“Монголын тагнуулын байгууллага дэлхийд эхний гуравт ордог” гэсэн яриаг олон ч удаа сонсож байв. Тэр олон орны тусгай албад тийм өндөр хэмжээнд хүртлээ хөгжчихөөд байхад манайх тийм мундаг байна гэж юу байх вэ хэмээн үл тоодог хүн олон бий шүү. Би ч тэдэнтэй л адилхан боддог хүн. Гэвч, Монголын тагнуул сайн талаар, бас муугаараа ч шилдэг гэдгээ өнгөрсөн хугацаанд олон удаа нотоллоо. Хуучин НАХЯ-ны үеэс эхлээд л ЗХУ болон ОХУ-д боловсрол эзэмшсэн, тэнд суралцсан олон мундаг чекистүүдийн орон зайг орчин цагт залуус нөхөж байгаад нь талархууштай.
Хамгийн ойрын жишээ гэвэл, хэдхэн өдрийн өмнө дуулиантайгаар хийсэн 800 хятад иргэний баривчилгаа байлаа. Наймдугаар сараас эхлэн тагнуулын ажиллагаа явуулсан гэж байгаа ч эх сурвалжийн хэлж буйгаар тагнах, чагнах ажиллагаа бүтэн найман сар үргэлжилсэн гэх. Эхлээд цөөхөн хэдэн хүмүүсийг тагнах ажил явуулсан байгаа юм. Ингээд сэжигтэй байж болох зүйлс илэрсэн учраас наймдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Монголд цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах гэж байсан 800 хүнийг олж илрүүлэн баривчилж, тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоосон нь нийгмийн анхаарлыг татаж чадлаа.
“Эдгээр иргэдийн асуудал бидний хяналтад байсан. Та бүхэн айх аюулгүй байж болно” хэмээн ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдэгдэхэд анх удаа л хуультай улсад амьдардаг, хуулиар хамгаалуулсан тусгаар улсын иргэн шүү гэдгээ мэдрэх шиг болов. Бас тэднээр бахархах сэтгэл төрөв. Тагнуулын байгууллага ажлаа хийж чадаж буйг харуулах хамгийн ойрын жишээ энэ болсон юм. Түүнчлэн, махны үйлдвэрүүдэд мөн л хятадууд дураар дургиж байгааг тагнуулын байгууллага илрүүлэн олон нийтэд ил болгосон нь өнгөрсөн зун болсон үйл явдал.
Тэгэхэд монголчууд улаан махтай зууралдах хүртлээ тагнуулын ажилтнууд доошоо орох ч гэж дээ хэмээн үл тоож, шоолж байж билээ. Гэвч, үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнол гэж байдаг бол тагнуул ажиллах ёстой гэдгийг энэхүү 800 хятадын асуудал бэлхнээ хэлээд өгчихлөө шүү дээ.
Саяхан, салбар яамны дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс баруун таван аймагт ажиллаад ирэхэд тэндхийн иргэд өнөөх л хятадуудтай холбоотой гомдол хэлж байсан аж. “Махны хэдэн үйлдвэрийн цаана хятадууд байдаг, тэд махны үнийг тогтоодог, бүр зориулалтын хөргүүргүй үйлдвэр нь хүүрийг муутгахгүй гэж элдвийн тариа хийж байгаа. Энэ асуудлыг шалгуулж өгөөч. Монголын хууль хяналтын байгууллага хэзээ ажлаа хийх вэ” хэмээн ам уралдан, гомдол мэдүүлцгээж байсныг дэд сайдыг дагалдаж явж байсан нэгэн албаны хүн ярьж байна билээ. “Хүчит шонхор” захад ч хятад ченжүүд үнэ тогтоож байгаа нь худлаа биш.
Малын түүхий эдийн зах зээлд ч хятадууд ноёрхчихсон. Хог хаягдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар УИХ-ын гишүүн, Соёл спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл одоогоос таван жилийн өмнө хогийн цэгүүдэд ажиллахад мөнөөх л дахин боловсруулдаг хуванцар савны зах зээлд гурван хятад эзэн суучихаад үнэ тогтоодог талаар гомдол ирж билээ. Монголд хог дахин боловсруулах үйлдвэр байгаад ч нэмэргүй гэдгийг хэлж байсан. Тэгвэл өнөөдөр ч энэ байдал хэвээр байгааг нуугаад яахав.
Элдвийн ангийн үс, ан амьтны ясыг мөн л хятадууд авч байна. Уул уурхайн салбарт орж ирцгээсэн. Улсын нийслэл Улаанбаатар хотын булан тохой бүрт хятад эзэнтэй зочид буудал, караоке, саун, хоолны газрууд шилээ даран нээгдэж байгаа. Гаднаа ямар ч хаяггүй атлаа зөвхөн хятад иргэдэд үйлчилдэг, монгол хүнд үйлчлэхгүй гэж даналзаж байна, тэд. Тэдэнд алдаагүй үлдсэн ганцхан салбар нь магадгүй газар тариалан, хүнсний ногоо ч байж мэднэ. Энэ бүхэнд Монголын тагнуул хүрч ажиллахыг зорьж байгаа. Хүрч ажилладаг гэдгээ ч харуулж байх юм. Гэтэл бид махтай зууралдлаа, 800 хятад орж ирчихээд байхад юугаа хийгээд харж зогссон юм гэх мэтээр буруутгаж, тэдний ажлыг үл тоолоо, энэ өдрүүдэд. Яг л махтай зууралдаад гэж шоолдог шигээ үл тоов.
Гэтэл энэ байгууллага өнгөрсөн хугацаанд ч өнөөдөр ч магадгүй ажлаа хийсээр л байгаа. Харин бусад шиг ил гарч ирээд биднийг тэгж шүүмжиллээ, ингэж мууллаа, бид ийм зүйл хийчихлээ гэж сурталчлахгүй, олон нийтэд ил зарлахгүй учраас алдаа нь ил харагддаг биз. Монголын тагнуулын байгууллагын нэлээд чадварлаг чекист болох Б.Хурц Франц улсаас хүн хулгайлан хоёр улсын хил дамнуулан эх орондоо авч ирсэн тохиолдол бий. Хэдийгээр энэ бол зүйд нийцэх асуудал биш байсан ч тийм өндөр хэмжээнд бэлтгэгджээ гэсэн үг. Хэрэг явдлыг эргэн сануулвал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт Д.Энхбат агсныг Францаас хулгайлан авчирч байсан юм. Бод доо, амьд хүнийг барууны хил, харуул хамгаалалтаар мэдэгдэхгүй гаргаж, хулгайлсан байдаг.
“С.Зориг агсны хэргийг 20 гаруй жил илрүүлж чадаагүй байтлаа юуных нь сайн ажиллах вэ” хэмээн уншигч та эгдүүцэж мэднэ. Гэлээ гэхдээ л Монгол Улсад хэн дуртай нь дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж чадахгүй болсныг бид харж байна шүү дээ.
С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг мөн л тагнуулынхан олж, олон нийтэд ил болголоо. Салхитын мөнгөний орд дээр хоёр жил гүйцэтгэх ажиллагаа явуулж, олон ч шүүгчийн авлигын асуудлыг илчлэв. Зургаад нь өнөөдөр шүүхээс ял төлөвлөчихлөө. “Монголын тагнуул юугаа чаддаг юм” хэмээн үл тоож байсан хүмүүс одоо айдастай болчихлоо.
Миний авлига авч байгаа үйлдлийг тагнаж байвал яах бэ, намайг мөрдөж байх вий гэсэн айдастай болж, авлига тэр хэрээр ч буурах билээ. Гадны улсад тагнуулын мэдээлэл дамжуулж байсан хэд хэдэн хүний асуудлыг шийдлээ илрүүллээ. Дипломат албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, тамхины наймаа хийж байгааг мэдсэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн л тагнуулын байгууллагад албан бичгээр хандсан гэдэг. Энэ дагуу тагнуулынхан хил дамнан тагнуулын үйл ажиллагаа явуулж, ар араасаа олон хүн баригдлаа. Нэг жилийн хугацаанд явуулсан тагнах ажлын үр дүнд дипломат ажилтнууд албан ажлаасаа өөр зүйл хийж чадахгүй болов.
Энэ бол амжилт шүү. Монгол Улс төртэй юм байна, тэнд ажиллахын тулд шударга байх хэрэгтэй боллоо, тагнуул нь хил дамнаад ч болов хэргийг илрүүлдэг болжээ гэсэн айдас тэдэнд бий болов. Тагнуулын байгууллага одоо л жинхэнэ ёсоор ажиллаж эхэллээ гэж ам бардам хэлэх өдөр ирдэг юм байна. Хил дамнасан хар тамхины сүлжээг ч төвөггүй илрүүлдэг болж. Цахим шуудан ашиглан Монгол Улсыг дамжуулагч, бас хэрэглэгч орон болгож байсан гадаад, дотоодын хэд, хэдэн хар тамхины гэмт хэрэгтнийг баривчлав.
Хөгжингүй, буурай улс орон хэмээн үл тоодог, гэмт хэргийн үүр уурхайгаа бэлтгэсэн, эсвэл бэлтгэхээр санаархаж байсан гадныханд энэ удаагийн нүсэр баривчилгаа сигнал болж очих нь мэдээж билээ. Гуравхан сая хүн амтай ч гэсэн энэ улсын тагнуулыг, бас цагдааг нь басаж болохгүй нь хэмээн мэдэрсэн гэж найдъя. Бид тэдний бурууг олон удаа шүүмжилсэн. Болохгүй байна, ажлаа хийсэнгүй гэж баалдаг, буруутгадаг. Харин энэ удаа болж байна хэмээн урамшуулъя. Энэ эрч хүчээ битгий алдаарай, чекистүүд ээ. “Монголын тагнуул дэлхийд номер нэг шүү. Тэдний хараанаас ямар ч зүйл мултардаггүй юм” хэмээн бардам хэлж суух цаг ойрхон байна даа.