ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Сайханбилэгийн “залууст” 25 тэрбумыг өгөх эсэхээс шалтгаалж, Байгалийн түүхийн музей баригдах эсэх нь шийдэгдэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-09

Одоогоос 64 жилийн өмнө буюу 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай байгуулагдсан Байгалийн түүхийн музей өнгөрөгч бямба гарагт “сүүлчийн амьсгал”-аа татав. Нүдэнд үргэлж танил болсон, цагтаа улсын нийслэлд өөрийн гэсэн өнгө төрхөө нэмэрлэн чимж байсан “өвгөн” барилгын нүүрэн хэсэг нь хамгийн сүүлд нурж унахыг харах хэн бүхэнд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй нь лавтай. Тэр тусмаа энэ барилгатай ажил амьдралаа холбож явсан олон ч хүн харамссан сэтгэгдлээ нүүр номонд хуваалцжээ.

Гэлээ гэхдээ л музейн зориулалтаар баригдаагүй, хөгцөрчихсөн, ашиглалтын хугацаа нь зургаан жилийн өмнө буюу 2013 онд дуусаж, үндсэндээ балгас болчихоод байсан учраас нураахаас өөр арга байгаагүй. Сэргээн засварлах боломжтой гэсэн улс төр хэсэгтээ явсан ч олон ч байгууллага болон мэргэжилтнүүд “нурах эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гаргаж, 2013 оноос хойш олон нийтэд үйлчлэхгүй бүрэн хаагдаад байв.

Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхий сайд гаргасан шийдвэрээсээ ухрахаас татгалзаж, Байгалийн түүхийн музейг шинээр барина гэсэн шийдвэртээ бат зогсохоор шийдэв бололтой. Бямба гарагт хамгийн сүүлчийн нь бүрэн нураасан учраас мянга түм эсэргүүцэж, жагсаал цуглаан хийгээд ч нэмэргүй болов.

Тиймээс ирэх жилүүдэд харин Байгалийн түүхийн музей илүү хурдан баригдаж, орон сууцны подвал хэсэгт зайрмагны хөлдөөгчид хэвтэж буй музейн түүхэн үнэт олдвор, эд өлгийн зүйл орох оронтой болоосой хэмээн залбирах л үлдэж байна. Ингэхийн тулд маш хурдан барилгын ажлаа эхлүүлж, 2020 оны төсөвт суусан 370 гаруй тэрбум төгрөгийг бодит ажил болгохоос өөр зам үлдсэнгүй. Гэвч өчигдөр Э.Одбаяр, сэтгүүлч У.Оргилмаа нар твиттер хуудсандаа “Шинээр барина гэх Байгалийн түүхийн музейн газар нь “Шинэхэн групп” ХХК-ийн нэр дээр байдаг хорвоо юм аа. Хуучин БТМузейгээ нураагаад газрыг нь дээрэмдчихсэн. 

Үлэг гүрвэлийн музейн барилгыг ЗХХолбоо авчихсан. Ингээд Байгалийн түүхийн музей гудамжинд гарчихлаа” хэмээн жиргэжээ. Үнэхээр ч өнгөрөгч тавдугаар сарын 1-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан бөгөөд газрын асуудлыг зохицуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл өдгөө нураачихсан, маргааш барилгын ажлаа эхлэх гэж буй энэхүү газар нь шүүхийн маргаантай гэдэг нь нийтэд ил болов. Иргэн Э.Одбаяр, сэтгүүлч, нийтлэлч У.Оргилмаа жиргэсэн мэдээллийн дагуу бид “Шинэхэн групп” ХХК-ийн талаар мэдээлэл хайж үзлээ. Улсын бүртгэл болон АТГ-ын нэвтрүүлсэн http://www.opendatalab.mn сайтаас хайлт хийж үзэхэд тус компанийн захирлаар Д.Очирхуяг гэгч ажилладаг бөгөөд компани 2015 онд байгуулжээ.

Компаний хувь эзэмшигчээр Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, Ч.Сайханбилэгийн хуурай дүү гэх А.Мөнхбат, “Барс” группын тэргүүн, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан  Ч.Амарбаатар, 2010 оны үед Харилцаа холбооны зохицуулах газрын Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн туслах байсан гэх Ж.Сансар нарын нэр байв. Ж.Сансар гэгч нь 2019 оны тавдугаар сард olloo.mn, public.mn, sharmedee.mn гэсэн хэд хэдэн сайтад ярилцлага өгч байсан бөгөөд төрөөс гаргуулсан мөнгөө буцааж авах юм бол газрыг нь буцааж өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байдаг.

Учир нь 2015 онд байгуулагдсан “Шинэхэн” групп нь Японы таван одтой “OKURA” зочид буудлыг АСЕМ-аас өмнө Монголд барихаар шийджээ. Ингээд гадны хөрөнгө оруулалттай учраас Гадаад харилцааны яаманд дэмжлэг хүссэн албан бичгийг хүргүүлсэн гэдэг. Гадаад харилцааны яамнаас хариу бичиг ирүүлэхдээ “Танайх зочид буудлаас гадна хурлын заал барьж чадах уу” гэж асуужээ. Ж.Сансарын хэлж буйгаар ийм албан бичиг ирүүлсэн он сар нь 2014 оны арванхоёрдугаар сар. Гэтэл “Шинэхэн” групп үүсгэн байгуулагдсан оныг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж бичжээ.

 Эндээс харвал зочид буудлын бизнес нь хурлын заал болж томорсон учраас шинээр компани байгуулсан уу, эсвэл Их тэнгэрт газар авах гэж байгуулагдсан уу гэдэг нь маапаантай болж байгаа биз. Цаашлаад Ж.Сансарын хэлж буйгаар зочид буудлаа хотын төвд барихаар ярилцаж байсан ч Гадаад харилцааны яамнаас л хурлын заалыг Их тэнгэрийн аманд бариулна гэсэн учраас Япончуудад хэлж ойлгуулж, зөвшөөрөл авснаар Их тэнгэрийн аманд хурлын заалтай хамт барина гэж зөвшөөрсөн хэмээв.

Ингээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Япон яваад ирэхдээ дэмжихээр ярилцаж, АСЕМ-д зориулсан нэгэн том бүтээн байгуулалт Их тэнгэрийн аманд Гадаад харилцааны яамны дэмжлэг /тухайн үед сайдаар нь Д.Цогтбаатар ажиллаж байсан/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын олгосон газрын зөвшөөрлөөр баригдах суурь тавигджээ. Бүр Засгийн газрын хуралдаанаар асуудал орж, Их тэнгэрт бариулахаар дэмжиж байх үед Шадар сайдаар нь өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байсан гэж Ж.Сансар өөрөө хэлжээ.

Ингээд тус компани барилгаа ч барьж чадахгүй болж, төр эргэсэн учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудал яригдсан байгаа юм. Амралт зугаалгын зориулалтаар Их тэнгэрт газар олгосон гэх Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдээллийн дараа асуудал шүүхийн хаалга татсан бөгөөд “Зардалд гаргасан 25 тэрбумыг буцааж өг” хэмээн шүүхдэлцжээ. 2016 онд мөн л Хуульзүйн сайд Ц.Нямдорж тэднийг шүүхэд өгч байсан аж. 

Шүүхийн маргаан өнөө хэр эцэслээгүй бөгөөд хамгийн сүүлд “Шинэхэн” группын нэхэмжлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад холбогдох шүүх хурлыг аравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулснаас өөр мэдээлэл алга. Хэрвээ Засгийн газар музейгээ барина гэвэл “Шинэхэн” группээс газраа хууль ёсоор буцааж авах болно. Ингэхийн тулд  25 тэрбумын хохирлыг нь барагдуулахаас өөр аргагүй болно. Эсвэл тус компанид тусгай зөвшөөрлийг нь өгөх ёстой болно. Угтаа, Ч.Сайханбилэгийн үед мандан бадарч явсан залууст 25 тэрбумыг өгөх эсэхээс хамаарч, Монгол Улс Байгалийн түүхийн музейтэй болох уу, эс болох уу гэдэг нь шийдэгдэх нь ээ.