдөж, нялх балчир үрс хүчирхийлэлд өртөж байхад аанай л бусад шигээ унтаж буй Хүүхэд залуучуудын хөгжлийн газар ч шүүмжлэлээс холуур өнгөрөх учиргүй. Байдаг эсэх нь ч үл мэдэгдэх Стандарт хэмжилзүйн газар, Газар зо­хион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн харьяатын газруудын үйл ажиллагаа, хийж байгаа ажил хэзээ ч олон нийтэд ил тод байсангүй. Элдвийн уралдаан тэмцээн болохоор хэдэн зуун сая төгрөгөөр хувцас хийдэг, дарга цэрэг нь гадагшаа явсан гэх шүүмжлэлд өртөхөөс бус­даар товойж гардаггүй Биеийн тамир спортын газрын удирд­лагууд ч унтацгааж байна. Сагсчин Ц.Шаравжамц тун саяхан өвлийн олимпт оролцсон тамирчдын хувцаслалтаас болж багагүй шүүмжлүүлж билээ. Хатуухан хэлэхэд, тухайн үед олон ч хүн ийм газар байдаг, түүнийг нь сагсчин залуу удирддаг гэдгийг мэдсэн болов уу.

Тэгвэл МУГЖ гэдгээрээ олонд илүү танигдсан нэг дарга бол Соёл урлагийн газ­рын дарга Г.Эрдэнэ­бат. “Гэртээ ир­лээ” дуугаар нь илүү­тэй та­них эрхэм дарга мөн л албан ту­шаа­лаа авс­­наас хойш бөх гэгч нь нойрсч буй. Хаа нэгхэн том төсөл хэ­рэг­жүүлж, тог­лолт зохион байгуу­лахаас бусдаар яамнаас хийж буй ажлын нэг автор болчихоод л чимээгүй сууж байдаг нь худлаа биш юм. Дахин хэлэхэд, бийд нэ­мэргүй, байх­гүйд гарзгүй энэ олон агентлагуу­даа ажилд нь оруул, Ерөн­хий сайд аа. Эгэл ир­­гэ­дийн амьд­­ралд ойр­хон гэд­­гээр нь ард тү­мэн Гааль, Тат­­вар, ШШГЕГ, Эрүүл мэнд нийг­мийн даатгал, Хө­дөл­мөр халамжийн агент­лагуудыг мэддэг юм билээ. Харин бусад газрын тухайд яамны нэг хэлтэс болоод ажиллахад ч гэмгүй. Сургалт зо­хион бай­гуулж, эсвэл нир­гэсэн хойно хаш­гирч ажил­­ласаар бай­вал ийм олон агент­лагт тэр олон албан хаагчдыг төр үнэгүй тэжээх хэрэг байгаа бил үү. Тэд хэзээ нойрноосоо сэрж, иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж, төр гэх хүнд суртлын том аппаратын нэг эрэг шургийг ч болов хөнгөлж чөлөөлөх талаар ажиллаж эхлэх бол. Ямар даргатай, ямар чиг үүрэгтэй ажилладаг нь ч тодорхой бус агент­лагын “хур­ган” дар­га нараас нойр­­ноос нь сэ­рээж, ажлыг нь хийлгэмээр байх юм.