ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТБХ: Нийгмийн даатгалын шимтгэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

Б.ГАНЗОРИГ
2019-12-10

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах ёстой гэсэн саналыг хэлсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоригийн үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй өртэй байгаа ААН-үүд маш олон байна. Буруу бодлогынхоо алдааг ард түмний нуруунд үүрүүлэх ёсгүй. Хоригийг хүлээж авах нь зүйтэй. Төсвийг түүхэндээ  хамгийн их алдагдалтай байхаар баталсан. МАН сонгуульд өр тавихгүй гэж гарч ирсэн хэдий ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд 9 их наядын өр үйлдвэрлэлээ. АН-ын өмнөх алдааг давтаад байна. Тиймээн ШИНЭ нам төсвийн алдаа гажуудлыг засах нь зүйтэй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэв. Харин сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдлыг ДНБ-ний 16.5 хувьд хүргэж байсан Ж.Батзандан төсвийн алдагдлыг шүүмжилж байна. төсөв батлах үед орж ирж байсан алдагдлуудыг нэмээд есөн их наядын алдагдалтай төсөв баталсан гэж ярьж байна. 2018 онд төсвийн алдагдлыг 2.2 ихнаяд төгрөгөөр баталсан хэдий ч гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Есөн  их наядын алдагдалтай төсөв баталсан гэж байна. Тоон дээр тоглож худлаа ярих хэрэггүй. Төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас ихгүй гэж заасан байдаг. Хуулиа сайн унших хэрэгтэй. Нийгмийн даатгалын хоёр хувь бол 2023 оноос хэрэгжиж эхлэх тоо. Он оноор нь заагаад өгчихсөн. Хуульд байгаа заалтыг мушгин тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгч болохгүй. Татвар нэмсэн юм ширхэг ч байхгүй” гэлээ. Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа МУ-ын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан дөрвөн асуудлаар тус бүр санал хураалт явуулахад  гурвыг нь хүлээж авахгүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх асуудалд тавьсан хоригийг хүлээж авахаар боллоо. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлд тавьсан хоригыг 60 хувиар дэмжив.