ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Том намын дарга шиг том дуугараач, С.Эрдэнэ дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-18

Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ҮБХ-ны шинэ гишүүдийг батламжлахаас гадна 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн дэнчингийн мөнгөний асуудлыг хэлэлцжээ. Тус намын зүгээс УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар тойрог авахын тулд эрчүүд нь 100 сая, эмэгтэй нь 60 сая төгрөг намдаа хандивлаж, нэр дэвших эрх авах ёстой гэдгийг хэлсэн аж.

ҮБХ-ны гишүүдийн гар утсыг нь унтрааж байгаад танилцуулсан байгаа юм. Залуучуудынхаа боломжийг хаасан, нөгөө л төрд олон жил суусан олигархи бүлэглэл, мөнгөтэй баячуудад боломж өгөх дэнчингийн мөнгөний хэмжээг эсэргүүцсэн АН-ын залуус ч цахим орчинд шүүмжлэл өрнүүлж, намын даргыгаа мэтгэлцээнд дуудаад амжлаа. Түүнчлэн, нэр дэвших хүсэлтэй хүмүүс энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрөгч баасан гараг гэхэд дэнчингийн мөнгөө бэлэн болгох ёстой гэдгийг ч намын дарга нь хэлсэн гэх. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол өнөөдрөөс эхлэн АН-аас УИХ-ын 76 тойрогт нэр дэвших хүмүүс хэдийнэ тодорсон гэсэн үг юм. 

Мөнгөний их багын тухай яриа сөрөг хүчин дотор хэдийнэ өрнөөд эхэлчихсэн байхад эрх баригч МАН-ынхан харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан баяраа хийгээд завгүй явах аж. Их тэнгэрт “найрлаж”, “эцэг” хуулийг өөрчилсөн түүхэн өдрийнхөө партиг хийж байгаа бөгөөд дэнчингийн мөнгө, тойргийн хуваарилалт одоогоор онц гойд асуудал биш санагдах нь мэдээж биз ээ.

Гэвч, эх сурвалжийн хэлж буйгаар У.Хүрэлсүх даргын өрөөнд хадаг яндар, цүнхтэй мөнгөө барьсан тойрог горилогчид хэдийнэ цуглаж эхэлсэн бөгөөд дэнчингийн мөнгөний их багыг ил тод зарлахгүй гэдэг “нууцын гэрээ” ч яригдаж байгаа сурагтай. МАН анхнаасаа л тийм зарчмаар явж байсан, цаашдаа ч тэгж явах биз. АН-ынхан харин дотоод, гадаад зодооноо ч ил гаргадаг зарчмаар 100, 60 сая тойрсон хэрүүл сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой болов. Энэ яриа үнэн эсэх, Ардчилсан нам үнэхээр залуусынхаа боломжийг хааж байна уу гэдэгт намын дарга С.Эрдэнэ ингэж хариулжээ.

Тэрбээр, “Залуусыг гээд л сонин юм ярих юм. Энэ нам гишүүдээсээ мөнгө авахгүй өөр хэнээс авах юм. Хэн нэг олигархийн халаасанд орох уу. Тийм юм байхгүй. Нэгэнт улс төрд орж ирсэн юм бол насаар ялгадгаа боль. Би бэлтгэлээ хангаж чадаагүй гэж байгаа бол заавал улс төрд орох албагүй. Өөрийгөө дэмжих 100 найзгүй хүн яаж улс төрд орох гээд байгаа юм” хэмээн загнах, зөвлөхийн завсарт хариулт өгөөд явж одов.

Тэгэхээр намын даргын хэлж буйгаар бол 100 сая төгрөгтэй хэн бүхэнд АН-ын үүд хаалга нээлттэй гэж ойлголоо. Гавьсан мэдлэггүй ч гайгүйхэн хөрөнгөтэй хэн бүхэн 100 сая төгрөг бариад очвол АН-ынхан нэр дэвшүүлнэ гэж муйхарлаж ойлгоод байгаа юм. Мөн 100 сая төгрөг банкнаас зээлээд очсон хэнбугай ч Монгол Улсын хоёр дахь том улс төрийн хүчний босгоор торох зүйлгүй давж чадах нь ээ гэж дүгнэж сууна. Энэ бол эмгэнэл шүү. Аргаа барсан, арай ядмаг босго гэж санагдах юм. Нөгөөтэйгүүр, том намын дарга гэдэг үүднээсээ залуу үеийгээ дэмжих ёстой юу гэвэл тийм.

Үнэхээр л энэ төрд юм хийж чадна гэж бодсон, тийм хэмжээний ёсзүйтэй, мэдлэгтэй шилдэг залуучуудаас ядахдаа 10-д нь боломж олгож, тойрог үнэгүй өгөх зарчмаар өрсөлдөөнд оруулж ирвэл намынх нь боловсон хүчин ч тэр хэрээр чадваржиж, туршлагатай болох билээ. Ялах, ялагдах нь хамаагүй. Гагцхүү тэд дараа, дараагийн сонгуульд илүү туршлага сууна. Мөн өрсөлдөөнд ялж, ялагдаж сурна. Улс төрийн наад захын алдаа, оноонд суралцах бус уу. АН-ынхан 1992 оноос хойш төр барилцаж, эрх барьж, сөрөг хүчин болж явахдаа дандаа л боловсон хүчний чадавх, мэдлэгтэй залуусын хомсдолтой хэмээн шүүмжлүүлж ирсэн.

Үүнийг өөрчлөхийн тулд өнгөрсөн дөрвөн жилд “Шинэ давалгаа” залуус гэх мэт олон аян зохион байгуулж, намдаа эрс шинэчлэл хийсэнсэн. Гэвч энэ шинэчлэлийг бодит болгож, үнэхээр л намдаа өөрчлөлт хийхийг хүсч л байгаа бол залуу үеэ мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамаарч дэмжих л ёстойсон. Эрх барьж буй МАН-ын ганц авууштай тал нь залуусыг шат, шатандаа бэлтгэдэг. Мэдлэгтэй залуус яагаад АН-ыг биш МАН-ыг сонгодог, тийшээ элсдэг вэ гэдгийн нэг шалтгаан нь энэ билээ. Тэд залуу үеэ бэлтгэдэг, боловсон хүчний чадавхдаа ямагт анхаарч ирсэн.

Тиймдээ ч Ардын намынхан эрх барьж байх хугацаандаа боловсон хүчний хомсдолд орохгүй, энэ асуудалд толгой өвдөхгүй явж ирлээ. Өнөөдөр дэгсдүүлж хэлбэл залуу үеийн лидерүүдээр хахаж байгаа гэвэл магтсан болохгүй биз ээ. АН-ынхан харин хуц ухна тавьсан аятай хэдхэн хүндээ 100 сая төгрөгөөр “барьцаалагдаж”, боломж олгосоор байгаад өнөөдөр ямар байдалтай сууна вэ. Лидерийн хомсдолд орчихлоо. Зөвхөн мөнгөтэй л бол тойрог авчихна гэсэн хүнийрхүү сэтгэлтэй олон мундаг залуус нь өдөлж өндийчихөөд намынхаа өр рүү нь өшиглөөд явж одлоо. Өнөөдөр ч өшиглөхөд бэлэн сууж байгаа нь дэндүү олон бий.

Нам гэдэг хувь хүний сонголтын асуудал ч гэлээ ялах, ялагдах үед ч тугаа бариад зогсож байх тийм л сэтгэл байх ёстой биз дээ. Ардчилсан намд залуу үеийнхэндээ үлгэрлэх, Монголын залуус даган дуурайж, хэлсэн үгийг нь сонсох чадалтай, мундаг залуус алга болж байгаа. Цөөн хэдхэн залуус нь тодрох гэж хичээж байгаа ч фракцийн зөрчлөөсөө болж нухчин дардаг, эс бөгөөс дэнчингийн мөнгөгүй, 100 найзгүй гэдэг шалтгаанаар намаасаа шахагдаж, хөөгдөөд байвал ирэх жилүүдэд энэ намд тогтож үлдэх хүн олдох уу.

Уг нь шилдэгүүдийг гаргаж ирээд хамтдаа мөнгө босгож, намаа хүчирхэг болгож болно оо доо. Гэтэл мөнгөтэй атлаа чадваргүй нэгнийг гаргаж ирээд хүчээр ард түмэнд тулгаад байгаа учраас олонхийн суудал тэр бүр авч чадахгүй, болсон ч нөгөө мөнгөний хүмүүс нь намаа хэд хувааж самарсаар энэ хүрсэн гашуун түүхээ мартмааргүй байх юм. Улс төрийн хоёр дахь том хүчин хэвээр үлдэх үү гэдгээ бодох л ёстой юм. Улс төрийн нам гэдэг сайн менежерийн нуруун дээр тогтдог. Аливаад уян хатан хандаж, асуудалд муйхраар зүтгэх гэхээс илүү эвийг эрхэмлэдэг байх ёстойг өмнөх дарга нар нь харуулсан билээ.

Харин С.Эрдэнэ даргад энэ чанар дутагдаж буйг олон ч хэвлэл шүүмжилдэг. Хэдийгээр намаа энэ хэмжээнд өргөж, шинэчлэл, өөрчлөлтийг тууштай хийсэн ч заримдаа буулт хийх, бусдын үгийг сонсох чухал байдаг гэдгийг улс төрийн энэ хэмжээний туршлагатай танд зөвлөх нь илүүц байлгүй дээ. Тиймээс том намын дарга шиг том дуугараач, С.Эрдэнэ дарга аа. 100 найзаасаа мөнгө зээлчихээд төрд орж ирсэн нэг нөхөр эргээд л 100 найзынхаа өрийг дарах гэж, тэдний эрх ашигт үйлчлэх замаар төрийн мөнгөнд хүнийрхүү сэтгэлээр ханддаг буруу жишгийг бид хэрхэвч тог­тоож болохгүй биз дээ. Ийм замаар яваад бид юу хожсон юм. Тиймээс намын дарга шиг ийм асуудалд зангарагтай, зар­чим­тай ханд гэж зөвлөе.Тоож унших эсэх нь таны мэдэх хэрэг.